Үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, иргэд, олон нийтийг хөрөнгийн зах зээлийн мэдээллээр хангах, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх зорилгоор зохион байгуулж буй “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээ өнөөдөр болж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй банкны салбарын реформ, төрийн өмчит компанийн хувьчлал, “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг өргөжүүлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ анх удаа 10 их наяд төгрөгийг давж, түүхэн дээд хэмжээнд хүрснийг онцлох нь зүйтэй байна.
Зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 10.29 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны ДНБ-ий 19.5 хувьтай тэнцэж байна. Харин хувьцааны арилжаа энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 467.02 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.1 дахин өсчээ.
Өмнө нь дотоодын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа, компанийн өрийн хэрэгсэл, ЗГҮЦ гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн л арилжаалдаг байсан бол өнөөдөр 70 гаруй шинэ бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байгаа нь энэ зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын үр дүнгийн илрэл юм.
Цаашид ч Санхүүгийн зохицуулах хороо бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүдийн дотоод, гадаадын бирж дээр давхар бүртгэл хийх, хадгаламжийн бичиг гаргах зэрэг үйл ажиллагааг дэмжих чиглэлээр бодлого зохицуулалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2026 онд 30 их наяд төгрөгт хүргэх зорилт тавин ажиллаж байгааг дуулгахад таатай байна” хэмээн онцолсон юм.
Нээлттэй өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ТӨХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, үнэт цаасны болон хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд оролцож үнэт цаасны зах зээл, арилжааны практикийн талаар сургалт явуулахын зэрэгцээ үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлтэд хариулт өгч байна. Мөн хувьцаат компаниудын талаар болон ногдол ашгийн мэдээлэл, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгч, төлбөр тооцооны данс нээх, Эрдэнэставан толгойн цэнхэр тасалбар, хувьцаатай эсэхийг шалгаж өгөх үйлчилгээг үзүүлэх юм.
Нийт сэтгэгдэл 0