Эрчим хүчний яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, "Тавантолгой түлш" ХХК-ийн хамтарсан судалгааны баг хагас коксжсон түлшийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, судалгаа туршилтын ажлыг дууссан аж. Энэ ажлын хүрээнд "Тавантолгой түлш" ХХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат ийн ярилаа.
-Хагас коксжсон түлшийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, туршилт судалгааны ажлыг өнгөрсөн хавраас намар хүртэл хийгээд дууслаа. Гол үр дүн нь түүхий нүүрс түлж байхад утаа 40-өөс дээш хувийн бохирдолтой байсан. Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр энэ агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан. Цаашдаа зайлшгүй хагас коксжсон түлш рүү шилжих шаардлага үүсээд байна. Хагас коксжсон нүүрсний дэгдэмхий хий 10 хувь руу ордог. Бид 20 хувийг 10 хувь болгосноор энэ хэмжээгээр утаа буурна гэдгийг судалгаагаар нотолсон. Бид дотоодын бүх итгэмжлэгдсэн лабораториудаар туршилтыг хийж, үр дүнгээр нотолсон. Энэ жил нийслэлээс бонд гаргаж, Хятадаас хагас коксжсон нүүрс оруулж ирж шахмал түлш үйлдвэрлэнэ гэдэг Эрчим хүчний сайдын шийдвэр байгаа. Өнөөдрийн байдлаар хараахан шийдвэр нь гараагүй байх шиг байна. Хэрвээ хагас коксжсон нүүрс оруулж ирвэл манай компани үйлдвэрлэх бүрэн боломжтой. Ер нь анхнаасаа хагас коксжсон нүүрсийг боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай байсан уу гэвэл, байсан. Гэхдээ оройтоогүй.