Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК-иас (УБЦТС ХК) нийслэлийн олон мянган айл өрхийн цахилгааныг “мэдэгдэхгүйгээр” гэнэт салгаж зарим нь бүтэн 24 цагийн турш тоггүй хохирч байгаа талаар иргэдээс мэдээлэл ирсээр байна. Мөн 7004-7004 утсаа огт авахгүй бүтэн өдөржин, 24 цаг болсон ч тохиолдол байна.
Гэтэл тус компанийн зүгээс “25-ны дотор цахилгаан хэрэглэснийхээ төлбөрийг төлөөгүй бол тогийг нь тасласан. Өмнө нь бүртгэлтэй дугаар руу мессежээр мэдэгдсэн” гэж тайлбарлах аядав.
Хэрэв зурвас унших боломжгүй иргэд, бусад эрсдэлт нөхцөл байдал бий болсон бол яах вэ. Тухайн тогоо таслуулсан айл өрхөд өндөр настай, насанд хүрээгүй хүүхдүүд, богино хугацаанд муудах хүнсний бүтээгдэхүүн, өмч хөрөнгийн эрсдэл гарч байгаа бол хэн хариуцлага хүлээх вэ.
Зурвас ирүүлдэг дугаарууд нь спам буюу хуурамч дугаар мэт албан бус 91720670, 91705857 зэрэг дугаараас ирдэг аж. Үүнийг иргэд тусгай дугаар биш учраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас ирсэн зурвас гэж хардаггүй байна. Сурталчилгааны өнгө аястай мөн үл таних дугаар болохоор зурвасыг нь ихэнхдээ уншдаггүй талаар иргэд хэлж байв.
Хэрэглэгчдийн зүгээс “Уг нь 30-ны дотор цахилгаанаа хэрэглэсэн төлбөрөө төлчихдөг байсан. Гэтэл 26-нд юу ч мэдэгдэхгүйгээр таслаад хаячихлаа. 7004-7004 дугаар руу нь өчнөөн залгалаа. “Оператор завгүй байна” гээд авахгүй. Таван цагаас дээш залгаад холбогдож чадсангүй. Ийм хариуцлагагүй газар энэ олон мянган айл өрхөд яаж ингэж муухай үйлчилж чадаж байна аа. Айлууд цахилгааны гэмтэл гарч яаралтай шийдүүлэх ч боломжгүйгээр иргэдийг хохироож байна. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн буруугаас болж учирсан хохирлыг бид одоо яах ёстой вэ.
Төлбөр нь хэтэрсэн айлуудыг бол шууд таслахгүйгээр алданги тооцоод шүүхээр хүртэл шийдвэрлүүлэх боломж тэдэнд бий.
Айл өрхүүдийн тогийг төлөвлөгөөт засвар үйлчилгээний үед л урьдчилан мэдэгдэж тасладаг болохоос шууд тасладаггүй биз дээ. Хэрэв тог тасаллаа гэхэд хэрэглэгч талаас алдаа дутагдлаа арилгахад цахилгаан нийлүүлэгч тал маш хурдтайгаар тогийг нь нийлүүлэх, хэвийн горимд оруулах үүрэгтэй” гэж байв.
Эрчим хүчний тухай хуульд нь ч тодорхой заасан байдаг. Тухайлбал, уг хуулийн 29.1.5-д тог нийлүүлэгчийн үүргийн талаар ”Эрчим хүчийг тасласан шалтгаан арилсан даруй эрчим хүчний хангамжийг сэргээх” гэж заажээ. Хэрэв хэрэглэгч талын буруугаас болж тогийг нь таслаад тухайн хэрэглэгч учирсан асуудлаа шийдвэрлэсэн бол цахилгааныг нь даруй хэвийн горимд шилжүүлэх үүрэг нь УБЦТС ХК-д бий.
Нөгөөтэйгүүр эрчим хүч нийлүүлэгч тус байгууллага хууль болон гэрээ, холбогдох журмын дагуу доголдолгүй үйлчилгээ үзүүлэх үндсэн үүрэгтэй. Харамсалтай нь хэрэглэгчид нь төлбөр төлж үйлчлүүлж байгаагийнхаа эрхийн хүрээнд яаралтай үед дуудлага хийх гэсэн боловч дээр дурьдсан 7004-7004 утас нь дуудлага авах боломжгүйгээр хэрэглэгчдээ бухимдуулж, үйлчилгээндээ доголдол учруулж их, бага хохирлыг бий болгожээ.
Та бүхэн мэдээллийн эхэнд буй зургийг харж байна. Хэрэглэгч Х өмнөх өдрийнх нь (2023.11.27-ны) 16:26 цагаас эхэлж 7004-7004 утас руу цахилгааны асуудалтай холбоотой дуудлага өгөхөөр залгасан боловч холбогдож чадалгүй өнөөдөртэй золгожээ.
Олон нийтийн сүлжээнд “Дуудлагын утсаа авдаггүй, хэрэглэгчдээ боддоггүй, хариуцлагагүй, айл өрхүүдийг бухимдуулж туйлдуулдаг, шударга бус компани” зэргээр иргэдийн бухимдлыг маш их тээсэн төрийн өмчит УБЦТС ХК гарсан асуудалд тодорхой тайлбаргүй л сууцгаана.
Үүнээс гадна хэрэглэгч гэрээгээ шинэчлэх, хэрэглэгчийн хувь гэж үгүй. Мөн есдүгээр сард хэрэглэгчдийн төлбөр хэрэглээнээсээ хоёр дахин өндөр гарсанд ихээхэн бухимдаж байв. Гэтэл төлбөр ийн өндөр гарсныг “ухаалаг тоолуур”-аар сольсонтой холбоотой гэлээ.
Уг нь хэрэглэгчид ямар үзүүлэлтэй, хэдий хэмжээний өртөгтэй төхөөрөмж тавих талаар урьдчилан мэдэгдэх үүрэг нь цахилгаан нийлүүлэгч талд бий. Гэвч тийм мэдээлэл ирээгүйг хэрэглэгчид нь хэлэх.
Төрийн байгууллагын хүнд суртал, хэрэглэгчиддээ сэтгэл ханамжтай үйлчлэх асуудал цаг ямагт л дутагдаж байна. Нийслэлийн эрчим хүч хэрэглэгчдэд учирч буй сэтгэл санаа, эд хөрөнгийн их бага хэмжээний хохирлыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК хариуцах уу. Эсвэл үйлчилгээний доголдлоо нүдэн балай харж монофольдсоор байх уу!!!
Нийт сэтгэгдэл 2
Зочин 7 сар
маш зөв асуудал хөндсөн байна
Зочин 7 сар
Энэ үнэ шүү маш их хохирч байгаа