Сэтгүүлч Н.Уранхолбоо
Манай өмнөд хөрш БНХАУ-д үл хөдлөх хөрөнгө, орон сууцны салбар уналтад ороод байна. Мөн түүнчлэн иргэдийнхээ буюу 1,4 тэрбум хүн амаасаа ч илүү тоотой байр байгаа аж. Өнгөрсөн сарын байдлаар гэхэд тус улсад дунджаар 90м2 талбайтай долоон сая гаруй байшинтай дүйхүйц орон сууц зарагдаагүй байгааг Статистикийн хорооноос нь онцолжээ.
Өнгөрсөн 2019 онд гэхэд Хятадад 65 сая орчим хүн амьдардаггүй байр бий талаар “Southwestern” их сургуулийн профессор Ган Ли хэлж байлаа.
Өмнөд хөршийн үл хөдлөх хөрөнгийн алтан үе 2019 оноос дуусаж буй тухай мэргэжилтнүүд хэлсээр ирсэн. Нөгөөтэйгүүр 2021 оноос барилгын аварга бүтээн байгуулагчдын нэг "China Evergrande" зэрэг группууд өрөө төлж дийлэхгүй болсон байна. Орон сууц хэдийгээр их хэмжээгээр баригдсан ч худалдан авалт маш муу байгаа учраас үл хөдлөхийн салбар ийнхүү уналтад ороод буй юм. Ялангуяа залуу гэр бүлүүдийн хувьд 85 хувь нь "Орон сууц худалдан авах чадваргүй" гэсэн тооцоог БНХАУ-ын Нийгмийн академи гаргасан байдаг.
Энэ мэт үзүүлэлтүүд нь орон сууцны эрэлтийг бууруулж нөгөө талд үнэ буурсан хэдий ч томоохон дөрвөн хотод м2-ын үнэ 10 гаруй хувийн өсөлттэй байгаа юм. Өнгөрсөн 2019 онд гэхэд Хятадын 24 хотод орон сууцны үнэ 44 хувиар буурч байсан ч Шэньжэне, Шанхай, Гуанжоу, Бээжинд 12 хувийн өсөлттэй гарсан байна.
Эдгээр нөхцөл байдлуудаас болж олон сая байр амьдрах эзэнгүйтэж "амьгүй барилга" болж хувираад буйд салбарын мэргэжилтнүүд "маш том эрсдэл, эдийн засгийн сөрөг байдал" гэж дүгнэжээ.
Үл хөдлөх ялангуяа орон сууцны зах зээлийн эрэлт ойрын хэдэн жил ч үргэлжилж болох талаар Статистикийн хорооны судлаачид анхааруулав.
Нийт сэтгэгдэл 0