Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
"Эрдэнэс таван толгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг АТГ-аас өнөөдөр үүрээр цагдан хорисон талаар эх сурвалжууд мэдээллээ. Түүний хувьд одоогоор өнгөрсөн аравдугаар сарын 26-нд Засгийн газраас томилсон БЭТ Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ганбатад тамга тэмдгээ шилжүүлээд байгаа.
Учир нь Засгийн газраас нүүрсний хулгай, валютын нөөц бүрдүүлэлт, их хэмжээний үнийн дүн бүхий тодорхой бус гэрээ зэргээс үүдэж тус компанид хойшлуулшгүй онцгой дэглэм тогтоож сар гаруйн хугацаа өнгөрөөд байна.
"Нүүрсний бүлэглэл"-ийн гол зохион байгуулагч албан тушаалтнуудын нэг байж болзошгүй талаар олон нийтийн дунд хардалт өрнөөд буй. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Б.Ганхуягийг хурдан зайлуул" гэж гурвантаа хэлсэн нь "Эрдэнэс таван толгой" ХК-д онцгой дэглэм тогтоох гол "учиг" болсон аж. Ерөнхий сайдын нэг мэдэгдэлд "Нүүрсний уурхайн амнаас 60-70 ам.доллараар ачигдаад хил даваад 120-180 ам.доллараар зарж дунд нь тонн тутмаас 60-70 ам.доллар завшиж байсан бүлэглэлийг илрүүлсэн" тухай байв.
Мөн Б.Ганхуягийн хувьд тус компанид Монголын оюутны холбооны угшилтай мэргэжлийн бус хүмүүсээр тойрон хүрээлүүлсэн, олон жил ажилласан мэргэжлийн инженер зэрэг хүмүүсээ шахан гаргасан, улстөрчид, хууль, хүчний байгууллагуудын удирдлагыг шан харамж өгч "амыг нь тагласан" талаар ч мэдээллүүд өрнөөд байгаа.
Энэ мэт олон асуудал бий болохоор түүнийг цагдан хорьж, хэргийг лавшруулан шалгах нэг үндэслэл болсныг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр сүүлийн хэд хоног өрнөөд буй иргэдийн жагсаал, Засгийн газар, эрх баригчдын оршин тогтнох эсэхтэй холбоотой ноцтой хариу үйлдэл учраас МАН-ын дарга "лүндэн" буулгасан нь гарцаагүй.
Нийт сэтгэгдэл 0