богино мэдээ New

Ч.Ганхуяг: "НДС-ийн 600 гаруй тэрбум төгрөг сул хэвтэж байна"

Мөн "төр байж болох хамгийн муу менежер" гэдгийг ч тэрбээр онцлоод авав. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

      Монголын томоохон бизнесменүүдийн нэг "Ард" санхүүгийн группын үүсгэн байгуулагч Чулууны Ганхуяг Нийгмийн даатгалын сан /НДС/ -ийн талаар болон төр мөнгөө буруу эргэлдүүлж байгааг шүүмжилжээ. Мөн "төр байж болох хамгийн муу менежер" гэдгийг ч тэрбээр онцлоод авав. 

Түүний өөрийн нийгмийн сүлжээнд бичсэн байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг зөвхөн арилжааны банкуудад байршуулдаг байснаа, зарим банкууд нь дампуураад асуудал дагуулаад ирэхээр зөвхөн төрийн санд байршуулдаг болсон гэнэ. Одоогийн үлдэгдэл болох 600 гаруй тэрбум төгрөг сул хэвтэж байгаа гэсэн үг. 


Төр бол байж болох хамгийн муу менежер гэдэг үг санаанд оров. 


Хамгийн эхэнд банкны муугаас болоод тэр өмнөх мөнгө асуудалд оров уу, эсвэл тэр жижиг банкуудад мөнгөө байршуулах шийдвэр гаргасан этгээдийн ашиг сонирхлын асуудал байв уу гэдгээ нэг тийш нь болгочихмоор байгаа юм. НДС-ийн мөнгийг яагаад хамгийн жижигхэн эргэлзээтэй банкуудаар эргэлдүүлээд байдаг юм бэ гэж асуух нь зүй ёсны хэрэг.

Ер нь банкны хадгаламжинд хийж, нэг жилийн дараа хүүтэй нь авах эрсдэлгүй юм шүү гэдэг гэнэн бодлоосоо ч нэгмөр салах болсон гэж боддог. Ийм их хэмжээний мөнгийг банкинд нэг жилээр байршуулчихаад эргүүлэн аваад дараачийнхад нь шахдаг нь өөрөө санхүүгийн хувьд туйлын болчимгүй, буруу үйлдэл юм. Банкууд мөнгө хүүлдэг, банкууд ёстой муухай гэчихээд ингээд байдгийг нь би бол ер ойлгодоггүй. Дээрээс нь хадгаламжийн даатгалын сан, даатгалын компаниудын хөрөнгө, мөнгийг нэмбэл улсын хөгжлийн жинхэнэ хурдасгуур энд байгаа юм биш үү гэж би харсаар ирсэн. 

Тэгвэл шийдэл нь юу байж болох вэ? Минийхээр бол НДС-ийн сул чөлөөт хөрөнгийг, мөнгөн урсгалын төлөвлөгөөнийх нь дагуу, эрсдлийн удирдлагын зарчмаар тодорхой хэсгийг төрийн санд, тодорхой хэсгийг нь хэдэн банкууддаа хуваан байршуулж, үлдсэн хувийг нь дотоод гадаадын хөрөнгийн зах дээр ажилладаг хөрөнгийн удирдлагын компаниудаар, нээлттэй шалгаруулалтын үндсэн дээр удирдуулах нь хамгийн зөв шийдэл болно.

Монгол Улс өнөөдөр гадаад, дотоодын зах зээл дээрээс мөнгө зээл босгож, төсөв, хөрөнгө оруулалтын санхүүжилтээ хийсээр ирсэн. Манай гадаад өрийн хэмжээ ч зохистой хэмжээнээсээ хэтрээд яваа гээд дээр дооргүй шуугисаар олон жилийн нүүрийг үзэж байна. Яагаад гаднаас зээлж болдог юм байж, дотоодын энэ эх үүсвэрээ ингээд хав дарчихаад суугаад байдаг юм бэ?

Миний бодлоор энэ сангийн хөрөнгө дотоодын хөрөнгийн зах дээр эргэлдсэнээр сангийн ашиг өгөөж нь нэмэгдэж, дотоодын зах зээлийн оролцогчдын хүчин чадал нэмэгдэж, хөрөнгийн захын зуучлалын цар хүрээ тэлж, дотоодын үйлдвэрлэл тулхтай хөгжих үндэс суурь бүрэлдэх юм. Хөрөнгийн зах зээл ингэж байж л утгаараа хөгжлийн хурдасгуур болох юм. 

Төрд ийм хэмжээний менежмент хийх чадвар байхгүй гэдгээр халхалж, асуудлаас зугтсаар ирснийг одоо зогсоох цаг болсон. Монголд гадаад дотоодын мэдлэг, туршлага хуримтлуулсан хангалттай мэргэжлийн хүчин чадал бүрэлдээд бий болсон байгаа.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 1