Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр /2022.07.28/ Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тэрбээр аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон холбогдох хүмүүсийн хамт Бураатын давааны авто замын нөхцөл байдал, шинээр ашиглалтад орсон Шар нуурын авто замын хяналтын цэг, Өлгий нисэх буудал, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Өлгий хотыг тойрон өнгөрөх авто зам болон гүүрний ажил зэрэг төслүүдийн бүтээн байгуулалт, гүйцэтгэлтэй танилцаж, зарим үүрэг чиглэлийг өглөө.
Бураатын даваанаас Шар нуурын авто замын хяналтын цэг хүртэлх хатуу хучилттай авто замын чанарт онцгойлон анхаарч, үүссэн эвдрэлийг шуурхай засварлахыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов.
Өлгий хотыг тойрон өнгөрөх 18.8 км авто замын ажлын гүйцэтгэгч “Эйч Кэ Би Интернейшнл Холдинг” ХХК болон “Хотгор Зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд гурван төрлийн багц гэрээгээр гүйцэтгэж байгаа. Сайд Л.Халтар тус компанийн удирдлага, ажилчдад авто зам болон гүүрний барилгын ажлыг шуурхайлан дуусгахыг үүрэг болгов. Тус авто зам нь Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн корридор 4“а” чиглэлийн нэг хэсэг гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Зам, Тээврийн хөгжлийн яам