Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Сүүлийн үед хөгжиж буй орнуудын эдийн засаг хүндрэх, улс орны төв банкууд инфляцийн төсөөллөө нэмэх хандлага ажиглагдаж буй. Эдгээр нөхцөл байдалтай холбоотойгоор манай сайтын цувралаар хүргэж байгаа мэргэжлийн эдийн засагчдын товч байр сууринаас онцолъё.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:
-ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдал дэлхий нийтээр инфляцын энэ хүлээлтийг хоёр дахин нэмэгдүүллээ.Төсөөллөө шинэчилж байгаа төв банкууд 2-3 хувьд хүрнэ гэж байсан инфляцаа 4-5 хувьд хүргэж нэмэгдүүлж байна. Энэ нөхцөл байдал хөгжиж байгаа орнууд, тэр дундаа импортоос хамааралтай Монгол Улсыг тойрохгүй. Энэ утгаараа бид 7-8 хувьтай байхаар хүлээж байсан инфляцын төсөөллөө 13 хувь болгож нэмэгдүүлж байна. Харин 2023 оны эцэст инфляц долоон хувь руу хүрч буурна гэсэн хүлээлттэй байгаа.
Бид 2021 оны 12-р сард инфляцын төсөөллийг танилцуулахдаа 1-р улиралд инфляц 13-14 хувьд хүрч өсөх боловч оны төгсгөл рүү эргээд буурч, 7-8 хувьд хүрнэ гэж байсан. Энэхүү төсөөллийн цаана дэлхий нийтээр 7-8 хувь хүрч өсөж байгаа инфляц 2022 оны төгсгөл рүү эргээд 2-3 хувь болж буурна гэх хүлээлт байсан.