Сэтгүүлч Н.Уранхолбоо
Төв банкнаас гаргадаг глобал эдийн засагт гарч буй өөрчлөлтүүдийн тоймд макро эдийн засгийн хүрээнд нэлээд эрсдэлтэй өөрчлөлтүүд гарч болохыг анхааруулав. Тухайлбал, хүнсний нийлүүлэлт ОХУ, Украйны дайн болохоос өмнө буюу 2020 оноос хомсдож эхэлсэн байна. Ган гачиг, цаг агаарын таагүй байдал, ковид-19-ын нөхцөл байдлаас болж нийлүүлэлт хомсдоод байсан. Гэтэл үүнд ОХУ, Украйны дайны байдал бүр сөрөг үзүүлж дэлхийн 1,5 тэрбум хүн хүнсний дутагдалд орох эрсдэл бий болжээ. Уг хоёр улсын мөргөлдөөнөөс үүдэж дэлхийн дахин сүүлийн 10 жилд байгаагүй хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн аж. Энэ нь амжиргааны түвшнээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн өрхөд бүр ч хүндээр тусаж болохыг уг тоймд онцолжээ.
ОХУ, Украйны хувьд ургамлын тос, улаан буудай, эрдэнэ шиш зэрэг бүтээгдэхүүн тариалалт, үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг байна. Дайн нөхцөл байдал үүсснээс үүдэж энэ улсаас импорт хийдэг Ойрхи Дорнод, Зүүн Ази, Хойд Африкийн улс орнуудад энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэх эрсдэл үүсжээ.