богино мэдээ New

Татварын буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ

Энэ жилийн тухайд нийтдээ 70 орчим мянган иргэн 41 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар хүсэлтээ гаргаж, материалаа бүрдүүлж өгсөн байна..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт өчигдрөөс эхэллээ.

Энэ талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч И.Мөнхцэцэг "Энэ жилийн тухайд нийтдээ 70 орчим мянган иргэн 41 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар хүсэлтээ гаргаж, материалаа бүрдүүлж өгсөн байна.

Татварын алба иргэдээс ирсэн материалуудыг хянаж, шалгаад буцаан олголт авах иргэдийн нэрсийн жагсаалтыг Төрийн санд хүргүүлсэн. Нийслэлийн хэмжээнд нийтдээ 33 мянга гаруй иргэн буцаан олголт авах дүнтэй байна. Эдгээр иргэний нэрсийн жагсаалт, холбогдох мэдээллийг Нийслэлийн төрийн санд хүргүүлсэн. Нийслэлийн төрийн сан банкууд руу иргэдийн мэдээллийг явуулж, нэр данс нь зөрсөн эсэхийг шалгуулах ажил хийгдэж байна. Энэ ажил хийгдэж дууссаны дараа иргэдийн дансанд мөнгө нь орж эхэлнэ" гэлээ. 

Дашрамд дурьдахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлдэг.

Мөн  дээрх хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлдэг байна.

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0