Сэтгүүлч Л.Баатархүү
Төлбөрийн системийн шинэчлэлтэй зэрэгцэж технологийн өөрчлөлт, шинэчлэлүүд хийгдэж байгаа юм. Тодруулбал, төгрөгийг картыг EMV чип технологид шилжүүлсэн талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар NTV-д ярилцлага өгөх үеэрээ онцоллоо.
Түүний хэлснээр өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн EMV чип картыг банкуудаар дамжуулан иргэдэд хүргэх ажлыг эхлүүлээд байна. Одоогоос бараг 10 жилийн өмнө Монголбанкнаас иргэдэд төгрөгийн картыг санал болгож, гаргаж байсан. Энэ нь тухайн үедээ соронзон туузан технологитой байв. Уг технологи нь өнөө үед нууцлал, аюулгүй байдлын хувьд олон улсын стандартыг хангаж чадахааргүй болж байгаа учраас үүнийг шинэчлэх ажлыг 2019 оноос эхлүүлсэн юм.
EMV чиптэй болсноороо хамгийн түрүүнд нууцлал, аюулгүй байдлын хувьд дэлхийн стандартад нийцэж буй хэрэг. Хоёрдугаарт QR код зэрэг бусад төрлийн гүйлгээнүүдийг хийх, tokenization буюу гар утас, ухаалаг цагаараа төлбөр тооцоо хийх боломжийг бий болгож, дэд бүтэц, суурийг нь тавилаа. Банкны нийт гүйлгээний бараг 95 хувь нь карт, гар утас зэрэг цахимаар хийгдэж байгаа бөгөөд үлдсэн таван хувь нь л теллерээс бэлэн мөнгөөр хийгдэж байгаа статистик бий.