Сэтгүүлч Н.Уранхолбоо
Цахилгаан авто машиныг цэнэглэх техникийн боломжийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.
Тэрбээр:
- Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 1,2 сая автомашин байгаагаас Улаанбаатар хотод 662 мянга, орон нутагт 572 мянга байна. Үүнээс цахилгаан хөдөлгүүртэй 498 автомашин байгаагийн 434 нь Улаанбаатар хотод байгаа юм. Өнгөрсөн 2018 оноос хойш 7-60 кВт цагийн хүчин чадалтай нийт цахилгаан автомашин цэнэглэх найман станц ажиллаж байна.
Мөн манай улсад нэг кВт цаг эрчим хүчийг моторын багтаамжаас шалтгаалж 350-1000 төгрөгөөр борлуулдаг. Ингэж цэнэглэсэн тохиолдолд 100 км-т 5850-16000 төгрөг зарцуулдаг тооцооллыг хийжээ.“Нийт автомашины 20 хувь нь цахилгаан автомашин байхад манай улсад цэнэглэх боломжтой. Цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэх нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна эдийн засгийн хэмнэлттэй.
Түүнчлэн НҮБ-аас дэлхийн эрчим хүчний хомстол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд онцгой анхаарч буй. Америк болон Европын холбооны орнууд уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хий болон агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхээр татварын хөнгөлөлт, татаас болон бусад мөнгөн урамшууллыг олгож байна.
Норвеги улсад 2025 онд, Англи, Дани, Нидерланд, Швед, Ирланд зэрэг улсад 2030 онд, Хятад, Японд улсад 2035 онд, Франц, Испани улсад 2040 онд авто тээврийн хэрэгслийг бүрэн цахилгаан машинд шилжүүлэхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн онд 6,7 сая цахилгаан автомашин борлуулагдсан нь 2020 оны борлуулалтаас хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.
Нийт сэтгэгдэл 0