сэтгүүлч Б.Урансолонго
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Олонхийн саналаар энэ хуулийн төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” гэж үзлээ.Тодруулбал, уг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр татварын өршөөлд хамрагдах хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20-н хүртэл сунгахаар зааж өгсөн аж. Өнгөрсөн наймдугаар сард дээрх хуулийн төслийг энэ сарын 31-ны өдөр дуусгавар болгохоор тусгасан байсан юм.
Гэвч хуульд холбогдох журмыг Засгийн газар аравдугаар сарын 10-нд буюу цаг алдаж баталсан учраас хэрэгжих хугацаанд сөрөг нөлөө үзүүлжээ. Товчхондоо энэхүү хуулиар хувь хүн, хуулийн этгээд далд хөрөнгөө ил болгон тайлагнах юм. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн нөлөөгөөр 6.1 их наяад төгрөгийн хөрөнгө ил болсон аж. Тиймээс төсөвт тодотгол хийх хүрээнд төсөвт төвлөрөх хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах боломжтой гэдгийг гишүүд онцолж байлаа.