Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Монголбанкнаас "Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хэрэгжилтийн хүрээнд мэдэгдэл гаргалаа.
БАНКНЫ ХАРИЛЦАХ ДАНСАНД ХҮҮ ТООЦОХГҮЙ
"Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуул"-ийн 19.1. дэх хэсэгт “Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан тул 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй. Өөрөөр хэлбэл, банкнаас харилцагчид үзүүлж байгаа төлбөрийн үйлчилгээний гэрээ, хэлцэл нь уг хуульд нийцсэн байх шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр бус болох эрсдэлээс сэргийлэх шаардлагатай юм.
Иймд цар тахлын улмаас санхүүгийн зуучлал тасалдах, хүртээмж буурах эрсдэлээс сэргийлэх, зээлийн эх үүсвэрийн зардлыг нэмэгдүүлэхгүй байх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор батлагдсан тус хуулийн 3.1 дэх хэсэгт “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулах”-аар заасны дагуу 10.4 дэх хэсгийг хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх харилцаанд мөн адил хамруулан, харилцагчтай байгуулсан гэрээний нөхцөлд холбогдох өөрчлөлтийг оруулах ёстой гэж үзсэн.Энэхүү арга хэмжээг харилцах дансыг хугацаагүй хадгаламжид хөрвүүлэхээс зайлсхийж, банкууд харилцан ойлголцож, нэгдсэн стандарт мөрдүүлэн хэрэгжүүлнэ.
ГАДААД ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖИЙГ АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛД ХАМРУУЛАХГҮЙ
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу хууль хэрэгжих хугацаанд гадаад валютын хадгаламж нь хадгаламжийн даатгалд хамаарахгүй буюу даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөхгүй. Харин Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйл хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул гадаад валютын хадгаламж нь хадгаламжийн даатгалын хураамжаас чөлөөлөгдөхгүй.
ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД ХООРОНДЫН ГҮЙЛГЭЭГ ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР ГҮЙЦЭТГЭХ ТАЛААР
Иргэний хуулийн 217.1. дэх хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ.”, 217.2 дэх хэсэгт “Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно.”, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.”, 4.4 дэх хэсэгт “Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно” гэж тус тус заажээ.
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10.4 дэх хэсэгт заасан “Иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх” гэсэн заалт нь Иргэний хууль болон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуультай нягт уялдсан бөгөөд дээр дурдсан тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанаас бусад иргэн, хуулийн этгээдийн мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг “төгрөгөөр” гүйцэтгэх агуулгаар хэрэгжүүлнэ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдэх иргэн хуулийн этгээд хоорондын (иргэн, иргэн хооронд болон хуулийн этгээд, хуулийн этгээд хооронд мөн адил хамаарна.) бараа, ажил, үйлчилгээний үүргийн гүйцэтгэлийг “төгрөгөөр” гүйцэтгэнэ. Харин банк хуулийн хэрэгжилтийг хангахдаа харилцагчаас гүйлгээний зориулалт нь ямар зориулалттай болохыг нягтлан, харилцагчид Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил үйлчилгээний төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг мэдэгдэн, холбогдох арга хэмжээг авч ажиллах шаардлагатай юм байна.