Сэтгүүлч Л.Баатархүү
Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний зургаан сарын байдлаар 2937 иргэн Ипотекийн зээлд хамрагджээ. Нийт 210 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Үүнээс Монголбанкны санхүүжилтээр 1294 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 55 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 882 иргэнд мөн банкууд өөрийн эх үүсвэрээс 60 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 761 иргэнд тус тус олгожээ.
Дашрамд дурьдахад өнгөрсөн онд энэхүү хөтөлбөрийн зээлийн журамд нэмэлт өөрчлөлт орсон юм. Тодруулбал, Засгийн газраас банкуудад олгох орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг нэг хувь болгон бууруулж, банкууд өөрийн эх үүсвэрээс найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг Засгийн газрын олгож буй эх үүсвэрээс багагүй хэмжээгээр санхүүжүүлэх шийдвэр гаргасан байдаг. Энэ хүрээнд 2019 онд Монголбанкнаас 200-220 тэрбум, Засгийн газар болон банкуудын өөрийн эх үүсвэрээс тус бүр 115 тэрбум төгрөгийг ипотекийн найман хувийн зээлд олгосноор 2019 онд нийт 430 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор төлөвлөжээ. Улмаар 2019 онд шинээр олгох ипотекийн зээлийн хэмжээ 2018 онтой харьцуулахад 120 тэрбум төгрөг буюу 40 орчим хувиар нэмэгдэх талаар тоон мэдээлэл гарсан.
Эх сурвалж: Монголбанк