Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх, эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс сар бүр шийдлийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Энэ удаад махны экспортыг нэмэгдүүлэх арга замуудын талаар хэлэлцэхээр ХХААХҮЯ, Мал эмнэлэг, үржлийн газар, Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг (ТИКА) болон Монголын махны холбооны төлөөллийг урьжээ.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Мах, сүүний анхдугаар аян зохионо” гэж тусгасан. Энэ дагуу 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс ”Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлж байна. Аянд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар шийдвэрлэж байхыг холбогдох сайд нарт даалгасан юм.
Иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 6 сая толгой малын мах бэлтгэж гадаадад гаргах боломжтой.
Иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 6 сая толгой малын мах бэлтгэж гадаадад гаргах боломжтой. “Мах, сүүний анхдугаар аян”-аар үхрийн эрчимжсэн аж ахуй, тэжээлийн тариаланг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрийг дэмжих, экспортоо нэмэгдүүлэхийг зорьсон. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд дээрх аяны хүрээнд ямар ажлууд хийж, хэрэгжүүлсэн талаарх мэдээллийг ХХААХҮЯ-ны Хүнсний бодлогын газрын дарга М.Энх-Амар танилцуулна.
Манай улс 70 сая малтай. Иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 6 сая толгой малын мах бэлтгэж гадаадад гаргах боломжтой. Гэвч техник, тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө муу, түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоогүй, малын халдварт өвчин зэргээс шалтгаанаас мах, сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашиглаж байна. Иймд Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтэн малын халдварт өвчний дэгдэлт махны экспортод хэрхэн нөлөөлдөг, малын вакцинжуулалт, халдваргүйжүүлэлийн чиглэлд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаагаа танилцуулах юм.
Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг ХХААХҮЯ-тай хамтран буй мал нядалгааны халал стандарт нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Говь-Алтай аймагт мал нядалгааны, бага оврын, загвар үйлдвэр байгуулах, энд ажиллах ажилчдыг сургах ажлыг хэдийнэ эхлүүлсэн. Энэ төсөл хэрэгжсэнээр бид махаа халал стандартаар боловсруулан, Турк, Иран зэрэг Исламын шашинтай улсуудад экспортлох боломжтой болно. Харин Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат мах үйлдвэрлэгчдээ төлөөлөн хэлэлцүүлэгт оролцох юм.
“Махны экспортыг нэмэгдүүлэх арга замууд” хэлэлцүүлэг маргааш 11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд болно.