-Нийт уншигчдынхаа өмнөөс та бүхэнд баярлалаа-
www.tugeene.mn /редакциас/
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, зээлийн хүүгийн дарамтанд орсон улсынхаа халаасанд УИХ-ын гишүүд хувиасаа дэмжлэг үзүүлж эхэллээ. Тодруулбал, гавьяат эдийн засагч Б.Осоргарав гуай уржигдар хандивын хөдөлгөөнд уриалж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн. Гавьяат эдийн засагчийн энэхүү уриалгыг өнөөдөр УИХ-ын хоёр гишүүн дэмжив. Б.Дэлгэрсайхан хэвлэлийн хурлын үеэр 100 сая төгрөг өгөхөө дуулгав. Харин Сэлэнгэ аймгаас сонгогдсон Наваан-Юндэнгийн Оюундарь “Гэр бүлийнхэнтэйгээ ярьж байгаад хандивын мөнгөө шийднэ” гэсэн юм. Хэдхэн хормын өмнө тэрбээр 20 сая төгрөг улсын эдийн засагтаа нэмэрлэхээ мэдэгдлээ. Бусдынхаа зөв уриалгыг хамгийн түрүүнд хүлээж авч ийн хандив өргөж буй та бүхэнд нийт уншигчдынхаа өмнөөс баярлалаа.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Энэ санаачлагыг олон хүн дэмжих байх гэж найдаж байна
-Манай хэсэг бүлэг гишүүд ярьж байгаад энэ уриалгыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас, тэвдэж явахад тэвэнгээр тусла” гэж Монгол ардын зүйр үг бий. Гаднаас авсан улсын өр зээл төлөхөд УИХ-ын гишүүд гэлтгүй, бизнес эрхлэгч, ард иргэд ч гэсэн дэмжинэ байх гэж найдаж байна. Миний хувьд гэр бүлийнхэнтэйгээ зөвлөж 20 сая төгрөг хандивлахаар боллоо.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Бага ч гэсэн хувь нэмэр оруулахыг бизнес эрхлэгч, УИХ-ын гишүүддээ уриалж байна
-Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав гуайн уриалгыг дэмжиж 100 сая төгрөг хандивлаж байна. Миний бие гишүүн болохоосоо өмнө бизнес хийдэг байсан. Улс орны эдийн засаг ийм хүндхэн байгаа үед бусад хүмүүс ч гэсэн уг хөдөлгөөн, уриалгыг дэмжиж оролцохыг хүсэж байгааг минь зөвөөр ойлгоорой.