2016 оны 08 сарын 25
Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг
Улсын төсөв санхүү хүндрэлтэй байгаа энэ үед 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнд оюутны тэтгэлэг буюу 70200 төгрөгийг /70000/ зогсоох шийдвэр гарсан юм. Энэ талаар манай сайт оюутнуудаас сэтгэгдлийг нь сонслоо.
МУБИС-ийн оюутан Б.Жахлан “Би энэ хуулийг дэмжиж байгаа. Яагаад гэвэл хугацаанд нь өгдөггүй, өгөх гэж бөөн юм болдог. 70200 төгрөг буусны дараа оюутнуудын шоу цэнгээн, архидалт ихэсдэг. Тиймээс өгөхгүй байсан нь дээр. Голчоор өгдөг байсан нь зөв байсан. Миний зүгээс 70200 аваад гэртээ хоол унд мөн зарим нэг шаардлагатай номоо авдаг байлаа. Их сургуулийн ном их үнэтэй шүү дээ”.
МУБИС-ийн оюутан М.Шинэцэцэг “Би энэ тал дээр санал нийлэхгүй байгаа. Оюутан бүрт 70200 төгрөг хэрэгтэй байдаг. Амьдралын боломжгүй нэг нь энэ мөнгөө төлбөртөө шилжүүлдэг. Мөн амьдралд минь ч хэрэг болдог байсан. Өгөхөө боливол хичээл хийхэд урамгүй болох байх. 70200 бол оюутны орлогын эх үүсвэр”.
МУИС-ийн оюутан Б.Доржмаа “70200 бол оюутан бүрт маш их хэрэгтэй. Гэхдээ бид нар хэчнээн дургүй байлаа гээд шийдэгдэх асуудал биш шүү дээ. Улсын эдийн засаг хямралтай байхад оюутнууд бид бэлэн мөнгө шаардаад байх нь буруу байх. Улс төсөвгүй болчихвол эцэг эх маань цалингаа авч чадахгүйд хүрнэ. Харин автобусны картыг хэвээр байлгаж өгөхийг хүсмээр байна.
ШУТИС-ийн оюутан О.Тэлмэн “70200 хэрэггүй гэх оюутан гэж байхгүй. Голчоор өгдөг байсан болохоор оюутнууд хичээлдээ маш их мэрийдэг, хичээдэг байсан. 70200-р өөрийгөө болгодог ар гэрээсээ мөнгө авдаггүй оюутнууд маш их байдаг. Бич гэсэн тийм оюутны нэг. Төлбөрөөс гадна сургууль янз бүрийн мөнгө хурааж, ном шахдаг. Энэ маш хэцүү байдаг. Энэ жил миний сургалтын төлбөр дутаад 70200 хэрэгтэй л байна. Боломжгүй айлын хүүхдэд, сурах эрмэлзэлтэй хүүхдүүддээ өгвөл сурлагын түвшин улам нэмэгдэнэ гэж боддог.
Этүгэн дээд сургуулийн оюутан А.Мөрөн “Энэ хуулийн тухайд санал нийлэхгүй байна. Өмнө нь өгч болоод байсан байж гэнэт зогсоож байгааг сонгуультай холбон үзэж байгаа. 70200-гийн хүлээлт маш их байдаг. Хүүхдийн 20000, 70200-гаар амьдардаг айл өрх олон бий. Энэ бүгдийг зогсоож болохгүй”.
Улаанбаатар их сургуулийн оюутан Г.Жахлан “70200 хэрэггүй гэж хэлэх оюутан байхгүй шүү дээ. Надад ч мөн хэрэгтэй”.
ШУТИС-ийн оюутан Л.Сарангэрэл “Надтай нийлээд манайх гурван оюутантай. Төлбөрөө зээл авч төлдөг. 70200 буунгуут зээлээ төлдөг байсан. Өгөхөө боливол яаж төлбөрөө, зээлээ төлөхөө мэдэхгүй байна. Жилийн чөлөө л авах байх. Өмнөх шигээ голч харж өгдөг тогтолцоогоороо байлгах юм уу, эсвэл голч дахин нэмэгдүүлэн олгоосой гэж хүсч байна.
Оюутнууд 70200 төгрөгийн талаар ийн ярилаа.