Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Монгол Улсын B3 зээлжих зэрэглэлийг бууруулж, CAA1, тогтвортой гэж үнэллээ. Удаан хугацаанд ажиглагдаж байсан гадаад эдийн засгийн хүндрэл, валютын нөөц, гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралт зэрэг шалтгаанууд энэ шийдвэрт хүргэсэн гэдгийг “Moody’s” онцолж байна.
Харин Сангийн яам болон Монголбанк "Энэхүү шийдвэр нь бодит байдалд нийцэхгүй" гэж үзэж байгаагаа албан ёсны мэдэгдлээрээ дамжуулан илэрхийллээ. “Moody's”-ийн албан ёсны мэдээлэлд тэмдэглэснээр, дээрх зэрэглэл нь Монгол Улсын Засгийн газарт олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө шууд болон шууд бусаар хүлээсэн өр төлбөрүүдээ богино хугацаанд барагдуулах, мөн төлбөрийн тэнцлийн дарамтад орохоос сэргийлэх чадвар бага байгааг илтгэж байгаа ажээ. Зөвхөн 2017 онд Монгол Улсын Засгийн газар нийт 0.8 тэрбум ам.долларын гадаад өр барагдуулах шаардлагатай болохоор байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 7.5 хувьтай тэнцэхээр байна. Энэхүү өрийг санхүүжүүлэхийн тулд гаднаас зээл авах боломж хэдийн маш хомс болсон гэж дүгнэжээ.
Ийнхүү “Moody's” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулаад байгаа бол “Fitch”, “S&P” агентлагуудын үнэлгээгээр “B” ангилалд багтсан хэвээр байна.