Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгийн хилээр гарах эрхийг хориглосон талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, түүнийг энэ сарын 5-ны өдөр Герман улс руу зорчихоор Москва-Берлиний чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийнхан саатуулсан юм.
Хилийн хоригийг прокурорын байгууллага, шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, АТГ, ЦЕГ-аас тогтоодог байна. Харин Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгэд тавьсан хоригийг прокурорын байгууллагаас тогтоожээ.
Чухам ямар үндэслэлээр тогтоосон нь тодорхойгүй байгаа ч баттай их сурвалжийн мэдээлсэнээр түүний эхнэр Э.Сэлэнгийн дансаар их хэмжээний мөнгө шилжиж орсон байна. Тиймээс уг мөнгийг ямар эх үүсвэрээр түүний дансанд орсоныг шалгаж тогтоохоор ийнхүү хилийн дээс алхуулаагүй аж.
Хилийн хоригийг заавал гэмт хэрэгтэнд бус өр зээлтэй иргэдэд ч тавьж болдог байна. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэрийн хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй ч дансанд нь орж ирсэн их хэмжээний мөнгийг шилжин орж ирсэнтэй холбогдуулан асууж шалгах шаардлагатай зүйл байгаа юм байна.
Сэтгүүлч Б.Чимэг /www.zaluu.com/
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг сайдын суудлаас нь огцруулж байв. Энэ өдрөөс хойш яг хоёр жилийн дараа эхнэрт нь хилийн хориг тавьсан нь Н.Алтанхуягт өгч буй сануулга бололтой гэж хардах иргэд ч байгаа юм. Гэвч баттай эх сурвалжийн мэдээлснээр Э.Сэлэнгийн дансаар орж ирсэн их хэмжээний мөнгийг шалгах шаардлагатай учир ийнхүү хилийн хориг тавьжээ.
Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг АТГ-аас шалгаж байсан ч хэрэгсэхгүй болгосон. Мөн түүний хүргэн гэгдэх ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнг одоо ч шалгаж буй. Харин ахлах зөвлөх Л.Гансүхийг “Шинэчлэлийн Засгийн газар”-аас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан гэж шүүхээс ял оноосон юм.
Харин одоо түүний эхнэр Э.Сэлэнгэ дансандаа орж ирсэн их хэмжээний мөнгийг хуулийнханд тайлбарлахаар боллоо.