богино мэдээ New

Н.ЗОЛЖАРГАЛ: ТӨСВИЙН АЛДАГДЛАА ЗАСАХГҮЙ БОЛ ЭРСДЭЛ БУУРАХГҮЙ

Инфляци 14 хувийн хүүтэй байхад хэцүү байсан. Одоо нэг оронтой тоонд байгаа болохоор асуудлыг ярьж болох юм. .

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2016 оны төсвийн төслийн хоёр дахь болон дагалдан өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авсан юм. Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Ирэх онд шинээр бүтээн байгуулалт эхлүүлэхгүй тэвчье.  2010 оноос хойш жил бүр шинэ бүтээн байгуулалтыг замбараагүй, тоймгүй олноор эхлүүлж байсан. Зардал нь ч өндөр. Эдгээр барилга объект бүрэн баригдаж дуусалгүй, бороо шороонд элэгдэж нурж байна. Тиймээс ирэх онд  эхлүүлсэн барилга объектод хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Дуусгаагүй барилга объектын 10 гаруй хуудас жагсаалт байна гэсэн юм.

Үүнд УИХ-ын гишүүн Г.Батхүү:

-Ирэх ажил шинээр баригдах объектийг 100 хувь нүдээ аниад орхиж болохгүй. Учир нь нь аймаг суманд зайлшгүй баригдах шаардлагатай сургууль, эмнэлгийн барилгууд төлөвлөгдсөн байгаа. Үүнийг бодолцох ёстой гэсэн юм.  Гишүүн Ц.Нямдоржийн саналаар санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны гишүүдийн 90 хувийн саналаар дэмжигдлээ. Гэхдээ зайлшгүй шаардлагатай эмнэлэг сургуулийн барилгыг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг Ц.Нямдорж гишүүн хэлж, ажлын хэсэг дээр дахин хэлэлцэхээр болсон юм.

Дараагаар нь Хятадын Экспорт импорт банкнаас авах 1 тэрбум ам.долларын ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэх байв. Жилийн 2 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, эхний 7 жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр 1 тэрбум ам.долларыг зээлэх юм байна.

Уг асуудлыг хэлэлцэх үед гишүүн А.Тлейхан:

-Энэ зээлийн төсөл бидэнд тараагдаагүй. Шуурхай хэлэлцүүлэх гээд байх юм. Танилцаж амжаагүй байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулъя гэсэн санал гаргалаа. Үүнийг Ц.Нямдорж гишүүн дэмжиж “Манай бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд төсөл тараагдаагүй байсан юм. Гэтэл одоо тарааж байгаа материалыг харахад бүлэг дээрээ хэлэлцэх асуудал байна. Тухайлбал нийлүүлэх тоног төхөөрөмжийн 85 хувь нь зээлдүүлэгч талынх байна гэсэн заалт явж байна” хэмээсэн юм.

Эрчим хүчний сайд Д.Зоригт:

-Энэ зээлийн хэлэлцээр нэг жил гаруй хугацаанд хийгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9-нд БНХАУ-д айлчлал хийнэ. Энэ үеэр нь хэлэлцээрийн санамж бичигт гарын үсэг зурахаар ярьж байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгчийн айлчлалаас өмнө хэлэлцээрийн төслийг УИХ-аар батлуулъя хэмээсэн.  Ийнхүү уг зээлийн хэлэлцээрийн төслийг МАН-ын бүлэг дахин хэлэлцэж, эргэж оруулж ирэхээр боллоо.

Үүний дараагаар ирэх оны Мөнгөний бодлогын анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Нямдорж:

-Монгол банкны зээлийн хүү өндөр байна. Жилийн 18 хувийн хүүг 15 болгох хэрэгтэй. Үүнийг бүгдээрээ захиргааны аргаар оруулах шаардлагатай байна. Эдийн засгийн аргаар хэлбэл  явахгүй юм байна гэв.

Ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан:

-Өнөөдөр инфляци нэг оронтой тоонд байна. Төсвийг алдагдалгүй баталвал бизнесийн орчинд урт хугацаатай, бага хүүтэй зээл шаардлагатай байгаа. Шууд захиргааны аргаар зээлийн хүүг бууруулна гэвэл хэцүү.  

Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал:

-Инфляци 14 хувийн хүүтэй байхад хэцүү байсан. Одоо нэг оронтой тоонд байгаа болохоор асуудлыг ярьж болох юм. Ер нь зээлийн хүртээмж эрс нэмэгдсэн. Зээлд малчид, иргэд, дундаж давхрагынхан сайн хамрагдаж байгаа. Жил бүр төсөв их наядаар алдагдалтай батлагдаж байна. Монгол банкнаас төсвийн орлогын төсөөллийн талаар зөвлөмж өгдөг. Хамгийн гол нь төсвөө эргэж харах зайлшгүй шаардлагатай нөхцөл үүсээд байна. Үүнийг засч залруулахгүй бол мөнгөний зах зээлд байгаа эрсдэл буурахгүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Төрийн банкийг хувьчлах асуудалд Монгол банк ямар байр суурьтай байна вэ?

-Төрийн банкны үйл ажиллагаа бусад банкны жишгийн дагуу байгаа. Төрийн банкийг анх байгуулагдаж байхад Монгол банк Засгийн газрын эзэмшилтэй банк байх нь зохимжгүй гэж үзэж байсан. Тиймээс ч Монгол банк өнөөдөр анхны байр суурин дээрээ байгаа. Төрийн банкийг яаралтай хувьчлах нь зүйтэй.

Ийнхүү байнгын хороо 2016 оны мөнгөний бодлогын анхны хэлэлцүүлгийг хийлээ.