Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх товтой байна. Лхагва гарагт Төсвийн байнгын хороо энэ хуулийн төслийг хэлэлцэж, “эсгий, эсгий эдлэл, мод, модон эдлэлийн үйлдвэрлэл” эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд нэмж хамруулах зарчмын зөрүүтэй санал дэмжигдлээ. Харин “бөөний болон жижиглэнгийн худалдаа” эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг нэмж хамруулах гэсэн зарчмын зөрүүтэй санал дэмжигдээгүй юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод нэг хувиар орлогын албан татвар ногдуулахаар хуулийн төсөлд тусгасан юм. Өөрөөр хэлбэл энэхүү хууль батлагдвал татварыг 90 хувиар хөнгөлнө. Татварын хөнгөлөлтөд хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хамруулахаар тусгаад байна. Хэдий тийм боловч үйлдвэрлэгчдийн хувьд татварыг хөнгөлөхөөс илүүтэй борлуулалт байхгүй байгаа нь асуудал болж байгааг зарим гишүүд онцолж байлаа.