богино мэдээ New

70 мянга орчим оюутанд зээл олгохоор төлөвлөжээ

Үндсэн тэтгэлэгт магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж байгаа бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн суралцагчид хамрагдах юм байна. .

-Оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгохоор боллоо-
 

Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг

      Оюутны сургалтын төлбөр болон Боловсролын зээлийн нээлт өнөөдөр Улаанбаатар хотноо Багш хөгжлийн ордонд боллоо.

Үндсэн тэтгэлэгт магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж байгаа бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн суралцагчид хамрагдах юм байна. Оюутнууд зээлийн төрлөөс шалтгаалаад, сургуулиа төгссөний дараа ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн 3-5 жилийн хугацаанд эргэн төлөх аж.  “Төлбөрийг төлөх нэн тааламжтай нөхцөлтэй, зээлийн хүүгийн дарамтгүй, хамгийн бага хүүтэй хөгжлийн зээл байх болно” Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь онцоллоо.

Зээлийн төрлийн хувьд :

1. Хүү бууруулах зээл (Цалин тэтгэврийн зээлийн дуусах хугацаа)

2. Богино хугацаатай зээл (1 жил)

3. Урт хугацаатай зээл (10 жил) байх бөгөөд, жилийн 5 хувийн хүүтэй юм.

Нээлтийн үеэр БСШУ-ны сайд Ж.Батсуурь “Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээ бий болж байгаа нь оюутан суралцагчийг сургалтын төлбөрийн дарамтгүйгээр, амжилттай суралцахад мөн өрхийн санхүүгийн зардлыг бууруулж, амжиргааг нь тэтгэхээс гадна дээд боловсролын чанарыг дээшлүүлэхэд ч хувь нэмрээ оруулж байгаа” гэлээ.

Зээлийн талаар хүрэлцэн ирсэн оюутнууд “Энэ бол оюутнуудыг төрөөс дэмжиж буй бодит дэмжлэг. Манай сургууль л гэхэд найман жил суралцаж төгсдөг болохоор төлбөрийн асуудал маш их байдаг. Төлбөрөө төрөөс бага хүүтэй зээлнэ гэдэг бол ар гэрийн санхүүгийн хувьд ч том дэмжлэг болж байгаа. Зээл олгохоор болсонд оюутнууд бид баяртай байна” гэсэн юм.

Мөн их дээд сургуульд суралцаж буй цаатан иргэдийн хүүхдийн сургалтын төрбөрийг төрөөс хариуцаж, хоёр улсын засгийн газрын гэрээ, хэлэлцээр хамтарсан хөтөлбөрийн хүрээнд суалцагчдад тэтгэлэг олгох юм байна.

Энэ онд 70 мянга орчим оюутанд зээл олгохоор төлөвлөж байгаа бөгөөд 2017 онд 100 гаруй тэрбум төгрөг төсөвлөн, уг зээлийг олгох аж. Оюутны хөгжлийн зээлийн эргэлтийн болон хуримтлалын хөрөнгийг үүсгэхэд 2020 он хүртэл улсын төсвөөс санхүүжилт хийх бөгөөд цаашид Боловсролын зээлийн сан төсвийн санхүүжилтгүйгээр, оюутны хөгжлийн зээлийн эргэн төлөлтөөр тасралтгүй зохион байгуулах юм.