2016 оны 09 сарын 03
Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Манай сайт уншигч, бизнес эрхлэгч та бүхэндээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим онцгой зүйл, заалтуудаас хүргэж байгаа. Энэ удаад бид тус татварыг ямар ямар үйлчилгээ, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнд тэг хувь хэмжээ хэрэглэх тухай заалтыг бүрэн эхээр нь хүргье.
12.1.Экспортод гаргасан дараахь бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь /“0”/-тай тэнцүү байна:
12.1.1.энэ хуульд өөрөөр заагаагүй бол худалдах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан бөгөөд гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа; /Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан. /
12.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын нутгаар дамжуулан бусад улсад гаргасан зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ;
12.1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн /албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ үйлчилгээ; /Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /
12.1.4.үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй
гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/;
12.1.5.олон улсын нислэг үйлдэж буй дотоодын болон гадаадын агаарын тээврийн хөлөгт үзүүлэх нислэгийн хөдөлгөөний удирдлага, техникийн болон шатахууны үйлчилгээ, цэвэрлэгээ, нислэгийн явцад нисэх бүрэлдэхүүнд болон зорчигчдод худалдаа, хоол, ундаагаар үйлчилсэн үйлчилгээ;
12.1.6.Засгийн газар, Монголбанкны захиалгаар дотоодод үйлдвэрлэсэн төрийн одон медаль, мөнгөн тэмдэгт, зоос. /Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан. /
12.1.7.экспортод гаргасан уул уурхайн болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүн. /Энэ заалтыг 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн ба 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан. /
12.1.8.хилийн чанадаас чөлөөт бүсэд импортолсон, чөлөөт бүсээс хилийн чанадад экспортолсон бараа. /Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн. /
12.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээнд мөн хуулийн 12.1.4. дэх заалт хамаарахгүй.
12.3.Энэ хуулийн 12.1 дэх заалт нь гадаадын иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдэд хамаарна.
12.4.Энэ хуулийн 12.1.4-т заасан иргэн, хуулийн этгээдийг дор дурдсан тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гэж үзнэ:
12.4.1.тухайн улсдаа төлөөний газартай боловч Монгол Улсад төлөөний газаргүй;
12.4.2. тухайн улсад төлөөний газаргүй бөгөөд уг этгээд нь Монгол Улсаас өөр улсад байнга оршин суудаг буюу байрладаг;
12.4.3.тухайн улс болон Монгол Улсын аль алинд нь төлөөний газартай боловч уг үйлчилгээ нь гадаад улс дахь төлөөний газрын хэрэгцээнд бүхэлдээ буюу ихэвчлэн зориулагдсан.
12.5.Энэ хуулийн 12.1.7-д заасан экспортод гаргасан уул уурхайн болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, кодыг Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн ба 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан.