Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ есдүгээр сарын эцэст 12.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сарынхаас 50,5 тэрбум төгрөг буюу 0,4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 470,3 тэрбум төгрөг буюу 3,9 хувиар өссөн байна. Үүнд хугацаа хэтэрсэн зээл 782,2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 5,5 хувь, өмнөх оныхоос 5,6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл нэг их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 20,8 тэрбум төгрөг буюу хоёр хувиар буурсан гэж статистикчид мэдээллээ. Харин өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 21,6 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Чанаргүй зээлийн үзүүлэлтийг урт хугацаанд авч үзвэл зээлийн хэмжээ 2008 оны есдүгээр сараас нэмэгдэж эхэлсэн байна. Зээлийн өрийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээл 6,3 хувийг эзэлж буй бол чанаргүй зээл 8,4 хувийг эзэлж байгааг тогтоожээ. Гэхдээ чанаргүй зээл 2014 оны арванхоёрдугаар сард хамгийн өндөр буюу нийт зээлийн 14,7 хувьтай тэнцэж байсан бол одоо 8,2 хувийг эзэлж буй юм байна. Өнгөрсөн есдүгээр сард улсын хэмжээнд байгаа нийт хадгаламжийн хэмжээ 8,1 их наяд төгрөг болж, 4,3 тэрбум төгрөг буюу 0,1 хувиар буурчээ. Энэхүү хадгаламжийн 69,9 хувь нь төгрөгийн хадгаламж байдаг аж.