Тоймч Л.Баатархүү
Засгийн газраас өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хэлэлцлээ. Уг хуралдаанаар хүнс, хувцас, барилгын материал, нэхмэлийн үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жилдээ 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй орлоготой аж ахуй нэгжүүдийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэв. Тодруулбал, эдгээр салбарын аж ахуй нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хүртэлх хувиар хөнгөлөх Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг тус байнгын хороо дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хууль батлагдснаар ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл 90 хувиар татвараа хөнгөлүүлэх нөхцөл бүрдэх юм. Хууль батлагдаж, хэрэгжиж эхэлбэл дээр дурьдсан салбаруудад үйл ажиллагаа явуулдаг 4678 аж ахуй нэгж татварын хөнгөлөлтөд хамрагдана. Тэд одоо төсөвт 1,4 тэрбум төгрөгийн татвар ногдуулдаг байсан бол хуулийн хөнгөлөлтөд хамрагдснаар энэ хэмжээний мөнгө улсын төсөвт төвлөрөхгүй. Гэсэн хэдий ч тухайн салбаруудыг татварын таатай орчноор дэмжснээр аж ахуй нэгжүүдийн тоо олширч цаашдаа татвар төлөгчид олноороо бий болох учиртай. Энэ үүднээс уг хууль нүдээ олно гэдгийг хууль санаачлагчдын зүгээс онцолж байлаа.