Сэтгүүлч Б.Хонгор
Гадаадын хөрөнгө оруулалт 2013 оноос эхлэн тасралтгүй унаж, 2016 онд ёроолдоо хүрлээ. Ердөө дөрвөн жилийн өмнө гадаадын хөрөнгө оруулалт нь 4-5 тэрбум доллараар хэмжигдэж байсан Монголын хөрөнгө оруулалт өнөөдөр хагас сая долларын хасахтай гарсан шалтгаан юу вэ?
Мэдээж, нэгдүгээрт засаглалын хямрал. Харин хоёрдугаар татвар болон хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал. Тэгвэл гурав дахь нь иргэний хөдөлгөөнүүдийн шантааж болон хэвлэлийнхний тархи угаалт.
Хууль батлагчид нь гадаадын хөрөнгө оруулалтыг гацаасандаа бахархаж, хэвлэлийнхэнд нь гадаадын хөрөнгө оруулалтыг “үзэн ядаж”, иргэний хөдөлгөөнийхөн нь буу шийдэм бариад гүйхээр Монголын хөрөнгө оруулалт 672.8 сая долларын алдагдалтай гарахаас өөрөөр яах ч билээ.
Ялангуяа хэвлэлийнхний буруу ташаа мэдээлэл гадаад зах зээлд сөрөг мессеж болон хүрч, энэ бүхэн эдийн засаг хорлонтойгоор тусдагийг хэлэхгүй өнгөрч боломгүй. Хамгийн сүүлд гэхэд “Сентеррагоулд” компанитай холботой мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд хэвлэлийн тэргүүн хуудаснаас салсангүй. Уг нь бол шүүхийн шийдвэр аль нэг талд гарах нь бүү хэл шүүх хурал нь болоогүй хойшлогдсоор л байгаа юм билээ л дээ. Илүү тодорхой хэлбэл, “...Шүүхийн шийдвэр Сентеррагоулд Монголия ХХК-ийн талд гарчээ”, “...шүүх Гацууртын лицензүүдийг хүчингүй болгожээ” гэдэг бол ташаа мэдээлэл. Үнэндээ Монголын Захиргааны шүүх уг маргааныг эцэслэн шийдвэрлээгүйг хэлэх нь зөв биз.
Яг үнэндээ бол иргэний хөдөлгөөнүүдийн зохион байгуулалттайгаар цацаж байгаа ташаа мэдээллийг нь манай зарим хэвлэлийнхэн шүүрч аваад нягталж, хяналгүйгээр цацчихдаг. Тэр нь дэлхийгээр нэг тарж, компанийхаа хувьцаанд ч, Монголынхоо нэр хүндэд ч сөргөөр нөлөөлдөг. Ямар сайндаа бидний цацаж буй муу муухай мэдээлэл бүхнийг дэлхий сөргөөр хүлээн авч, Монголд итгэх итгэл өдрөөс өдөрт унаж байгаа нь улсын маань зээлжих зэрэглэлийн үзүүлэлтээс харагдах биз.
Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л монголчууд бөөн мөнгөний АТМ шиг санадаг. Монголд мөнгөө зүгээр өгөөд л байх юм шиг ташаа ойлголттой хүмүүс ч цөөнгүй. Гадаадын хөрөнгө оруулалт бол Монголд ч, өөрсдөдөө ч ашигтай бизнес эрхэлье гэсэн үг шүү дээ. Бизнес эрхэлж байгаа аль, аль тал ашигтай байж л хөрөнгө оруулалт орж ирнэ.
Хэвлэл ашиглаж, зохион байгуулалттай ташаа мэдээ тараах явдал “Сентеррагоулд” дээр ч илэрч харагдаж байгаа үзэгдэл биш л дээ. Энэ талаарх баримтыг дурвал цөөнгүй жагсаалт гарч ирэх байх.
Нэг гараар хөрөнгө оруулалт татах ёстой, эрх баригчид мөнгө орж ирсэнгүй гэж шүүмжлэх мөртлөө нөгөө гараараа гадаадын хөрөнгө оруулалтыг үгүйсгэсэн, няцаасан мэдээлэл бэлтгээд байгаа Монголын хэвлэлийн ёс зүйг асуух ч илүүц болов уу?
Хэвлэл нь өөрөө үнэн бодитой, ёс зүйтэй байж гэмээнэ хөрөнгө оруулалтыг татах бас нэг үндэс болно. Өөрөөр хэлбэл, Монголоос хөрөнгө оруулагчид дүрвэхэд эрх баригчдын бодлого, хуулийн гажуудал, эрх зүйн орчны тогтворгүй байдал, иргэний хөдөлгөөнийхний шантаажаас гадна хэвлэлийнхний оролцоо ч бас чамгүй байна гэсэн үг.
www.news.mn