Нийтлэлч У.Оргилмаа
Монгол Улсын төсөв хийгээд банк санхүүгийн салбарт хаана, хаанаа хоосорлоо, хэцүүдлээ гэх боллоо. Өмнө нь хөрш айлаар зүйрлэвэл банк санхүү, төсвийн аль дөнгүүр үлдсэн нь хүнд хэцүү байгаадаа “амь тариа” хийгээд чирээд явдаг байсан. Харин одоо хоёулаа хүндрэхээр хэн чирэх вэ. Энэ тохиолдолд “Стэнд бай” хөтөлбөр үү, “Банк оф Чайна” юу гэдэг хувилбар л дуулдах болов.
Хэдийгээр өнгөн дээрээ “Стэнд бай” хөтөлбөрөөс татгалзлаа гэх боловч цаагуураа ОУВС-гийн тавьдаг шаардлагуудыг гэрээгүйгээр хэрэгжүүлээд, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж эхэлчихээд байгаа харагдана. Яг ийм дүр төрх Европын холбооноос айгаад “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаагүй ч тэдний зааварчилгаагаар ажиллаж байсан зарим орноос харж болдог. Үнэндээ “Стэнд бай” санхүүгийн сахилга батаар “нойл заасан”, авлигад идэгдсэн манай оронд тохирох хэдий ч арайхийн олж авсан эдийн засгийн зарим эрх чөлөөг хязгаарлах гээд байдаг нь хэцүү.
Тэгвэл “Bank of China”-г сонгох уу. Болохгүй зүйлгүй. Гэхдээ аюултай. Харин дараагийн зам харагдахгүй байна. Тэгэхээр дээрх банкны салбаруудыг нээхэд хүрлээ гэхэд ямар бэлтгэл ажил хангасан байх ёстой вэ гэдгийг хэлэхгүй өнгөрөх аргагүй юм. Мэдээж техникийн гэмээр бэлтгэлийг хангах шаардлагатай ч эхний ээлжинд гэж байгаад хэлэхгүй бол сэтгэлийн хөөрөл, мөнгөний яаралтай хэрэгцээ гэгч баргийн зөвлөгөөг хүлээж авдаггүй нь жам гэлтэй.
Дашрамд дурьдахад энэ сарын 22-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ БНХАУ байгуулагдсаны 67 жилийн ойн баярын хүлээн авалт болж үүнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж тэргүүтэй 20 гаруй гишүүд, сайд, дэд сайд нар, мөн Монгол Улсад суугаа элчин сайд нар, Монгол улс дахь хятад иргэд болон сурагчид, хятадын хөрөнгө оруулалттай байгууллагын төлөөлөгчид зэрэг 400 гаруй зочид оролцсон гэсэн мэдээ цахим хуудаснаа харагдана. Энэ үеэр БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Шин Хаймин “Хятад Улсын эдийн засгийн өсөлт 6.7 хувьд хүрч, урьдчилсан зорилтоо биелүүллээ. Хятад Улсын ирээдүйн хөгжил улам бүр цэцэглэн хөгжиж, дэлхий дахинд оруулах хувь нэмэр нь ч илүү том байх болно! Хятад Улс цаашид энх тайвнаар хөгжих бодлогоо үргэлжлүүлэн баримталж, глобал операцид идэвхтэй оролцон, харилцан ашигтай хамтдаа хожих үзэл санааг баримталж, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтыг хөгжүүлж, хөгжил цэцэглэлтийг хуваалцах болно” гэжээ. Харин манай УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Монгол Хятадын харилцаа ч тасралтгүй гүнзгийрэн хөгжсөөр байна. Энэ Жилийн 7-р сард хоёр талын ялангуяа Хятадын талын ихээхэн дэмжлэгээр Монгол Улс АСЕМ-ыг амжилттай зохион байгуулсан. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсад айлчлал ихээхэн үр дүнтэй байж, Монгол Хятадын харилцаа, бүх салбарын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх цаашдын чиг хандлагыг тодорхойлсон. Тэрээр мөн Монгол Улсын шинэ Засгийн газар нь хоёр улсын удирдагч нарын хүрсэн тохиролцоог идэвхтэй хэрэгжүүлж, Хятадын талтай бүх салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр улсын харилцааг шинэ төвшинд гарган хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна гэдгээ илэрхийлэв.
За, нэг иймэрхүү мэдээ олон улсын төвшинд цацагдсан байна. Нэмж сануулахад “Bank of China”-ийнхан УИХ-ын шинэ бүрэлдэхүүнд хандаж 2016 оны долдугаар сарын 25-нд урилга хүргүүлэн “Ирж заавар зөвлөгөө өгөөч ээ” гэсэн байдаг юм. Энэ бүхний цаана гурван жилийн турш гуйж байгаа Bank of China-гийн салбаруудыг нээе гэсэн хүсэлтээ гүйцэлдүүлэх бололтой.
Одоогоор бидэнд байгаа гарц дэндүү давчуу, нөхцөл байдал хүнд байгаагаар шалтаглан тэдний хүслийг биелүүлж мэдэх дүр төрх харагдаж байна. Гэхдээ “Алтан загас”-нд хүртэл болзол байдгийг санууштай. Юу гэвэл бидэнд Bank of China-гийн салбаруудыг нээхээс өөр замгүй бол үүнд бэлтгэл ажил хэрэгтэй юм.
Юуны өмнө Монголбанктай болох хэрэгтэй. Гайхаж байна уу. Монголбанк шиг Монгол банктай болох хэрэгтэй байна шүү дээ. Засаглалтай харилцах харилцаа, дотоод дэг журам, чадвар чадамжийн асуудлыг ярихаа больё гэхэд хамгийн чухал нь эхлээд Төрийн гурван өндөрлөг гэж бидний буруу ярьж шүүмжлүүлдэг Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар гэх гурван институци, тэдгээрийг тэргүүлэгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван “толгой” авлигатай нэгэн дуугаар тэмцэж чадна гэдэгтээ итгүүлэх, шаардлагатай бол хатуу гэрээ байгуулах шаардлагатай. Эс тэгвээс тэдгээрийн аль нэгээр авлига шургалчихаад байна. Банк өөрөө итгэлцлийн төдийгүй мөнгө гэж уншигддаг хүчтэй байгууллага учраас дээрх гурван институцийг тангараг өргөх шахам дуу нэгтэй тэмцэхийг нь харахаас нааш итгэхэд бэрх. Энэ ажлыг хийхгүй бол гадаадын байтугай дотоодын банкаа ч цэгцэлж чадахгүй.
Дараагийн чухал бэлтгэл нь УИХд хамаарна. 76 хүнтэй хариуцлага тооцох амаргүй учраас бараг УИХ-ын даргад хамаарах болов уу. УИХ-ын дарга санаачлан Төв банкийг сэргээн чадавхжуулах хөтөлбөр санаачлах, боловсруулах хэрэгтэй. Үүний цаана олон ажил бий. Эдийн засгийн салбар дахь “инженерүүд”-ийн хийж чадах техникийн шинжтэй энэ ажил Төв банкны ажилтнуудын мэдлэг чадвар, нэр хүндийг сэргээхэд тун чухал. Ядаж тэд төрөөс өгч байгаа цалингаар ажиллаж сурах, өл даах чадвартай болох хэрэгтэй. Жирийн малчны хүү Монголбанкинд ажиллахаар өлсөөд л өлөв долов гээд гар дүрээд байдаг мэтээр ойлгож элдэв хэрэгт сэрддэг, тэгж сэрдэгдэхээргүй хүмүүсийг ажиллуулахаар мэдлэг чадвар талаас нь харах биш удам судрыг нь хөөж эцэг эхээсээ болоод ажил хийх эрхээ хасуулахад хүрээд байгаа энэ байдлыг цэгцэлье. Учир нь энэ ойлголт хилийн цаана гарчихаад сөрөг бодлогод нь дэм болж байгааг бүгд харж байгаа. Наад зах нь хэний хүүхэд Монголбанкинд ямар албанд очиж байгааг Bank of China-ийнхан мэддэггүй гэж бодно уу. Тэднийг гадаад хэлийг ус цас шиг мэддэг, мэдлэг чадвараараа өндөр гээд авчирдаг гэдэг. Хэлээр дутмаг бол хэцүү. Ялангуяа хятадууд бол англи, орос аль ч хэлийг мэддэг байсан ч мэддэггүй царайлж ажлаа явуулаад сурчихсан улс. Адилхан бага цалинтай ажилладаг ч авлигаас айдаг, монгол хүнийг авлига авч чадаж байгаад атаархдаг.
Жирийн малчин гэснээс саяхан ойг нь тэмдэглэнэ, тэмдэглэхгүй гэж маргаан дэгдээгээд байсан Бал даргын үед зөвхөн жирийн ажилчин, малчны хүүхдийг сургах бодлого хэрэгжүүлж байсан нь хүртэл бодууштай юм шүү. Тэр бодлогоор улаан хацартай, майга оюутны тоо олширч байсан ч тэд Афганийн цэргүүд шиг өл даадаг, брэнд ярьж тансаглахаас илүүтэй бага цалингаар олон ам бүлээ тэжээж чадах тэсвэртэйгээрээ яамдад ч, банкуудад ч гайхагддаг байв. Ямар ч байсан тэд одоогийнх шиг аавынхаа компанид, эсвэл банкинд санаа зовж нууцын зэрэглэлтэй мэдээлэл дамжуулахгүй дээ. Энэ бол өнөөх ёс зүй, санхүүгийн сахилга батын нэгээхэн хэсэг учир дээрх “хөтөлбөрт” маань зайлшгүй тусгагдаж, улмаар банкны ажилтан авлига, албан тушаалын хэргээр баривчлагдах асуудал мартагдах учиртай.
Түүнчлэн Төвбнкны тухай хуульдаа ерөнхийлөгч нь зургаан жилээр ажиллаж болох байтал сонгуулийн дөрвөн жилд тааруулах мэт “өөрийн хүсэлтээр”ажлаа өгөөд байдагт анхаарах цаг болжээ. Энэ нь дөрөв биш арван жил ажиллуул гэсэн үг биш. Ажлаа хийж чадахгүй бол нэг хоногийн өмнө ч гэсэн зайлуулах ёстой. Харин чадаж байгаа нь яагаад хулжаад байна вэ. Төрийн алба бол сэтгэлийн алба. Тэдэнд өнгөтэй өөдтэй гялайж гялтайх ганц зүйл нь боловсрол мэдлэг, бэлтгэгдсэн туршлагаараа л гялалзаж болдог.
Бас нэг чухал асуудал гэвэл Монголбанк, Сангийн яамны удирдлагууд “нокаут”-ыг өөртөө авч чаддаг болох хэрэгтэй. Тэд чаддаг байсан ч одоо бол гайхамшигтай бултаж бусад руу бухдаг, тохдог болжээ. Нүүрсний, зэсний үнэ буурснаас боллоо. Хөршөөс, дэлхийгээс боллоо л гэх юм. Яагаад үүнийг урьдчилаад тооцох чадваргүй баг ажиллуулдаг юм бэ гэхээс бухимдал төрөхгүй байна гэж үү. Савлагаатай дотроо онц савлагаатай гэж тодорхойлогддог зэсийн ханшаас болж эдийн засгаа унагачихлаа гэх, технологи ийм сайн хөгжөөд байхадбайгаа ганц нүүрснийхээ үнийг тооцоод маневр хийж чадахгүй байх, тэртэй тэргүй савладаг ийм бүтээгдэхүүнүүдийн үнийг тогтворжуулах гээд доллараа асгаад сууж байх харамсалтай. 2007-2008 оны хямралаар нэг грамм алт ч алдалгүй орж байсан монголчууд энүүхэн зэргийн хүндрэлийг давж чадахгүй гэдэгт Монголбанкийг үнэлж явдаг хамтрагч, харилцагчид нь итгэхгүй юм билээ. Харин үе үеийн УИХ-ын Төрийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонуудад жаахан харшилтайг нуух юун. Учир нь шийдвэр гаргахад хамгийн дэлгэрэнгүй цар хүрээнд ярилцаж, мэдээллээр хангадаг энэ байгууллагын даргын ажлыг Монголын төр, эрх барьж байгаа намууд нь шагнал болгож өгдөгт их харамсдаг юм. Тэд Хөгжлийн банкийг бэлтгэл хангагдаагүй байхад, улсынхаа дотоодын банкны салбараа цэгцлээгүй байхад эхэлж болохгүй гэж хэлдэггүй. Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг тас эсэргүүцэж чаддаггүй, Монгол Улс төсвөөсөө гадуур төсөвтэй байж болохгүй гээд чанга дуугаар хэлчихэж чаддаггүй Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны дарга нараар танайх яадаг юм бэ гэдэг. Дөрвөн замын уулзвар гэрлэн дохиогүй, замын цагдаагүй, тэмдэг тэмдэглэгээгүй байхад яаж осол гарахгүй байх билээ. Гол зохицуулагч чинь дээрх хоёр байнгын хороо шүү дээ гэдэг. Хамгийн үнэн нь тасралтгүй 20 гаруй жил татварын орчиндоо өөрчлөлт оруулж тоглохоор яаж танайд хөрөнгө оруулалт орж ирэх билээ, заримыг нь тодорхой хугацаагаар “түгжих” хэрэгтэй шүү дээ гэсэн. Үнэн болохоор хэрхэн өмөөрөх билээ. Үнэхээр ч татварын хуулиар огт оролдоогүй парламент олдохгүй юм билээ.
Олныг үл нуршин бэлтгэлээ хангаагүй эх барьж авсан Хөгжлийн банкныхаа даргыг хуулийн байгууллагаар шалгуулж байгааг маань дэлхий сонсчихоод байхад Bank of China-гийн салбарыг нээхийн өмнө бэлтгэл ажлаа сайн хангаасай гэж хүсэх байна. Хөгжлийн банкны захирлыг шагналын позиц болгосныхоо шанг бид хүртэж эхэлчихээд байна. Дээр нь нэг литрийн саванд гурван литр ус багтаа гэж даалгасан, 60 метрийн зайд бэлтгэгдсэн тамирчнаа 100 метрт гүйлгэсэн, хурд хүч, боломж бололцоондоо тохиромжгүйгээр хөөгдсөн мэт яарсан гээд дэндүү олон алдаа гаргажээ. Хамаг галын хороо намынхаа, Засгийн газрынхаа тавьсан түймрийг цурманд оруулахад ашиглаж хүчээ шавхсан өмнөх он жилүүдийн алдаа одоо ч давтагдаж байна. Монголбанкны ерөнхийлөгчөөр одоо ажиллаж байгаа энэ хүн Сангийн дэд сайд байхдаа тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгчийг бодлогын хүүгээ нэмж эдийн засгаа эмчилж эхэлж байхад нь “Чи Монголын эдийн засгийг борцоллоо” гэж загнаж байсан удаатай. Харин энэ удаад өөрөө “борцлох”-оос аргагүйд хүрлээ. Гэхдээ тэр үеийнх шиг аж ахуйн нэгжүүдээ хямралаас хаацайлаад гол цохилтыг өөртөө авч чадах болов уу, үгүй болов уу гэдэгт эргэлзэж л байна шүү. Тиймээс ч хэрвээ би УИХ-ын дарга байсан бол Монголбанк шиг Монголбанктай болохоос ажлаа эхлэх байсан, үүний тулдТөв банкийг сэргээн чадваржуулах хөтөлбөр боловсруулж шаардлагатай бол энэ ажлыг хийж чадах хүмүүсийг нам харгалзалгүй урин залж, заримыг нь бусад орны Төв банкны туршлагыг дахин нэг хараад ир гээд хөөгөөд явуулсан ч яадаг юм бэ. Үүнийг хийж байж зөв хүмүүсээр, зөв бүртгэл, хяналт,зохицуулалт хийлгэж, дээр сануулсанчлан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд авлигатай тэмцэхийн тулд нэг цонхоор хардаг болох, цаашилбал бодлогоо тулгаж, тэдний тулгалтыг тэсэх чавартай болж гадны банкны салбарыг “Монголд тавтай морил” гэж хэлэх нь зүйтэй болов уу.