богино мэдээ New

“Коммунист нөлөөтэй, социалист схем, фашист хяналттай МОНГОЛ”

Эл бүрхэг хэргийн нэр барьж Үүлийг улс төрийн бас нэгэн золиос болгох гээд байна уу, эсвэл үнэхээр хэргийн эзэн учраас хууль, цагдаагийнхан учгаас баричихав уу гэдгийг цаг хугацаа харуулах үлдлээ..

Тоймч Л.Баатархүү

     Ойрын хэдэн өдөр улс төрийн хүрээнд нэлээд ширүүхэн үйл явдал өрнөж эхлэв. Ах намуудын бие биенээ агнах ээлжит төлөвлөгөө үргэлжилсээр байна. Тодруулбал, Э.Бат-Үүлийг 17 жилийн өмнөх С.Зоригийн аллагатай дахин холбож яллагдагчаар татахаар хууль, шүүхийнхэн “чангалж” эхэлжээ. Олон түмний байр суурь түүний талаар хоёр хуваагдлаа. Нэг хэсэг нь “Бат-Үүл байж магад” нөгөө хэсэг нь “Гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг улс төрийн зорилгоор “алуурчин” хэмээх нь арай хэтэрнэ” гэх үгнүүд олон нийтийн сүлжээ болон хүмүүсийн ярианы сэдэв болов.

Үүл баатрыг С.Зоригийн хэрэгтэй дахин холбосонд түүнтэй цуг Ардчилсан хувьсгалыг эхлүүлж явсан Төрийн соёрхолт Д.Сосорбарам дургүйцлээ илэрхийлж “Төрийн ордонд сууж байгаа коммунистуудын хийж буй ажил” гэв. Түүнчлэн тэрбээр “С.Зоригийн эхнэр асан Б.Булганыг саяхан сулласан байна билээ. Тэр эмэгтэйг яаж тамлаж байсныг нь бид мэдэхгүй. Магадгүй нэг хүнийг заа. Тэгвэл чамайг суллана гэсэн байхыг ч үгүйсгэхгүй. Бид коммунист нөлөөтэй, социалист схемтэй, фашист дэглэмтэй ийм нийгэмд амьдарч байгаа юм байна. Хүний эрх, ардчиллын төлөө дуугарсан, зөв зүйлийн төлөө явсан хүнийг улайм цайм гүтгэдэг болсныг харлаа. Бүр хүчээр ял тулгадаг юм байна” гэж нэлээд ундууцаж буйгаа илэрхийлсэн юм.

Нөгөөтэйгүүр олон нийтийн сүлжээгээр Э.Бат-Үүлийг ийн хэрэгт тулгаж буй нь ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлалтай том өрсөлдөгч болох учраас МАН-аас явуулж байгаа бас нэг башир арга ч гэж бичиж байна. Тухайлбал, жиргээч Содоо “Э.Бат-Үүл бол Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдыг хамгийн ялах магадлалтай АН-ын нэр дэвшигч. Иймд С.Зоригийн хэрэгт хутгаж байж магад” гэжээ. Ямартай ч тэртээ 17 жилийн өмнөх хэрэг баттай баримт эс олдвол хэрэгтнийг илрүүлэхэд хожимдсон ч байж болно. Хэргийн цорын ганц амьд гэрч гээд буй эхнэр Б.Булганых нь дүрсэлнээр аман зураг гаргаж байсан. Харамсалтай нь өнөө хүртэл энэ гэрчийн мэдүүлэг тус болсонгүй.

Э.Бат-Үүлийн малгай С.Зоригийн гэрээс олдож тухайн үедээ дуулиан тарьж мань эрийг “Ганц худаг”-т хүртэл хэрэгт буруутган хорьж байсан түүхтэй. Гэхдээ төд удалгүй гэм буруутай нь тогтоогдоогүй учраас гарсан байдаг. Харин энэ удаад яагаад дахин хэрэгт татав гэдэг нь олны анхаарал татахаас өөр аргагүй. Э.Бат-Үүл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үнэн байдаг бол хайрт нь ялаад гараад ирнэ ээ” гэж эхнэртээ үг дайжээ. Эл бүрхэг хэргийн нэр барьж Үүлийг улс төрийн бас нэгэн золиос болгох гээд байна уу, эсвэл үнэхээр хэргийн эзэн учраас хууль, цагдаагийнхан учгаас баричихав уу гэдгийг цаг хугацаа харуулах үлдлээ.