богино мэдээ New

Хүүхэд хамгааллын хууль хүүхдийн эрхийн эсрэг дам халдлагыг үүсгэж байна

Энэ хуулийн үйлчлэх хүрээнээс харахад эцэг эх, асран хамгаалагч нь хэн байхаас үл шалтгаалж хүүхэд бүрийг хамгаалах нь гол зорилт болох ёстой юм. .

Үнэт зүйлсийн боловсролын академийн тэргүүн Эрх зүйч Ганболдын Болормаа бичиж байна. 

 

   Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-д 2023 оны 10 дугаар 13-ны өдөр УИХ-ын гишүүн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн өргөн барьсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хүүхэд хамгааллын тухай хууль болон бусад хуулиуд (хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхтэй шууд холбогдох хуулиуд)-тай харьцуулан судалж, нийцэл зөрчил байгаа эсэхийг судалж үзлээ. 

Эрх зүйч мэргэжилтэй, сэтгэл зүйчээр суралцаж байгаа хоёрын хоёр хүүтэй ээж хүний хувьд ойр ойрхон түгшүүрт мэдээ сонсож, бяцхан үрс амь, нас, эрүүл мэндээрээ хохирч байгааг зүгээр л хараад суух боломж үнэхээр алга.

Хуулийн төслийн шинэчилсэн найруулга өргөн барилаа гэдэг мэдээг талархан хүлээж авсан ч УИХ-ын даргад гардуулан зогсоо хавтсанд энд тэндхийн эрээвэр хураавар заалт, тодорхойгүй, сөрөг үр дагавар дагуулах магадлалтай өгүүлбэр, догол мөрүүд зүглүүлээд боож орхисонд харамсаад барахгүй байна. Монгол Улс хүүхдэд хамгийн ээлгүй улс болж энх цагт хойд эцэгтээ хөнөөгдсөн, бэлгийн хүчирхийллийн золиос болсон, зам тээврийн ослын хохирогч болсон амь нас, эрүүл мэндээрээ хүүхдэд хохирсон гэх мэдээ өдөр бүр мэдээгээр урсаж байна.  

УИХ, Засгийн газрын гишүүн, дэлхийн хэмжээний боловсролтой гэгддэг ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн хувьд тун чамлалттай хуулийн төслийг өргөн барьжээ. Хуулийн төсөл боловсруулах нь бодлоготой, судалгаатай, салбарын мэргэжилтэн, эрдэмтэд, судлаачдын байр суурь, санал бодол, гадаад орны сайн туршлагыг тусгасан Монгол Улсын эрх зүйн тогтолцоо, нийгмийн амьдралд, Монгол хүний ухамсар сэтгэхүйд нутагшиж чадахуйц хэрэгжих нөхцөл, боломжтой, хийдэл, зөрчилгүй байх шаардлага зүй ёсоор тавигдана. 

Хуулийн үзэл баримтлалтай танилцахад агуулгын хувьд шинэчлэх арга зам хайсан боловч хөнгөн хуумгай хандсан, бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн, агуулгын хувьд бүрхэг, утга найруулгын хувьд ойлгомжгүй зүйл заалт олон байна. Монгол Улс НҮБ-ын “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-д 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэгдэн орсон. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ нь Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх эрх зүйн хүчин чадалтай баримт бичиг болохын зэрэгцээ НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн орны хувьд олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хэлбэрэлтгүй сахин биелүүлэх учиртай.
Уг конвенцод нэгдэн орсонтой холбогдуулан өнгөрсөн хугацаанд Хүүхэд хамгааллын тухай хууль, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль зэрэг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр бие даасан салбар хуулиудыг батлан гаргаж, мөрдөж байна.

Гэвч сүүлийн жилүүдэд тэр дундаа Ковид-19 цар тахлын нөхцөлд хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийнхний болоод нийгмийн дарамт, хүүхдийг үл хайхрах сөрөг үзэгдлүүд нэмэгдсэн. Ийнхүү хүүхдийн эсрэг хүчирхийлэл жил бүр нэмэгдэж байгаатай уялдан хүүхэд хамгааллын зардлыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэхэд анхаарах, гэр бүлийн таатай орчныг бүрдүүлэх, эцэг эх хуулиар хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хүүхдийг хүмүүжүүлэн төлөвшүүлж зөв хүн болгох тухай ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах шаардлага байсаар байна. Эдгээр асуудлыг зохицуулах ёстой хууль эрх зүйн өнөөгийн нөхцөл байдал чухам ямар байгааг бид онцгойлон анхаарах ёстой. 

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд хууль зүйн үүднээс хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах байгууллага, албан тушаалтны хүрээг өргөжүүлэх, чиг үүргийг тодорхойлох, хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд шаардлагатай санхүү болон хүний нөөцийн хангалттай хуваарилалт, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос сэргийлэх, хүүхэд, гэр бүлд үзүүлэх үйлчилгээг тодорхой болгох, нийгмийн ажилтны сургалт, эрх олгох, үр дүнг тооцох талаар анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзсэн байна. 

Харин практик үндэслэлийн хувьд кейс шинжилгээний үе шатыг дэлгэрэнгүй болгох, санхүүжилтэд хяналт тавих, санхүүжилтийг статистик тоонд үндэслэн хуваарилах, хамтарсан багийн үйл ажиллагаа, чиг үүрэг, санхүүжилтийг тодорхойлох, хүүхэд хамгааллын талаарх үйлчилгээний түвшин, хэлбэр, нэр төрөл, хүргэх үйл явц, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн удирдлагыг зохион байгуулалтаар хангах шат, төрийн байгууллагын буюу орон нутгийн удирдлагын хүүхэд хамгаалалтай холбогдох харилцаан дахь чиг үүргийг тодорхойлох шаардлага бий болсон.
Мөн хүүхэд хамгааллын хамтарсан баг нь зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх агуулгаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хуульчилсан байх тул хүүхэд хамгааллын үйлчилгээний хүрээг өргөжүүлэх, гэр бүлтэй адилтгах орчинд дэмжин хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Үүнээс гадна Хүүхэд хамгааллын тухай хууль нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн эрхийн конвенци болон олон улсын бусад сайн туршлагад нийцэж байгаа эсэх судалгааны үр дүнг Монгол Улс Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийн эрхэд нийцсэн үг хэллэг ашигладаггүй, хүүхдийн эрхийг дээдэлсэн зарчим байхгүй, хүүхдэд хамааралтай аливаа шийдвэр гаргахад хүүхдэд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тусгаагүй, хүүхдийн эсрэг гэмт хэргийг тодорхой зааж өгөөгүй гэсэн хариу гарсан байна. 

Хуулийн төслийн цөөн хэдэн зүйл заалтаас иш татаж харахад л анхаарч засаж залруулахгүй бол ямар ч сөрөг үр дагавар ирж болохоор байгааг хууль санаачлагч хийгээд хэлэлцэн батлах эрх бүхий УИХ-ын гишүүд анхаарч үзээсэй хэмээн хүснэ.  

Үе тэнгийн дээрэлхэлт нэг удаа бол зүгээр үү.......

   “Үе тэнгийн дээрэлхэлт” гэж нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг буюу хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэхийг хэлнэ гэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад  тодорхойлжээ. Гэхдээ удаа дараа гэдэг нь хууль зүйн шинжлэх ухаанд гурав буюу түүнээс дээш утгыг илэрхийлдэг тул нэг удаагийн бие махбод, сэтгэл санааг гэмтээх, зовоох, заналхийлэл, айлган сүрдүүлэг нь үе тэнгийн дээрэлхэлт гэх ойлголтод хамаарахгүйгээр төсөлд тусгагджээ. Баялагийн тэгш биш хуваарилалт, ядуурал, амьдрах орчны ялгаа, нийгмийн тэгш бус анги давхрага, ажилгүйдэл гээд нийгмийн сөрөг үзэгдлүүд хүүхдийн дунд үе тэнгийнхний дээрэлхэлт байдлаар сөрөг үзэгдэл бий болгоод багагүй хугацаа өнгөрөөд байна.

Сүүлийн үед эцэг эхчүүдийн сэтгэлийг хамгийн их зовоож байгаа асуудал энэ юм. Хүүхдийг ивээх сангийн Өсвөр үеийнхний дуу хооолой судалгаанд  1236 хүүхдийг хамруулсан ба тус судалгаанд дээрэлхүүлж доромжлуулж байсан эсэх талаар асуухад 62.1% нь огтхон ч үгүй, 31% нь заримдаа гэж хариулсан бол 6.1% нь олон удаа гэж хариулжээ. Харин 15.4% нь бусдад дээрэлхүүлж, доромжлуулах вий гэдгээс санаа зовдог гэж хариулсан байх бөгөөд энэ сэтгэл түгшил нь хөвгүүдэд илүүтэй тохиолддог буюу 19.9% нь эрэгтэй хүүхэд, 11.2% нь эмэгтэй хүүхэд ийнхүү хариулжээ.

Мөн судалгаанд оролцсон хүүхдүүдээс авсан ярилцлаганд дурдсанаар “Үе тэнгийхний хүчирхийлэл охид, хөвгүүдэд ялгаатай байдаг. Хөвгүүдийн эсрэг дээрэлхэлт нь ил хэлбэрээр буюу зодох гэх мэт байдаг бол охидын хувьд илүү хорон байдаг. Нэр хүндийг нь унагаах, сургууль дээр эсрэг фракц үүсгэх, цахим орчинд өөр хүүхдээр дамжуулан доромжлох зэрэг байх суух газаргүй болтол дээрэлхдэг.” гэж тайлбарлажээ. Энэ бол үе тэнгийн дээрэлхэлтийн зөвхөн ил харагдаж байгаа, мэдэгдэж эхэлсэн нэг хэсэг нь. Харин далд байдлаар яаж явагдаж буйг мэдэхгүй.

Сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын харилцаа хандлага ч үүнд хэрхэн нөлөөлдгийг нуугаад байх шаардлагагүй. Зарим талаар бүр хөхүүлэн дэмжигч болдог талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаг жишээнүүд нотлоод өгнө. Энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй орхиж хэрхэвч болохгүй. Үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас хүүхэд сургуульд сурах идэвх буурах, хичээл сурлагадаа муудах зэргээс авахуулаад амиа хорлох, эсхүл сэтгэл санааны дарамт нь өөр бусад хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулах хэлбэрээр илэрч гэмт хэрэгт түлхэх, гэмт хэргийн хохирогч болох эрсдэлийг нэмэгдүүлж байна. 

    Хуулийн төсөлд одоо хэрэгжиж буй хуулийн хүүхэд хамгааллын арга хэмжээнүүд дээр нэмээд хэд хэдэн шинэ арга хэмжээ авахаар нэмж тусгасан байгаа хэдий ч суралцагчийн зан үйлд нөлөөлөх хөтөлбөрийг хэн батлах, хэрэгжүүлэх нь тодорхойгүй мөн өөр бүлэг болон сургууль руу хүүхдийн болон эцэг эхийн саналыг харгалзахгүй шилжүүлэхээр заасан нь хүүхдийн эрхийг зөрчиж байна. Дээр дурдсанчлан үе тэнгийхний дээрэлхэлт нь цахим байдал руу шилжсэн байх бөгөөд Хүүхэд хамгааллын тухай хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль болон өргөн барьсан хуулийн төслийн цахим орчин дахь хүүхэд хамгаалалд нэвтрүүлэг болон контент руу чиглэсэн зохицуулалттай байна. Тиймээс цахим орчин дахь хүүхэд хамгаалалд үе тэнгийхний дээрэлхэлтийг илрүүлэх арга хэмжээ, хэрхэн шийдвэрлэх талаарх зохицуулалтыг оруулах хэрэгтэй байх бөгөөд цахим дээрэлхэлтийн талаарх ойлголтыг түгээх хэрэгтэй байна. 

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар нарийвчилсан зохицуулалт оруулахыг зорьсон боловч хэрхэн  хэрэгжих нь тодорхойгүй байна. Хэрэгжих орчныг тодорхой болгоогүй хууль зөвхөн цагаан цаасан дээр хараар бичсэн хэдэн үгс л болж дуусдаг жишээг бид олон харсан. Хуулийн төслийн тус тодорхойлолтод дээрэлхэлтийг үйлдэх орчноор зааж өгсөн байгаа нь хангалтгүй байна. Учир нь дээрэлхэлт нь зөвхөн амаар эсхүл цахим орчинд үйлдэгдэхгүй бөгөөд үе тэнгийн дээрэлхэлтийг бичгээр, амаар, цахим хэлбэрээр илэрхийлсэн аливаа үйлдэл, дохио зангаа эсвэл тэдгээрийн нийлбэр бүхий аливаа үйлдлийг хэлнэ гэж өргөн хүрээнд хуульчлах нь оновчтой юм. 


Цахим орчин “аймшгийн газар” байсаар байх уу...............


Цахим, интернет орчин нь хүүхэд танин мэдэхүйн мэдлэг боловсрол олж авах, өөрийгөө хөгжүүлэх, гадаад хэл сурах  өргөн боломж байдаг. Гэтэл манай улсад цахим орчин нь үнэндээ ямар ч хяналтгүй dark web болсон нь харамсалтай. Сайд Х.Булгантуяа ч энэ байдлыг хамгийн сайн мэддэг тухайгаа телевизийн дэлгэцээр ам уралдуулан ярьж суусан цаг саяхан. Харин “амьдрал дээр гэдэг” шиг Хуулийн төсөлдөө энэ талаар тун бүрхэг тусгагджээ. Тухайлбал, хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц хориотой, хортой контент, бүтээл гэдэгт ямар шалгуур тавьж байгаа нь тодорхойгүй, хэн үнэлэлт дүгнэлт гаргах нь  мөн тодорхойгүй байна. Мөн хориотой, хортой контент, бүтээл мөн эсэх асуудлаар маргаан гарвал хэрхэн шийдвэрлэх механизм хуулийн төсөлд тусгагдаагүй байна.  

Хуулийн төслийн 3.4 дүгээр зүйлийн 3-т “... хүүхдийг эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх хориотой, хортой контент, бүтээлээс хамгаалах орон тооны бус дэд зөвлөл Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэд ажиллана” гэж заасан боловч энэхүү орон тооны бус зөвлөлийн гишүүдийг хэрхэн сонгох, орон тооны бус зөвлөлийг хэн байгуулах, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байх, ямар чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэх, шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй байх эсхүл зөвлөмжийн шинжтэй байх эсэх зэрэг холбогдох зохицуулалтууд хуулийн төсөлд тусгагдаагүйгээс хэрэгжих боломжгүй хуулийн заалт, ажиллах боломжгүй нэг бүтэц шинээр үүсч болзошгүй байна. Мөн зүйлийн 4-т “энэ зүйлийн 3-т заасан орон тооны бус дэд зөвлөл .... цахим орчин дахь хүүхэд хамгааллын салбарын дундын бодлогыг хэрэгжүүлж, хяналт тавина” гэжээ. Салбарын бодлого хэрэгжүүлж, хяналт тавих чиг үүрэг нь Яамны эрх зүйн байдлын тухай хууль болон Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар яам, агентлагийн чиг үүрэгт хамаарах тул чиг үүргийн давхардал үүссэн бүтэц шинээр бий болохоор байна. 

Мөн хуулийн төслийн 3.4 дүгээр зүйлийн 9-т “Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг баталж ...” гэж заасан нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 9.6 дахь хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.3 дахь заалтыг тус тус зөрчиж байна. Иймэрхүү байдлаар энэ хууль батлагдвал Цахим орчин “аймшгийн газар” байсаар байх болно. Бид асуудал аль хэсэгт байгааг харж сурах нь чухал.
Монгол Улсад бүтээгдсэн контент, нэвтрүүлэг цахим орчинд цацагдаад түүнээс хүүхдийг хамгаалах нь нэн тэргүүний асуудал болоод байгаа юм уу эсхүл цахим орчинд эцэг эхийн хяналтыг хэрэгжүүлэх, хүүхдийн цахим орчны хэрэглээнд хяналт тавих боломжийг бий болгох нь чухал байна уу гэдэг асуултыг эрхэм сайд нэг эргэн харж хууль сахиулах байгууллага, прокурор, шүүхийн төлөөллийг оролцуулж энэхүү хуулийн төсөлдөө үзэл, санааг нь тусгах нь зүйтэй биз ээ. Миний бие эрүүгийн шүүхийн тамгын даргаар ажиллах хугацаанд цахим орчин нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэх хамгийн таатай орчин  бодлогыг эрүүгийн шүүхээр шийдвэрлэгдсэн олон хэрэг, кэйсүүдээс харж, сонсож байсан. Хуурамч нэр хаяг бүхий аккаунтаар хүүхэдтэй холбоо тогтоож тэднийг бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах зэрэг гэмт хэргийн хохирогч бодлогыг нь харлаа. Наад зах нь дэлхийн олон оронд эрүүгийн хүнд гэмт хэрэгт тооцогддог хүүхдийн порнограпыг хориглосон түүнтэй тэмцэх зохицуулалт манай улсын хууль эрх зүйн тогтолцоонд алга байгааг анзаарч харах л хэрэгтэй гэж үзэж байна. Сайд таны боловсрол эзэмшсэн барууны өндөр хөгжилтэй оронд хүүхдийн бэлгийн эсрэг цахим мэдээлэл, тэр дундаа хүүхдийн нүцгэн зураг бичлэг зэргийг хадгалах нь хүнд ялтай гэмт хэрэг болдог шүү дээ. 


Малчид хүүхдээ хүнд хөдөлмөр эрхлүүлсэн гээд шийтгэгдэж ч болох нь ээ


   Хуулийн төслийн 3.1-р зүйлийн 5-д “эцэг, эх хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хүүхдээ хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрөх, хүүхдийн оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээндээ ажиллуулахыг хориглоно” гэж заасан. Энэ заалтыг Монголын уламжлалт нүүдэлчин ахуйгаас зааглаж өгөхгүй бол малчин эцэг эх хүүхдээ хонинд явуулах, адуугаа манах, усанд явуулах, түлээ хагалуулах зэрэг үйл бүхэнд ээж аав нь хууль зөрчигч болж болзошгүй байна.

Хууль тогтоомжийг нутагшуулах гэдэг чухал ойлголт эрх зүйн шинжлэх ухаанд бий. Монгол Улсын эдийн засгийн томоохон хөшүүрэг нь нүүдлийн мал аж ахуй байсаар ирсэн. Олон мянган жилийн туршид малчид хүүхдээ багаас нь мал маллах арга ухаанд сургах уламжлал байдаг болохыг захын Монгол хүн мэдэх билээ. Мөн хуулийн төслийн 3.1-р зүйлийн 9-д “Эцэг, эх нь хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагаас зохион байгуулах хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын сургалтад хамрагдаж тодорхойлолт авсны үндсэн дээр Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.6 буюу хүүхдийн мөнгөн тэтгэмж, Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 5.1.1 /жирэмсэн эхийн тэтгэмж/, 5.1.2 /0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж/-т заасан тэтгэмжид хамрагдана” гэж заажээ.

Хууль санаачлагч чухам ямар зорилгоор эцэг, эхийг сургалтад хамрагдах шаардлага тавьж байгаа нь тодорхой биш, энэ талаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөний үнэлгээ болон хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдаагүй байна. Мөн энэ сургалтыг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагаас хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа бүх эцэг, эхэд хийх хүний нөөцийн боломж  байгаа эсэх, жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эх, эцэг энэ сургалтад суух цаг, зав байх эсэх, амьдралд хэрэгжих боломжтой эсэхийг эргэн авч үзэх шаардлагатай байна. Сургалт нэрийн дор болсон болоогүй хөтөлбөр, сурах бичиг, гарын авлага гаргаж ямар ч үр дүнгүй татвар төлөгчдийн мөнгийг үргүй хоосон үрсэн ажил болох вий гэхээс санаа зовохгүй байхын арга алга. 


Тодорхойгүй, тодорхойгүй, тодорхойгүй............


    Хүүхдийн төрөл, садны гэр бүлд асруулах үндэслэлийг хуулийн төсөлд тусгасан. Гэвч үүнийг “4.5 дугаар зүйл. Хүүхдийг гэр бүлээс нь тусгаарлах үндэслэл” гэж оновчгүй тодорхойлсон. Мөн түүнчлэн хүүхдийг гэр бүлээс нь тусгаарлах үндэслэлүүд Гэр бүлийн тухай хуулийн 63 болон 64 дүгээр зүйлтэй агуулга давхардсан байна. Хуулийн төслийн 4.6 дугаар зүйлийн 1-т “хүүхдийг төрөл, садны гэр бүлд асруулах эсэхийг тухайн гэр бүлээс бичгээр зөвшөөрөл авч, гэр бүлийн нөхцөл байдалд үнэлгээ хийсний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасан. Гэвч хуулийн төсөлд гэр бүлийн нөхцөл байдалд хэрхэн, ямар журмын дагуу үнэлгээ хийх, хэн үнэлгээ хийх, гэр бүлийн нөхцөл байдал ямар түвшинд байвал хүүхэд асруулах шийдвэр гаргах асуудлыг зохицуулаагүй орхигдуулсан тул хуулийг хэрэгжүүлэхэд бэрхшээл үүсэхээр байна. Хуулиар зохицуулаагүй асуудлыг журмаар зохицуулах гэж оролдвол хуулиасаа давсан журам гаргаж хууль үнэгүйдэж, журам батлах эрх хэмжээтэй сайд дарга нар хууль тогтоогчоосоо давсан эрх хэмжээтэй болдог сөрөг үзэгдэл байдаг гэдгийг та анхааран үзэх нь зөв биз ээ. 
Хүүхдийг зөвхөн төрөл, садны гэр бүлд асруулахаар хязгаар тогтоох нь ганцаараа амьдардаг эмээ, өвөө, хүүхдийн авга, нагац ах, эгч нарт эмзэг нөхцөлд байгаа хүүхдийг асруулах боломжийг үгүйсгэж байна. 
Гэр бүлийн тухай хуулийн 68 дугаар зүйлд асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдвол зохих хүнд тавих шаардлагыг тодорхойлсон. Харин хуулийн төсөлд төрөл садны гэр бүлийн гишүүдэд ямар нэгэн шаардлага тавиагүй бөгөөд төрөл садны гэр бүлийн аль нэг гишүүн Гэр бүлийн тухай хуулийн 68-р зүйлд  заасан асран хамгаалагч, харгалзан дэмжигчид тавьсан шаардлагыг хангахгүй байж болох нөхцөлийг үүсгэсэн байна. Жишээлбэл: мансууруулах бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг хүний эхнэрийг эмзэг нөхцөлд байгаа төрөл, садангийн хүүхдийн асран хамгаалагчаар томилж хүүхдийг тухайн гэр бүлд асруулах нөхцөл үүсэж болзошгүй анхаарах шаардлагатай.  Тодорхойгүй, тодорхойгүй, тодорхойгүй нөхцөл байдлууд үргэлжилсээр.

Хүүхдийн асрамжийн газар төсвөөс санхүүждэггүй 

   Энэ хуульд тодорхойгүй байгаа нэг зүйл бол Хүүхдийн Асрамжийн газрын санхүүжилт. Хүүхдийн Асрамжийн газрын байгууллагад хамгийн их тулгамддаг нэг асуудал бол санхүүжилт байдаг бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар асрамжийн байгууллагын үйлчилгээг иргэн, хувийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага үзүүлэхээр заасан. Өөрөөр хэлбэл төрийн харьяа асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллага байхгүй байхаар хуульчлагдсан. Төрөөс асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагыг санхүүжүүлэх зорилгоор 2018 онд Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай асрамжийн газарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг гаргасан бөгөөд тус журмаар зөвхөн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвд санхүүжүүлэлт олгохоор тусгасан байна. Өөрөөр хүүхдийн асрамжийн байгууллагад төрөөс санхүүжилт, тусламж дэмжлэг авах боломж байхгүй байгааг энэ хуульд тусган  өөрчлөх санаачилга ч мөн л алга байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүүхэд үрчилж авсан эцэг эхэд үүрэг хариуцлага хүлээлгэх, үрчлэх ажиллагааг дуусгавар болгох, үрчлэлт цуцалсан тохиолдолд хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд туслалцаа үзүүлэх тухай заасан ч тухайн хүүхэд үрчлэлт нь гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчилсэн тохиолдолд яаж хэрэгжих, хэрхэн хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих зэрэг асуудлууд тодорхойгүй байна. Өдгөө гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх үйл ажиллагааг Гэр бүлийн тухай хууль болон журмаар зохицуулсан байх бөгөөд хүүхдийг 16 нас хүртэл тодорхой хугацааны давтамжтайгаар хүүхдийн талаарх мэдээллийг Монгол удсад хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд ярилцлага уулзалт хийх гэсэн хяналтыг аргаар хүүхдийг хамгаалж байгаа нь хангалтай хэмээн үзэхэд учир дутагдалтай байна. Мөн журманд олон нийтийн хяналт хэмээн заасан ч тухайн хяналт нь ямар арга, хэлбэрээр хэрэгждэг хяналт болох нь тодорхойгүй, нарийвчилсан зохицуулалт алга байна.


Энэхүү хуулийн төсөлд дараах хэдэн зүйлсийг нэмж тусгах шаардлагатай хэмээн судлаачийн хувьд үзэж  байна. ҮҮНД: 
Хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл “Хүүхэд өөрөө болон итгэмжит төлөөлөгчөөрөө дамжуулан” “гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж болно” гэсэн нарийвчилсан зохицуулалтыг хуулийн төсөлд нэмж тусгах, хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсон талаар мэдээлсэн мэдээллийг заавал бүртгэлжүүлж, материалжуулан шалгах зохицуулалтыг бусад хууль тогтоомжид тусган хуульчлах.


Хүүхэд хамгааллын тухай хууль болон Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд хүүхэд харах үйлчилгээний нэг байранд ажиллах хүүхэд харагчдын нэгээс доошгүй нь эмэгтэй буюу аль нэг хүйсийнх байхаар тусгаж, зохицуулах нь Жендэрийн эрх тэгш байдлын зарчимд ямар нэг байдлаар харшлахгүй бөгөөд дээрх байдлаар зохицуулснаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан хүүхэд хамгаалал хүртээмжтэй байх, хүүхэд хамгааллыг нийгмийн бүх орчинд хэрэгжүүлэх зарчмуудыг жинхэнэ утгаар хэрэгжихэд дөхөм болно. Түүнчлэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болохоор заасан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах, хувцсыг солих, шаардлагатай тусламж үзүүлэхэд хүүхэд харагчдын хүйсийн байдал тодорхой байдлаар нөлөөлж болох тул энэ талаар зохицуулалт хийх нь зүйтэй юм. 


Эцэг эх нь хүүхдээ үл хайхрах байдал гаргахгүй байх үүргийг хуулийн төсөлд нэмж хуульчлах. Мөн түүнчлэн хуулийн төслийн “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт” хэсэгт “Үл хайхрах байдал” гэж  “Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар үүрэг хүлээсэн этгээд хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэнд, хөгжил, боловсрол, хайр халамж, аюулгүй байдлыг нь хангах зэрэг суурь хэрэгцээг нь гачигдуулсны улмаас хүүхдэд гэм хор учруулсан болон учруулахаар завдсан буюу учруулахуйц нөхцөл байдал бүрдүүлсэн, эсхүл мэдсээр байж хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй байдлыг” хэлнэ гэж нэмж хуульчлах.


 Олон нийтийн үйлчилгээ, арга хэмжээний үед хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг хуулийн төсөлд дутуу зохицуулсан байгаа тул дараах тусгайлсан заалтуудыг зайлшгүй хуулийн төсөлд нэмэх:


-Олон нийтийн үйлчилгээ, арга хэмжээний үеэр хүүхэд төөрөх, алга болсон үед хэрхэх талаарх зохицуулалт.
-Халдварт өвчин гарч олон нийтийн үйлчилгээ, арга хэмжээг хориглосон үеийн хүүхдийг олон нийтийн газар зорчуулахгүй байх талаарх эцэг эх, асран хамгаалагчийн үүрэгтэй холбоотой зохицуулалт.
-Хүүхдүүд хүүхдийн эрхийн төлөөх жагсаал, цуглаан зохион байгуулах, оролцох үеийн зохицуулалт
-Насанд хүрэгчдийн жагсаал, цуглааны үеийн хүүхэд хамгааллын зохицуулалт
-Нийтийг хамарсан үймээн, самууны үеийн хүүхэд хамгааллын зохицуулалт


Уг Хуулийн төсөлд болон Барилгын тухай хуульд хүүхэд хамгааллын таатай орчинг бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй барилга байгууламжийг бий болгох, барилга байгууламж дотор буюу түүний ойр орчимд хүүхдийн аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлэх, хүүхдийг хэрхэн хамгаалах талаарх зохицуулалтыг нэмж тусгаж, хуульд тусгай бүлэг, зүйл оруулах саналтай байна. 


Энэхүү хуулийн төсөл нь бусад хууль тогтоомжийн зүйл заалттай зөрчилдсөн, давхардсан зэрэг олон хийдэл, зөрчил байгаа бөгөөд эдгээрийг засахгүй бол Хүүхэд хамгааллын тухай хууль маань өөрөө Хүүхдийн эрхийн дам зөрчлийг үүсгэх гол аюул оршиж байна. Үүнийг хэрхэн засах талаар хууль тогтоогчид, эрдэмтэн судлаачид, хүүхдийн эрхийг хамгаалах  талаар ажилладаг Төрийн болон Төрийн бус байгууллагынхан анхаарах цаг болжээ. Хэдүүлээ “Ниргэсэн хойно нь хашгирав” гэдэг болчихгүй юмсан.

Аливаа хуулийг шинэчлэн найруулж байгаа бол хуучин хуулийн алдаа оноог бүрэн судалж сайжруулах ёстой. Гэтэл хууль бодит байдал дээр хэр нийцэж байсан ямар алдаа байсан гэдгийг нарийвчилж судлаагүй байгаагийн нэг гол жишээ нь хамтарсан багийн асуудал юм. Хамтарсан баг гэж тухайн хороонд ажилладаг хорооны цагдаа, нийгмийн ажилтан гээд үндсэн эрхэлдэг ажил нь маш ачаалалтай хүмүүст уг асуудлыг нэмэлтээр хариуцуулснаар тухайн хүмүүс хүүхэд хамгааллын ажилд бүрэн анхаарах боломжгүй байдлыг үүсгэсэн.

Хамтарсан баг ажиллаад яагаад хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурахгүй байгаагийн нэг жишээ энэ. Үндсэн ажлаа хийхийн хажуугаар хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг бүхэлд нь хангах ямар ч боломжгүй юм. Энэ байдлыг судалж үзэхгүйгээр мөн хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэж дарга нараас бүрдсэн шинэ бүтэц, гээд олон тооны орон тооны бус зөвлөлүүдийг тусгасан нь хүүхэд хамгааллын асуудлыг анхаарлын төвд оруулж шийдвэрлэж чадахгүй байгаа нэг гол шалтгаан гэж үзэж болох юм. 

Дээрх байдлуудаас харахад хууль хэрэгжиж асуудлыг уг үндсээр нь шийдвэрлэхээс илүүтэй хүүхдийн асуудлыг хэн нэгэнд хариуцуулсан нэр хэмээж аргацаах сонирхол хууль санаачлагчид байна гэж хардаж болохоор. 
Энэ хуулийн үйлчлэх хүрээнээс харахад эцэг эх, асран хамгаалагч нь хэн байхаас үл шалтгаалж хүүхэд бүрийг хамгаалах нь гол зорилт болох ёстой юм. 
 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0