богино мэдээ New

П.Мөнхбаатар: Тархи нугасныхаа шингэнийг алдаж байсан өвчтөнийг монголдоо эмчилсэн

Гэтэл суурь хөндийг нээгээд тархи, нугасны шингэнийг эмчилчихэж байна гэдэг маш том амжилт. Баргийн эмнэлэгт суурь хөндийг нээж чадахгүй шүү дээ. .

Манай эмч нар ховор тохиох нэгэн өвчнийг эх орондоо эмчилжээ. Тархи, нугасны шингэн нь хамраараа гоожоод тогтохгүй, хугацаа алдвал менингит болох эрсдэл өвчтөн Д-д нэлээд өндөр байсан гэнэ. Олон сар, өчнөөн эмнэлгээр яваад онош нь тодроогүй аж. Хамгийн сүүлд АШУҮИС-ийн Нэгдсэн эмнэлгийн Чих, хамар, хоолой судлалын тэнхимийн эмч, багш нарын ачаар тэрбээр эрүүл болж, эсэн мэнд үлджээ. Түүний амийг аварсан, тус тэнхимийн багш П.Мөнхбаатартай ярилцсанаа хүргэе.

-Тархи, нугасны шингэн ямар тохиолдолд хамраас гоождог юм бэ?

-Баянхонгор аймгийн иргэн, 37 настай Д-г бидэн дээр ирэхээс гурван сар орчмын өмнөөс хамраас нь шингэн зүйл гарч эхэлсэн гэсэн. Олон эмнэлгээр явсан ч онош нь тодроогүй. Зарим нь харшил гэсэн байна лээ. Зүгээр сууж байхад, тонгойх үед хамрынх нь зүүн нүхээр өнгө, үнэргүй шингэн зүйл гоожиж байсан л даа. Хамрыг дурандахад хаанаас гарч байгаа нь тодорхойгүй, яг л ус шиг дусалж байсан. Тэгээд шингэнээс нь дээж авч, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн лабораторид шинжлүүлэхэд тархи, нугасны шингэн болох нь тогтоогдсон.

Тодруулбал, уг шингэн хамрын суурь хөндийгөөс гадагшилж байсан юм билээ. Тэгээд бид өвчтөнийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч О.Алтай-Очир луу явуулсан. Өвчтөн Д яагаад ийм эмгэгтэй болсон нь тодорхойгүй. Ямар нэгэн бэртэл ч авч байгаагүй юм билээ. 170 см өндөр, 120 кг жинтэй, тархины дотоод даралт нь ихэсдэгтэй ч холбоотой байж мэднэ. Бид уг өвчний талаар сар гаруй судалсан. 40-өөд сая хүнтэй Польш улсад л гэхэд хоёрхон хүн ийм өвчин туссан байсан. Тэгэхээр гурван сая хүнтэй манайд нэг, оношлогдоогүй хэдэн хүн байгааг хэлж мэдэхгүй. Гэхдээ энэ маш ховор өвчин.

-Улсын гуравдугаар төв эмнэлэг рүү өвчтөнөө шилжүүлчихээд яагаад буцаагаад авчирсан юм бол?

-Тархийг нээж, шингэн гоожоод байгаа хэсгийг бөглөх ёстой. Гэвч ийм хагалгааны дараа хэд хэдэн эрсдэл учирч болзошгүй. Өвчтөн үнэрлэж чадахаа болино. Цаашлаад тархины үйл ажиллагаа нь өөрчлөгдөж, унаж татдаг болж ч мэднэ. Энэ бүх эрсдэлийг өвчтөнөөс нууж болохгүй. Хэрвээ дурангаар энэ хагалгааг хийвэл гавал тархийг нээсэн шиг хүндрэл гарахгүй, амьдралын чанарт нь ч эерэг нөлөөтэй. Бид анх удаа ийм хагалгаа хийх гэж буйгаа өвчтөнд хэлсэн. Аль эмнэлэгт хагалгаа хийлгэхээ тэр өөрөө шийдсэн. Тэгээд л бид хагалгаанд бэлдэж эхэлсэн дээ.

Хамрын суурь хөндий нь өнчин тархины ойролцоо байрладаг. Өвчтөний хувьд тархины хатуу бүрхүүл даралтаа даахгүй, суурь хөндий рүүгээ цүлхийгээд ороод ирсэн, хальс нь хагарчихаад шингэн гоожоод байсан юм билээ. Анхандаа шингэн гоожиж байгаа газар нь лабораторийн болон CT, MRI-гаар харагдаагүй. Ийм тохиолдолд хагалгаа хийхэд түвэгтэй, яг алийг нь бөглөх билээ. Тиймээс гадаадын эрдэмтдийн судалгааны ажлуудыг үзэж, төстэй шинж тэмдэгтэй хүнийг хайж эхэлсэн.

Тэгтэл эмчилгээний нэг аргачлал олж мэдсэн юм. Мэс засал хийхээс 30-60 минутын өмнө флуоресцен гэдэг тодосгогч бодисыг нугасны шингэн рүү шахаж, аль хэсэгтээ цоорсныг мэдэж болдог юм билээ. Манай тэнхимийн Бурмаа ахлагчтай унтуулгын багийнхан уг бодисын хэмжээ дамжааг нь нарийн тохируулж, нугасаар нь шахсан. Шургуулдаг гуурс нь хүртэл гадуур байдаггүй. Зөвхөн мэдрэлийн мэс заслынханд л байсан. О.Алтай-Очир эмч бидэнд гуурс өгч, маш их тусалсан. Мөн тархи, нугасны шингэний цоорхойг хэрхэн бөглөх, ямар цавуу хэрэглэдэг гээд бүгдийг нь зааж зөвлөсөн.

-Флуоресцен бодис маш аюултай, нугасаар шахсан тохиолдол нь ч анхных гэл үү?

-Тийм ээ. Гадаадад л энэ аргыг ашигладаг. Тарьснаас хойш 30 минутын дараа нугасны шингэний өнгө өөрчлөгддөг. Флуоресцен нь тодруулагч шиг л шингэний өнгийг хувиргаж, цоорсон хэсгийг олоход тусалсан. Хамрын суурь хөндийг дурангийн аргаар нээхэд дөрвөн мм орчим эвэрхий үүссэн байсан. Түүнийг бас нээж, тархитай холбогдсон сувгийг эдийн цавуу, мөгөөрс, хальс, яс, өөх зэргээр нөхсөн. Хэрвээ үүнийг эмчлэхгүй, шингэн алдуулаад яваад байвал менингит болж, үхэлд хүргэх аюултай.

Гуравдугаар эмнэлгийнхэнтэй удаан зөвлөсний эцэст манай чих, хамар, хоолойн эмч нар уг хагалгааг гардан хийсэн. Хамгийн гол нь өвчтөнийхөө ирээдүй, амьдралын чанарыг нэгдүгээрт тавих ёстой. Өдгөө бие нь маш сайн, хамраас нь ямар нэгэн шингэн зүйл гараагүй. Ямар нэгэн шарх, сорвигүй учир эдгэрэх нь ч хурдан.

-Усан нус байнга гоождог хүмүүс бодууштай л юм байна. Сүүлийн үед чих, хамар, хоолойн ямар өвчин зонхилж байна вэ?

-Харшлын улмаас хоёр хамраас нь шингэн нус гарч болно. Эсвэл ээлжилж гоожих нь ч бий. Үүнийг тархи, нугасны шингэн гэж андуурч болохгүй. Их сургуулийн нэгдсэн эмнэлэг байгуулагдаад 5-6 жил, чих, хамар, хоолойн эмчилгээ хийгээд хоёр жил орчим болж байна. Эрүүл мэндийн даатгалтай л бол нас, харьяалал харгалзалгүй манайхаар үйлчлүүлж болно.

Өдгөө хамрын дайвар хөндийн үрэвсэл (гамрет), хамрын дурангийн хагалгаа, ургацаг авах, хамар, таславчийн мурий засах, хэнгэрэг нөхөх, хоолойны мах авах хагалгаа түлхүү хийж байна. Хамрын үрэвсэлтэй хүмүүсийн таславч нь дандаа мурий байдаг. Нийт хүн амыг 100 хувь гэж үзвэл талынх нь хамрын таславч мурий байгаа. Зовиуртай л байвал яаралтай эмчлүүлэх шаардлагатай. Өндөр хөгжсөн орнуудад харшлын гаралтай хамрын үрэвсэл зонхилдог. Харин манайд гэмтэл, бохир орчноос үүдэлтэйгээр хамрын өвчин элбэг.

Манай улсад дурангийн хагалгаа хөгжөөд удаагүй байгаа. Гэтэл суурь хөндийг нээгээд тархи, нугасны шингэнийг эмчилчихэж байна гэдэг маш том амжилт. Баргийн эмнэлэгт суурь хөндийг нээж чадахгүй шүү дээ. Цаашид бид хүзүү, толгойн мэс заслыг чих, хамар, хоолойтой нэгтгэхээр ажиллаж байна. Тэгэхээр бамбай, шүлсний булчирхай, төвөнх, эрүү, нүүрний хортой, хоргүй хавдар, толгой, хүзүүний гэмтэл зэргийг эмчилдэг болох юм. Одоогоор манай их сургуулийн нэгдсэн эмнэлэг улсын хэмжээнд III шатлалын тусламж үзүүлж буй ч статус нь тодорхой болоогүй л байна.

Эх сурвалж: Үндэсний өдөр тутмын ӨНӨӨДӨР сонин