Риогийн олимп ба Монголын шигшээ баг тамирчид


2016-08-22 14:16:22 0

www.zaluu.com

“Рио-2016” зуны Олимпын 31 дүгээр наадмын хаалтын ёслол Бразилын Рио де Жанейро  хотын Маракана цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөлөө. 

 Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон спортын их наадамд дэлхийн 205 орны 11200 тамирчин оролцлоо. Манай улсаас Есөн төрлөөр 43 тамирчин өрсөлдөн нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнээр энэ удаагийн олимпыг өндөрлүүлж байна. Монгол Улсын гавъяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа, боксчин Доржнямбуугийн Отгондалай нар Монгол түмнээ баярлуулж мөнгө, хүрэл медаль хүртэв. 

Манай тамирчдаас тэмцээн уралдаанд хэрхэн оролцсон байдлаар нь дүгнэвэл

Жүдогийн шигшээ багийн тамирчин Д.Сумъяа Бразилийн бөх Силватай барилдан харамсалтайгаар ялагдан мөнгөн медаль хүртсэн. Силва манай бөхийг тохойгоороо хөшиж унагаасан ба өөрийгөө хасагдлаа хэмээн ямар царай гаргасаныг бүгд харсан. Гэвч нутгийн дэвжээ түүнийг түшин торгууль өгсөнгүй. Мөн манай бөхийг вазари үнэлгээний мэх хийхэд нь шүүгч нар нүдээ аниад өнгөрсөн юм. Манай бусад бөхчүүдээс Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө барилдсан . Тэрбээр Хятадын бөхтэй барилдахдаа гэмтэл авсан ба эцсийн хүчээ шавхан үзсэн боловч болсонгүй. Бас нэгэн онцлох бөх бол дэлхийн аварга М.Уранцэцэг. БНСУ-ын бөхтэй барилдахдаа тэрээр өрсөлдөгчийнхөө өмдөнд хүрсэн хэргээр ялагдал хүлээн Алтан медалийн төлөө барилдах боломжоо алдсан. Хүрэл медалийн төлөө мөнхийн өрсөлдөгч А.Кондод ялагдан үзэгчийн суудалд шилжсэн юм. Бусад бөхчүүдийн хувьд хангалттай сайн байж чадсангүй өрсөлдөгчдөө ялагдан олимпоо дуусгасан билээ. 

Буудлага спорт 

МУГТ, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар хоёр төрөлд оролцсон. хийн гар бууны 10 метрийн дасгалд О.Гүндэгмаа 379 оноогоор 20 дугаар байрт шалгарсан бол Ц.Мөнхзул 378 оноогоор 32 дугаар байрт оржээ. Ингэснээр манай хоёр шигшээ буудлагад шалгарч чадсангүй. Мөн спорт гар бууны 25 метрийн дасгалд шигшээ буудлагад шалгарсангүй, тэмцээнээ дуусгав. Урт бууны төрөлд Г.Нандинзаяа  эмэгтэйчүүдийн 50 метрийн чансаа тогтоох тэмцээнд Чехийн тамирчинтай адил оноо авсан ч хяналтын оноогоороо есдүгээрт эрэмбэлэгдэж, тэмцээнээ өндөрлүүлэхээр боллоо.

Марафон гүйлт

Эртний олимпын хамгийн хүнд төрөл байсан марафоны тэмцээнд манай таван тамирчин анх удаагаа эрхээ аван өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн төрөлд манай улсаас гавьяат тамирчин Б.Сэр-Од 2.24:26 секундын амжилтаар 92, ОУХМ Д.Гантулга 2:27:42 секундаар 107, Ц.Бямбажав 2:36:14-өөр 130 дугаар байрт шалгарлаа. Харин эмэгтэйчүүдийн уралдаанд Б.Мөнхзаяа 2:43:55 цагийн амжилтаар 72-р орсон бол Л.Отгонбаяр 2:45:55 цагийн амжилтаар 85-р орж иржээ. Энэхүү төрөлд Монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулсан таван марафоны тамирчиддаа баяр хүргэх нь зүйтэй. Эдгээр тамирчдыг өвөл бэлтгэл хийх боломжоор нь хангаад өгвөл үүнээс ч илүү амжилт үзүүлэх боломжтой юм. 

Таеквондо

Монголын таеквондогийн спортын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэх П.Тэмүүжин эх орноо, Монголын бүх таеквондогийн спортод сэтгэл, зүрхээ зориулж буй тамирчдаа төлөөлж Олимпийн их наадамд оролцлоо. Манай тамирчин П.Тэмүүжингийн хувьд эхний тулаанаа Мексик улсын тамирчин Саул Гутиеррезтэй хийсэн юм. Дэлхийн чансаанд гуравт эрэмбэтэй 191 см өндөр өрсөлдөгчөө тэрбээр хүнд тулааны эцэст 12:11-ээр ялсан билээ. Эхний хоёр үед 7:2-оор ялагдаж явсан П.Тэмүүжин сүүлийн үед 10 оноо өрсөлдөгчөөсөө салган эхний ялалтаа аван Монгол түмнээ баясгасан юм. Ялангуяа түүний эргэлттэй өшиглөлт оновчтой болсон нь гайхалтай байлаа. 

Олимпийн наадамд өрсөлдсөн монголын анхны таэквондоч П.Тэмүүжин шилдэг 8-д олимп, дэлхийн аварга испанийн Х.Гонзалезтэй тулалдан, 4:7-оор дийлдлээ. Түүний өрсөлдөгч дараагийн тулаандаа дийлдсэн тул манай хүн дагах тулаан хийж чадсангүй.

Таэквондогийн спортын түүхэнд шинэ хуудас нээсэн танд БАЯРЛАЛАА!

Хүндийн өргөлт 

Хүндийн өргөлтийн тамирчин ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг Риогийн дэвжээнд өчигдөр өрсөлдөж наймдугаар байр эзэллээ. Тэрээр огцом өргөлтөөр 106кг, түлхэлттэй өргөлтөөр 131кг өргөж нийлбэр дүнгээр 237кг өргөж 8-р байрт орлоо.

Энэ бол Монголыг хүндийн өргөлтийн олимпийн наадамд үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм.

М.Анхцэцэг 18-хан насандаа анхны олимпдоо оролцож бага зэрэг туршлага дутсан бололтой. Бэлтгэл дээр байдаг үеийнх шигээ өргөсөн бол хүрэл медаль авах хэмжээнд байлаа. Гэсэн хэдий ч Анхцэцэг маань Монголын Хүндийн өргөлтийн амжилтыг алхам алхамаар урагшлуулсаар байна. Баяр хүргэе Анхаа 

Бокс

Монголчуудын медаль хүлээдэг төрөл бол бокс. Сүүлийн хоёр олимпод 1 алт. 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн ширэн бээлийтэнүүдээс Монголчууд медаль хүлээж байсан. Доржнямбуугийн Отгондалай монголчуудынхаа итгэлийг алдалгүй сайн тоглож хүрэл медаль хүртсэнээр боксын буухиаг залгуулав. Тэрбээр Францын тамирчинтай гурван үе тоглохдоо илүү байж чадсан боловч шүүгчид манай тамирчинд ээлгүй байлаа. Хэрвээ тэрээр Бразилийн боксчинтой таарсан бол ялах магадлал өндөр байсан бөгөөд өмнө нь хоёр ч удаа түүнийг ялсан байсан юм. 

Мөн залуу тамирчин Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө тоглон АНУ-ын Ш.Стивенсонд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв. Нас чацуу хоёрын тулаан сонирхолтой байж манай Э.Цэндбаатар тогдох учраа олж чадалгүй байсаар ялагдсан. Гэхдээ түүнд цаашид олон олон тэмцээнд оролцох нас , эрч хүч бий.  Б.Түвшинбат, Б.Чинзориг нар өрсөлдөгчөө ялсан бол медалийн төлөө үзэх боломж байсан ч ялагдал хүлээсэн билээ. 

Усанд сэлэлт

ОУХМ Б.Дөлгөөн усан спортын төрлийн 50м-ийн зайнд өрсөлдөж 24,90 секундын хурдаар 85 тамирчнаас 60-р байранд шалгарлаа.  Мөн усан сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрөлд Монгол улсын тамирчин 16 настай Б.Есүй оролцлоо. Тэрбээр уралдааны дөрөвдүгээр гараанд гарч зургаан тамирчнаас хоёрт орсон Б.Есүй 28.40 секундэд туулсан амжилтаар нийт 88 тамирчдаас 60 дугаар байрт орсон байна. Хэрвээ манай улс эдгээр тамирчдаа америк, австрали биш юмаа гэхэд япон багштай болгож тэнд хэдэн жил байлгавал Токиогийн олимпоос харах нэгэн төрөл нэмэгдэх буй за. 

Чөлөөт бөх

Олимпын сүүлийн өдрүүдэд болсон Чөлөөт бөхийн тэмцээнээс монголчууд маш их зүйл хүлээсэн билээ. Гэвч тэд энэ удаа ганзага хоосон ирэхнээ. Өчигдөр МУГТ Г.Мандахнаран хүрэл медалийн болзол хангасан боловч торгуулийн нэг оноо алдан тэмцээнээ дуусгав. Манай бөх сүүлийн найман секунд сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй өрсөлдөгчтэйгээ тулж хамгаалаагүй нь алдаа болсон юм. Хэрвээ тулаад хамгаалсан бол шүүгчтэй нь хамт Узбекийн бөхийг ялах байлаа. Энэ Узбекийн бөх өмнөх барилдаанууд дээр ч гэсэн шүүгчийн дэмжлэгээр ялалт авсан бөх юм. Г.Мандахнаран маань ийнхүү медалийн болзол хангаад алдлаа. 

Бусад бөхчүүдийн хувьд маш хангалтгүй байсан бөгөөд Э.Бэхбаяр олон жилийн хөдөлмөрөө өөрийн хайхрамжгүй байдлаас болж алдан Сенегалын бөхөд ялагдсан. П.Өнөрбат, Ж.Чулуунбат, О.Үйтүмэн, Д.Хүдэрбулга нар өрсөлдөгч бөхөө шилдэж тулж зогсохоос өөрийг хийж чадсангүй. 

Эмэгтэй бөхчүүдийн хувьд байдал бүүр ч дордсон. Гол найдвар С.Батцэцэг гэмтэл авсан бол Э.Сумъяа хөлдөө 6 удаа алдаж ялагдал хүлээх нь тэр. Түүнд ялах боломж байсан боловч дөнгөж бөхөөр хичээллэж байгаа хүүхэд шиг хөлдөө алдаад байсан юм. П.Орхон өмнө нь алдарт К.Ичог ялж шуугиан тариад байсан боловч Олимпын дэвжээ ямар хатуу вэ гэдгийг мэдэрлээ. Харин О.Насанбурмаа Оросын Н.Воробьеваг ялж чадсан бол Сара Дошотой аваргын төлөө ч өрсөлдөх боломжтой байсан. Гэвч Оросын бөхийн шийдсэн мэхэнд цаг дуусахаас хэдхэн секундын өмнө орж өөрийн ялалтаа алдлаа. 

Энэхүү олимпод Монголын баг тамирчид 1 мөнгө, 1 хүрэл медалтайгаар "Рио 2016" зуны олимпод 67 дугаар байрт жагсжээ. Д.Сумъяагийн Мацумотог ялсан барилдаан, Х.Эрдэнэт-Одын сэтгэл хөдлөл, П.Тэмүүжингийн Мексикийн тамирчинтай хийсэн тулаан, Д.Отгондалайгийн тоглолтууд Монгол түмнээ баярлуулж, бахдуулж, омогшуулсан сайхан агшинууд байлаа. 

Баяртай РИО

Сайн байна уу? Токио