Алтайн улаан ямааг шинэ үүлдрээр баталлаа


2016-07-01 12:50:10 0

Хүнс хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн хуралдаанаар, Хэнтий аймгийн Галшар суманд үржүүлж буй Галшар угшлын адуу, Ховд аймгийн Алтай суманд үржүүлж буй Алтайн улаан ямаа, Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд үржүүлж буй Бөмбөгөрийн улаан ямааг шинэ үүлдрээр баталжээ. Эдгээр шинэ үүлдрүүд нь олон жилийн хугацааны судалгаа, шинжилгээ, үржил селекцийн ажлын дүнд ашиг шим өндөртэй, бусад нутгийн малаас ялгарах онцлог давуу шинжүүдтэй нь тогтоогдсон байна. Шинэ үүлдрээр баталсан Алтайн улаан ямаа нь Ховд аймгийн Алтай суманд байдаг. Үржил селекцийн ажил 1976 оноос хийж эхэлсэн ба дотроо үндсэн гурван удамтай аж. Өнөөдрийн байдлаар нийт 12 аймаг 80 суманд тархсан, шилмэл хээлтэгч хээлтүүлэгчийг өсгөж, 3.5 сая ямааг тус үүлдрээр сайжруулжээ. Үүлдрийг сайжруулснаар нэг ямаанаас гарах ноолуурын хэмжээ 80 грамм орчим нэмэгджээ Ингэснээр нэг ямааны ноолуураас авах ашиг 27 мянган орчим хэмээн тогтоожээ.

Б.ЦОГ /www.medee.mn/