Эмгэнэл: Монголчуудын бахархал болж чадсан юм шүү, дүү минь


2017-02-02 13:25:32 0

Монгол түмний хайртай хүү, бахархалт дүү минь таалал төгссөн тухай харамсалтай мэдээг мэдэх тэр мөчийг үгээр илэрхийлж чадашгүй нь.

Наргианч зан, дотно инээмсэглэл, дотор минь хургасан тэр л сайхан төрх, он жилүүд кино хальс шиг зурайн харагдах шиг болсон. Үгүйлэн хайрлах гашуун мэдрэмж сэтгэл эзэмдэж, одоо ч итгэж өгөхгүй л байна.  Хорвоо хатуугаас хатуу юм даа. Сэтгэл зүрхэнд минь үүрд мөнх хоногшиж, биднийг дурсамж минь хамт байлгах болно.

2000  оноос бидний холбоо эхэлсэн юм. А.Хүчитбаатар маань 2000 оны дөрөвдүгээр сард  Японы Хөдөө аж ахуйн их сургуульд оюутан солилцооны шугамаар элсэж,  сургуулийнхаа сүмогийн клубт хичээллэх болсноор багш шавь, ах дүү болцгоосон билээ.

Түүний амжилт  чамлахааргүй  их. 2002 оны долоодугаар  сард анх удаа мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдсан төдийгүй дээд зиндаанд нийт 548 ялалт байгуулж, 84 башёд барилдсан байна. Бас шаггүй жүдоч.

Тийм ч учраас уран барилдаанч болохын зэрэгцээ 2007 оны гуравдугаар  сард мэргэжлийн сүмо дахь хамгийн өндөр амжилтаа гаргаж зүүний комүсүби цолонд хүрсэн юм.

Арлын Япон оронд эх орноо төлөөлөн барилдсан олон аавын хөвгүүдийн түүчээ байж, Монголчуудын бахархал болж чадсан юм шүү, дүү минь. Токитэнкү А.Хүчитбаатарын ар гэр, найз нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болох болтугай.

ХҮНДЭТГЭСЭН: СУМО БӨХИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ КЁКШҮЗАН Д.БАТБАЯР