Гурван улсын анхны транзит тээврийн цуваа Улаанбаатар хотноо ирлээ


2016-08-22 13:17:14 0

 

Ташкент хотод өнгөрсөн зургаадугаар сард Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалтаар манай гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрт гарын үсэг зурсан билээ.

 

Энэхүү хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд гурван улсын тээврийн асуудал хариуцсан яамд хамтран “БНХАУ-ын Тяньжин боомт – Монгол Улсын Улаанбаатар хот – ОХУ-ын Улаан-Үд хот” чиглэлд туршилтын ачаа тээвэрлэлтийг 2016 оны наймдугаар сарын 13-25-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. 

 

Энэхүү хөтөлбөр бодитоор хэрэгжиж, гурван улсын тээврийн анхны цуваа өнөөдөр Улаанбаатар хотноо ирж, угтан авах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 

 

Олон улсын дамжин өнгөрөх транзит тээврийн энэхүү үйл ажиллагаа нь гурван улсын эдийн засаг, худалдаа, тээврийн хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын тээвэрчид, гуравдагч улс орнууд руу тээвэрлэлт хийх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх боломжийг олгож буй юм. 

 

Монгол-Хятад-Орос гурван улсын зам, тээврийг төлөөлөн Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, БНХАУ-ын Тээврийн яамны газрын дарга Ван Шао Пин, ОХУ-ын Тээврийн яамны Төрийн бодлогын газрын дарга Бакерей Алексей Сергеевич болон албаны бусад хүмүүс оролцлоо.

shuud.mn