богино мэдээ New

Д.Одхүү: Эгийн голын усан цахилгаан станци бидний хувьд амин чухал

Эгийн голын усан цахилгаан станцын ажлын явцын талаар төслийн нэгжийн захирал Д.Одхүү Усан цахилгаан станцуудыг барих нь эрчим хүч гаргаж авахын зэрэгцээ ард иргэдийг ундны усаар хангах, үер ус, ган гачигаас сэргийлэх зорилгууд эн тэргүүнд тавигддаг .

Эгийн голын усан цахилгаан станцын ажлын явцын талаар төслийн нэгжийн захирал Д.Одхүүтэй МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчид болон ОХУ­ын “Восточно­-Сибирская правда” сонины сэтгүүлч Е.Б. Щербаков нар ярилцлаа.

-Усан цахилгаан станцуудыг барих нь эрчим хүч гаргаж авахын зэрэгцээ ард иргэдийг ундны усаар хангах, үер ус, ган гачигаас сэргийлэх зорилгууд эн тэргүүнд тавигддаг. Энэ утгаараа Монголын хувьд Эгийн голын усан цахилгаан станц чухал ач холбогдолтой?

Ихэнх тохиолдолд дэлхийн улс орнуудад усан цахилгаан станц болон түүний усан санг барих анхдагч хэрэгцээ нь ундны цэвэр усны зохицуулалт байдаг. Монголын хувьд ч ийм зорилготой бөгөөд цэнгэг усны нөөц хомс манай орны хувьд хойшлуулашгүй амин чухал төсөл юм.

-Монголын газар нутгийн дийлэнх нь говь тал шүү дээ?

Сүүлийн 10­-15 жилд цөлжилт маш эрчимтэй явагдаж байна. Улс үндэстний амин чухал хэрэгцээ бол мэдээж ус. Гамлетийн “орших уу, эс орших уу” гэж үг байдаг. Яг л ийм асуулт бидний өмнө байна. Тийм учраас Монгол гэж улс оршин тогтнохын тулд, бага ч гэсэн устай байхын тулд энэ төслийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Оросын ард иргэд, үүнийг ойлгоно гэж найдаж байна. Жил ирэх тусам ОХУ-­аас авах импортын цахилгааны үнэ өсч байгаа. Үүнтэй зэрэгцэн цахилгаан дамжуулах сүлжээний маань хүчин чадлын асуудал тавигдаж байна. Манай улс цахилгаан дамжуулах ганцхан хэлхээ шугамтай, тэр нь аль хэдий нь 30 гаруй жилийн настай болчихсон байгаа. Улс даяараа ингэж ганцхан шугмаас хамаарч болохгүй, тийм ч учраас энэ асуудлыг аль болох хурдан шийдэх хэрэгтэй байна.

-Тоо баримтын талаар асуух зүйл байна. Монголын төвийн  эрчим хүчний системийн үйлдвэрлэж буй нийт чадал нь ойролцоогоор 917 мВт бол харин хэрэглээ нь 1071 мВт гэсэн мэдээлэл байсан. Одоогийн байдлаар эрчим хүчний дутагдал болоод энэ үзүүлэлтийн зөрүү ямар байна вэ?

Оргил үеийн өдөр шөнийн ачааллын зөрүү 350 мВт хүрч байгаа. Өвлийн цагт төвийн эрчим хүчний дутагдал нь оройн цагаар 150 мВт болж байна. Энэ нийт хэрэглээний 20% нь болж байгаа юм. Хэрэв өөр бусад улс орон бидний өнөөдрийнх шиг ийм эрчим хүчний хамааралд нөхцөлд байсан бол зүгээр хараад суух байсан болов уу.

-Үгүй л болов уу. ­

Эгийн голын төслийг зогсоох хүсэлтэй байгаа хүмүүсээс хэрвээ тэд нар бидний оронд байсан бол яах байсан талаар асуу л даа. Бусад бүх тусгаар тогтносон улсын адилаар бид эрчим хүчний импортоос хараат бус бие даасан байхыг хүсч байна.

-1991 оны анхны ТЭЗҮ-­ээр станцын хүчин чадал 220 мВт байсан?

Энэ бол маш энгийнээр тайлбарлагдана. 25 жилийн өмнөх цахилгааны хэрэглээ өнөөдрийнхтэй харьцуулбал тэнгэр, газар шиг ялгаатай. Хэрвээ тэр үед станцыг 220 мВт барьсан бол зөв алхам болох байсан. Одоо Эгийн голын урсацаа эхлээд бүх зүйл өөр болсон. 1991 онд 95 секундед м3 байсан бол одоо 103 м3 болсон. Усан сангийн багтаамж нөөц бас өөрчлөгдсөн. Мөн 1991 онд газар хөдлөлтийн судалгаа хангалттай хийгдээгүй байсан. Энэ мэтээр анхны төслийн бараг 90 хувь өөрчлөгдсөн. Бидний хийж байгаа ажил өмнөх төсөл судалгааг нарийвчилж байгаа гэх боловч үндсэндээ огт өөр шинэ зүйл болж хувирч байна. ­

-Усан сангийн хэмжээ тоо баримтыг тодруулж болох уу?

Өндөр 103 м, урт 740 м, газрын өндөр 910 м далайн түвшнээс дээгүүр, эзэлхүүн 5,7 тэрбум м3. ­

- Усан сангийн багтаамж 5,7 тэрбум м3 юм байна. Байгаль нуурт үзүүлэх хор уршгийн талаар ихээхэн яригдаж байна? ­

Эгийн голын төслийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг Оросын Богучанскийн усан цахилгаан станцийг барьсан  Франц-Бельгийн  Трактабел компани хийсэн. Байгаль нуурт үзүүлэх үр нөлөө төдийгүй Сэлэнгэ мөрөнд үзүүлэх өөрчлөлтийг судласан бөгөөд тэдний судлагаагаар Эгийн голын усан санг дүүргэх 2-3 жилийн явцад үзүүлэх нөлөө 0,023 хувь гэж дүгнэсэн.

-Энэ процент яаж тооцогдсон юм бэ?

-Байгаль нуурын усны нийт эзэлхүүнээс тооцогдож байгаа юм. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн болон түүнд цутгадаг гол мөрөн дээр нэг ч станци баригдаагүй байгаа. Тийм байхад яагаад Байгаль нуурын усны түвшин 28 см­аар доошиллоо гэж яриад байгаа юм бэ. Энэ талаар ганц монголчууд бид ч биш оросууд ярьж бичиж байна. ОХУ-ын усны нөөцийн агентлагын тооцоогоор Байгаль нуураас авч хэрэглэх Эрхүүгийн усан цахилгаан станцуудын зарцуулалт 700 м3/сек –ээс ихгүй байх ёстой. Гэтэл сүүлийн 2-3 жилийн хугацаанд 1200-1300 м3/сек хүрч байгаа нь бүхэл бүтэн 600 м3/сек-ээр их байна.  Яагаад. Яагаад  гэвэл Богучанскийн станцийн усан санг дүүргэх гэж бусад станцуудыг ашигтай ажиллуулах гэж Байгаль нуурын усыг Ангар мөрөн рүү эрчимтэй урсгаж байна. Энэ хэвээрээ үргэлжилбэл монголчууд Эгийн голын станци барьснаас бус оросууд өөрсдөө Байгаль нуурыг үгүй хийнэ. Хатуу ч гэсэн энэ бол үнэн.

-Магадгүй оросын талаас хангалттай мэдээлэл цуглуулаагүй байж болох юм. Байгаль орчинд үзүүлэх нөлөө үнэлгээний талаар ямар судалгаанууд хийсэн бэ?

Бид өөрсдөө усан цахилгаан станци барьж сураагүй байна. Дэлхийн түвшний хүчирхэг компаниар бариулахаар ярьж байгаа. Трактебел компанийн  хийсэн судлагаа болоод төслийн талаарх бүх мэдээлэл ил тод, нээлттэй байгаа. Улс орон бүр л өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодолтой байдаг. Зөв бурууг шүүхэд хэцүү. Ер нь бол Хельсинкийн хэлэлцээрээс эхлээд иймэрхүү маргааныг зохицуулсан маш олон гэрээ хэлэлцээр байдаг. Хил хязгаарын гол усны хэрэглээний зөвшөөрөгдөх хэмжээ 10 хувиас эхэлдэг. Зарим тохиолдолд 30 хувь хүрэх нь ч бий. Орос, Монгол хоёр улсын хооронд 1995 оноос хойш хилийн усны талаар хэлэлцээр хэрэгжиж байгаа. Уг хэлэлцээрт зааснаар Эгийн гол хил хязгаарын гол усанд хамаардаггүй. Зөвхөн Сэлэнгэ. Гэвч олон хүмүүс үүнийг Оросын ашиг сонирхлын үүднээс харж байна. Бид олон жилийн найрамдлын түүхтэй ард түмэн. Гэвч оросууд манай дотоод хэрэгт оролцож байна.

-Байгаль нуурт үзүүлэх нөлөөллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Дээр хэлсэнчлэн усны судлагаа хийгдсэн байгаа, энэ жилээс биологийн  судлагаа эхлэнэ. Ашиг сонирхлын тухай хуулийн дагуу гуравдагч нейтральный этгээдээр судлагааг хийлгэнэ дээ.

Ер нь бол оросуудын нэрлээд байгаа “Байкал” гэдэг чинь байгаль гэсэн монгол үг юм шүү дээ. Одоо ч нуурын эргэн тойронд монгол үндэстэн болох буриадууд амьдарч байна. Монголын нууц товчоонд “Дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ­ чино, гэргий Гуа­ Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ” гэж гардаг. Үүнийг Байгаль нуур гэж олон эрдэмтэд үздэг. Тийм байхад монголчууд өөрсдийн уг гарвалын газар нутгаа сөнөөхийг хүснэ гэж бодож байна уу. Тэгээд ч монголчууд оросуудыг “орос ах” гэж хүндэлдэг. Бид хоёр орны харилцаанд сэв суулгаж ард иргэдийг муудалцуулах гэсэнгүй, оросууд бид нарт саад болж станц бариулахгүй байна ч гэсэнгүй, харин хамтдаа Байгаль нуурын хувь заяаны талаар хамтдаа зүтгэе л гэлээ.

 Дэлхий даяараа усны нөөцийг усан цахилгаан станцын тусламжтайгаар зохицуулдаг болсон. Үер ус, ган гачиг гээд бүхий л цаг үед Байгаль нуурын усыг Эгийн голын болон Байгаль нуурт цутгадаг бусад гол мөрөн дээр станц барьснаар зохицуулах боломжтой.

-Станцийн барилгын бүст хамаарах газар нутгийн ой мод, археологийн олдворын томоохон судлагаа хийгдээд байгаа?

Ганц үүгээр тогтохгүй. Амьтан ургамлын томоохон судлагаа хийсэн. Тухайлбал, загас, усны амьтдын судлагааг америк, австри, германы судлаачидтай хамтарч явуулж байна. Тул болон бусад загас үржүүлгийн ажил бас хийж байгаа. Эгийн голын загас жараахай цөөрч хорогдох бус улам их өсч үржүүлэхийг зорьж байна. ­

-Археологийн олдворын талаар тодруулъя?

 ­Эгийн голын хөндийд 3­-4 жилийн хугацаанд хийгдсэн энэ судлагаанд монголын бараг бүх археологчид оролцсон  бөгөөд 400 гаруй булш бунхан олдворыг илрүүлсэн. Энэ олдворуудаараа станцын хажууд бидний хойч үе болон археологи сонирхогч хэн бүхэнд зориулсан Монголын хамгийн том археологийн музей байгуулна. ­

-Ямар чухал олдворууд байсан бэ? ­

- Олон арван ховор нандин олдвор байсан. Тухайлбал, эмэгтэй хүний бортого малгайн металл утсыг ороож хийсэн уран нарийн чимэглэл, хүрэл зэвсгийн үеийн дуулга малгай байна. Судлаачид найрлагад нь Эрдэнэтийн үйлдвэрийн зэс байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл 3000 жилийн өмнө бидний өвөг дээдэс өнөөгийн бидний олборлож буй Эрдэнэтийн зэсийг мэддэг байж таарах нь. Түүгээр зогсохгүй боловсруулж байж. Төв Азийн эртний нүүдэлчид эрэлхэг дайчид байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Үүнтэй энэ зэрэгцээ чадварлаг уран дархчуул байсныг дэлхийд харуулсан нэг олдвор нэмэгдлээ. Монголчууд нүүдэлчид устгаж сүйтгэж байдаг гэсэн буруу ойлголт өнөөдөр хүртэл байна шүү дээ.

-Өнөөдрийн байдлаар станцын барилгын ажил ямар явцтай байгаа вэ?

Өнгөрсөн жил бид зам засварын ажил эхэлсэн, гүүрийн суурь тавир өрөмдлөгийн ажил хийгдэж байна. Ер нь хөрш оронтой хэдий хурдан ойлголцолд хүрнэ төдий чинээ л хурдан барина. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эгийн голын усан цахилгаан баригдснаар ганц Монголд төдийгүй, Орост ч ашигтай. Байгаль нуурын усны түвшин хур бороо багатай жил доошлоно гэж айхгүй болно. Дээр нь цэвэр ус очно. Хятадын Хөх мөрөн дээр усан цахилгаан станц ажиллаж байна. Үер усны аюул, гантай жил ургац алдах зэрэг олон асуудлыш шийдвэрлэж чадсан.

-­Бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хийсэн судалгаа бий. Тухайлбал, Оросын нэг эрдэмтэн нарны эрчим хүчний талаар санал дэвшүүлсэн байдаг?

 ­Бодит амьдралд ойрхон юм ярьцгаая. Монгол Төв Азийн тэгш өндөрлөгт байдаг учраас салхи ихтэй. Гэвч салхины хүч, чиглэл маш тогтворгүй байдаг тул энэ төрлийн эх үүсвэр барих боломжгүй болгодог. Нарны эрчим хүчний хувьд ч асуудал шийдэж чадахгүй, тухайлбал өдрийн цагаар эрчим хүч гаргах боловч шөнийн цагийн ачааллыг зохицуулах боломжгүй. Газ хийн эх үүсвэрийн тал дээр бидэнд төсөл хөтөлбөр байхгүй, дээр нь хийн хангамжийн тал дээр бас л гаднаас хамааралтай хэвээрээ үлдэнэ.

-Саяхан Парис хотноо болсон Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн хурал дээр олон чухал асуудал хэлэлцэгдсэн  Монгол улсын хувьд ямар байр суурь илэрхийлсэн бэ? ­

Монгол улс хоёр их гүрний дунд оршдог, энэ ч утгаараа  сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2020 он гэхэд 20 хувьд хүргэх зорилт тавьсан. Миний ажлын ширээн дээр хоёр хөршийн удирдагчид В.В. Путин болон Си Зиньпин нарын илтгэл байгаа. ОХУ нүүрсхүчлийн хийн хаягдлыг 70 хувь хүртэл, БНХАУ 42 хувь хүртэл багасгах талаар мэдэгдсэн. Мөн түүнчлэн В.В. Путин хэлэхдээ ОХУ зүгээс нүүрсхүчлийн хийг багасгах төдийгүй энэ чиглэлд хөгжиж буй улс орнуудыг дэмжинэ гэсэн юм. Энэ утгаар Эгийн голын станцыг эсэргүүцэж байгаа хүмүүс өөрийн удирдагчдын үгийг үл ойшоож байгаа хэрэг биш гэж үү.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

www.montsame.mn