богино мэдээ New

Х.Баттулга: Сонгодог парламент байх эсэхийг шийдэх чухал сунгаа

Сэтгүүлч Л.Баатархүү

   Үндэсний хэмжээний хоёр намын нэг болох АН-ын даргад өрсөлдөх нэр дэвшигчдэд намын дүрэм, гэрээ байгуулах, мандат гардуулснаар тэдний сунгаа эхэллээ. 

Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарын дунд намын даргын өрсөлдөөн явагдана. Тэд өнөөдрөөс эхэлж 14 хоногийн хугацаанд 21 аймгаар тойрч, намынхаа гишүүд дэмжигчидтэй уулзах юм. 

Тусын намын даргын суудал 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш маргаантай явж ирсэн. Уг маргааныг хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 38 дугаар тогтоолоор эцэслэж ийнхүү даргын сунгаагаа Үндэсний бодлогын хороо эхлүүлжээ. 

Энэ үеэр нэр дэвшигч Х.Баттулга "АН-ын даргын сунгаа бол Ардчилсан намын асуудал биш юм аа. Энэ бол Монгол Улс цаашдаа парламентын засаглалтай, ард түмэн нь төлөөллөө хүсснээрээ сонгож чаддаг сонгодог парламент байх уу үгүй гэдгийг шийдэх сонгууль. Өнөөгийн парламент хэт олонхиос бүрдсэн, төрийн гурван өндөрлөг нэг намаас хамаалт байна гэдэг бол ардчилсан нийгэмд байж боломжгүй, олон сөрөг нөлөөтэй зүйл" гэв. 

Мөн нэр дэвшигч Ж.Батсуурь "Өнөөдөр нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувиар нэг нам төрийн эрхийг барьж, монополь тогтоож байна. Үүнийг засаж ард түмний хүсэл мөрөөдлийг хангасан дуу хоолойгоо хүргэж чаддаг, ялдаг нам байлгахын төлөө миний бие нэр дэвшиж байгаа. Өнгөрсөн 32 жилийн түүхэнд АН парламентад ялж байгаагүй. Олуулаа л болж байсан. Миний хувьд олонхи болгохын төлөө явна" гэсэн юм. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 2