богино мэдээ New

“Арьсаа хамгаалагч” Н.Баяртсайхан

өнгөрсөн хугацаанд Капитал банкийг дампууруулахгүй байх, арга хэмжээ авах сэтгэл Н.Баяртсайханд байв уу. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  Монгол Улсын 23 дахь банк дампуурлаа зарлаж, олон иргэд, төр хохироод байна. Тэр олон мянган харилцагч, хадгаламж эзэмшигчид, төрийн сан, нийгмийн даатгалын сангийн хөрөнгө гээд олон асуудал олны нүдэн дээр өрнөж байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад нийтдээ 36 банк үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлж байж. Харин үүнээс 22 банк нь дампуурлаа зарлаж түүний үргэлжлэл Капитал 23 дахь банк нь болов. Энэ нь өөрөө Монголын санхүү, эдийн засгийн салбарт маш том “гарз”. Гэхдээ энэ хугацаанд Монголбанкны зүгээс банкны системээ асуудалд оруулахгүй, нэг ч гэсэн банкаа дампууруулахгүйн тулд юу хийв гэдэг асуулт ургаж байна.

Өнгөрсөн 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, албан тушаалын томилгоог салбар бүрт хийсэн. Төв банкны ерөнхийлөгчөөр “улстөрч” Н.Баяртсайхан томилогдов. Түүнийг туршлагатай, сайн банкир гэдгийг хүн бүр мэднэ. Ялангуяа Төв банкны ерөнхийлөгч банкны салбарт өрнөж байгаа үйл явц бүрийг нүд анилгүй ажиглаад сууж байх үндсэн үүрэгтэй. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Капитал банкийг дампууруулахгүй байх, арга хэмжээ авах сэтгэл Н.Баяртсайханд байв уу. Өнгөрсөн хугацаанд ямар нэг дорвитой арга хэмжээг тухай үед аваагүй нь хачирхалтай.

Хэрэв анхнаасаа мэдэж байсан бол алдагдал багатай үед нь банкийг аврах боломжууд байсан байх. Боломжуудыг судалж, шийдвэр гаргаж ажиллаагүй атлаа яагаад сонгуулийн өмнөх жил нийгмийн сэтгэл зүйгээр тоглож, шуугиан дэгдээсэн эцсийн шийдвэр гаргах болов. Монгол банкны ерөнхийлөгч өнгөрөгч арванхоёрдугаар сард болсон үйл явдлын үеэр экс Их хурлын дарга М.Энхболдын талд зогсч, У.Хүрэлсүхийн эсрэг ажиллаж валютын ханшийг өсгөсөн гэх яриа улс төрч, эдийн засагчдын дунд өнөөг хэр нь яригдсаар буй.

Тэгвэл тэр ийн өдийг хүртэл чимээгүй явсаар ирсэн хэрнээ, яагаад гэнэт шийдвэр гаргах болов.  Тэр зөвхөн улс төрийн нүүдэл, ашиг хонжоо харж, “арьсаа” хамгаалж байна уу. Өнгөрсөн хугацаанд  Н.Баяртсайхан банкны салбар хэвийн, маш сайн байгаа, бид ханшаа барьж чадаж байна гэх ярилцлагууд хэвлэлийн хуудаснаа ч дүүрэн бийг энд сануулъя.

Эрх баригч намын дотор Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах асуудал нь яригдаж эхэлсэн бололтой. Монголбанкны ерөнхийлөгчийн суудалд санаархагчид ч аль хэдийн ажилдаа орж, намын даргынхаа үүдийг сахиж эхэлсэн сураг мөн л дуулдаж эхлэв.