Баруун хараагийн дэнжээс дэлхийн талд хүрэх монгол үйлдвэр


2017-08-22 12:03:39 4

Тоймч Л.Баатархүү 

     Монголчууд өнөөдөр өөрсдөө бүтээж байна. Эх орныхоо хөрсөнд тариалсан ургацаар үндэсний хөрөнгө оруулалттай үйлдвэр ард түмнийхээ хэрэгцээг хангахуйц хэмжээний ургамлын тосыг үйлдвэрлэж аль хэдийнэ биднээ танил болжээ. Манай сурвалжлах баг Улаанбаатар хотоос 150 километрийн зайд орших олон улсын стандартыг хангасан, мөн бүрэн автоматжсан нэгэн үйлдвэрийг сурвалжилахаар хөдөллөө. Энэ бол бидний “Туршлага солилцъё” буландаа нийтлэх “Майнд Тэч” компанийн тослог ургамал боловсруулах үйлдвэр. Одоогоос 25 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу бидний хэлдгээр Баруунхараад тэжээлийн үйлдвэр гэж байсан. Гэвч эл үйлдвэр сүүлийн 20 жилд тоногдож, бараг балгас болсон байв. Үнэндээ хатуухан хэлбэл байшингийн “араг яс”-аас өөр зүйл үлдээгүй. Харин одоо уулга алдам сайхан ногоон барилга сүндэрлэжээ. Тэнд гадны ямар ч “Питер” ахын тусламж ороогүй. Зөвхөн монгол хүний хөрөнгө, хүчээр босож дэлхийд алдартай Германы “HF” фермийн бүрэн автомат үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулсан улсдаа ганц үйлдвэр нь энэ гэлцдэг.

Чих дөжрөм үйлдвэрийн дуу, шоргоолж мэт сүлжилдэх олон ажилтан угтаж авах байх гэсэн бидний төсөөлөл талаар болов. Хашааны хаалган дээр очиход гав, бороохой, нулимас асгаруулагч, гар буу бүсэндээ зүүсэн хамгаалагч угтаж богино долгионы холбоогоор үйлдвэрийн удирдлага руугаа холбогдон орууллаа. Хашаан дотор нам жим. Өнөөх олон ажилтан ч үгүй. Хэнгрэг цоолом үйлдвэрийн дуу ч алга. Ажиллаж байгаа болов уу гэлтэй эргэлзээ ч төрлөө. Хааяахан ганц, хоёр ажилтан тээр өмнө хэсэгт байрлах арав орчим давхар ногоон барилгын хажуухнаар явж үзэгдэнэ.

Бид үйлдвэр хариуцсан захирал Н.Цэвээнсүрэнтэй утсаар холбогдон урд талдаа хэсэгхэн газар рапс тариалчихсан офиссын барилгын дэргэд нь ирлээ. Үүдэндээ үйлдвэрийн бүх байгууламжийг харуулсан жижиг загварыг шилэн бүрхүүл бүхий тавцан дотор байршуулжээ. Хэн ч харсан ойлгомжтой загвар. Гадны хэн нэгний хөрөнгө оруулалтыг аваагүй энэ үйлдвэр бидний нүдний өмнө ингэж сүндэрлэсэн байгаад үнэхээр бахархалтай санагдана.

Үйлдвэр гэгч үндсэндээ эдийн засгийг аврах том гарц хэмээн эдийн засагчид хэлдэг. Нөгөөтэйгүүр тухайн улсын тусгаар тогтнол, өөрийгөө илэрхийлэх том баталгаа ч гэх үг бий.

Чухамдаа бид монгол хүмүүс юу бүтээчихэв, юуг бүтээж байна гэдгийг эрхэм уншигч та бүхнээ хүргэхээр уг үйлдвэрт ирсэн нь энэ. Үйлдвэрийн хамгаалалттай хашаан дотор явган хүн, автомашины зам, ажилчдын офисс өрөө, агуулах, боловсруулалтын байгууламж гээд олон зүйлийг шинээр барьсан мэт засварлаж сүндэрлүүлжээ.

Зөвхөн хогийг нь цэвэрлэхийн тулд бүтэн долоон сарыг зарцуулжээ

      “Делта Холдинг” групп бүх охин компаниудынхаа орлогыг энэ үйлдвэрийг байгуулахын тулд зарцуулж байсан гэж ажилчид нь хэлдэг. Үүнийг Н.Цэвээнсүрэн захирал ч хэлж байх юм. Түүний бидэнтэй уулзахад хамгийн түрүүнд онцолж хэлсэн үг нь “20 жил тоногдсон үнэндээ бараг балгас болчихсон барилгыг өөрийн хөрөнгөөр засварлаж орчин үеийн олон улсын стандарт хангах техник, тоног төхөөрөмжийн байр хийсэн байгааг та бүхэн харж байна. Ядаж шатных нь бариул төмрийг хүртэл аваад явчихсан байсан юм. Хогондоо дарагдчихсан үнэхээр хэцүүхэн дүр төрх биднийг угтсан шүү. Манай ажилчид бараг долоон сарыг хог цэвэрлэхэд зарцуулсан юм. Ингэж зүтгэж байж л энэ үйлдвэрээ босгож чадлаа” хэмээн онцолж байв.

Үйлдвэрийн хүчин чадал одоогийн байдлаар хоногтоо 100 тонн тослог ургамлын үр боловсруулах боломжтой үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэр. Олон нийтийн дунд эднийхийг зөвхөн рапс боловсруулдаг гэж буруу ойлгоод байдаг. Бүх төрлийн тослог ургамлыг боловсруулдаг аж. Тослог ургамалд рапс, чяцаргана, гүргэм, маалинга, шар буурцаг зэрэг багтдаг байна. Рапсыг бусад тослог ургамалтай харьцуулахад гарц /тослог/, уураг өндөртэй. Нэг ширхэг рапсын 35 хувь нь ургамлын тос, малын тэжээл, био дизель, савангийн үндсэн түүхий эд, гилцрин гээд олон бүтээгдэхүүн гарах өндөр ач холбогдолтой.  Уг ургамлаас гаргаж авсан тос хүний биед өгөх эрдэс, илчлэг бусад амин дэмүүдээр хамгийн баялаг гэж үздэг юм билээ. “Оливын тосыг ургамлын хамгийн сайн тос гэдэг бол үүний дараагаар рапсын тос ордог” хэмээн үйлдвэр хариуцсан захирал хэлж байв. Тийм ч учраас эхний ээлжинд рапсыг боловсруулж буй аж.

Н.Цэвээнсүрэн: Бусдаас нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт татаагүй

“Майнд Тэч” компанийн үйлдвэр хариуцсан захирал Н.Цэвээнсүрэнгийн ярианаас хүргэе.

-Танайх тоног төхөөрмжөө хаанаас оруулж ирэв. Хаанахын ямар брэндийг хэрэглэж байна вэ. Сүүлийн үеийн үйлдвэрүүдийн ихэнх нь өмнөд хөршөөс төхөөрөмжүүдээ татаад байх шиг байна?

-Манайх үйлдвэрийнхээ насжилтыг бодож Герман, Швецариас тоног, төхөөрөмж оруулж ирсэн. Дор хаяж 40-50 жил ашиглана. Жишээлэхэд холболтын сангийн труба нь гэхэд бусад трубануудаас хоёр дахин зузаан байдаг. Ер нь дэлхийд хамгийн сайн гэсэн төхөөрөмжийг сонгосон доо.

-Та дэлхийд нэртэй брэндүүдээс тоног төхөөрөмжөө хангасан гэлээ. Мэдээж тэр брэндүүдийн бүтээгдэхүүн тэнгэрт хадсан үнэтэй байх. Танай компани хаанаас хөрөнгө оруулалт татав?

-Нэг зүйл ам бардам хэлнэ. Манайх гаднаас, бусдаас нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт аваагүй. 100 хувь дотоодын хөрөнгөөр шийдэж чадсан. Төр засгаас анхандаа бидэнд ямар ч мөнгө өгөөгүй. Тэр нь ч бас аргагүй биз. Өчнөөн үйлдвэр барина, тийм ч юм хийнэ гээд хүмүүс төрөө хашраачихаж. Манай “Дельта” групп бүх охин компанийхаа ашгийг үйлдвэр рүүгээ татсан. Ажилчдынхаа цалинг хүртэл хойш тавьж байгаад та бүхний өмнө харагдаж буй энэ үйлдвэрийг босголоо. Харин он гараад Чингис бондоос хэдэн төгрөг авлаа. Төрийн гурван өндөрлөг манай үйлдвэр дээр ирж үзсэн. Тэд хийгээд босгочихсон юмыг үзээд бонд өгөх шийдвэр гаргасан гэж болно. Тус бондоос 22 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрийнхээ дараагийн шатны тоног төхөөрөмж авах гээд байж байна. Тухайлбал, био дизель, савлах үйлдвэрийн төхөөрөмжүүд. Захиалгаа өгчихсөн заримыг нь угсарч байна.

-Танай үйлдвэр өнөөдөр Монгол Улсын дотоодын хэрэгцээг ургамлын тосоор хангаж чадах уу. Жилийн хэдэн хоногт нь ажиллаж байна вэ?

-Бид жилийн 365 хоногийн 300-д нь ажиллаж байна. Ид халууны үеэр тос гаргахад илчлэг, чанар нь алдагдах эрсдэлтэй учраас зуны улиралд бүтээгдэхүүн боловсруулахаас бусад ажлаа хийдэг. Бид хоногт 100 буюу жилд 30000 тоон тос боловсруулдаг байгаа. Гэхдээ жилд 11 мянган тонныг гаргах боломжтой. харин хүчин чадлаа нэмчихвэл дотоодын хэрэгцээг 100 хувь хангана. Нөгөөтэйгүүр ирэх оноос хоногт 300-500 тонныг үйлдвэрлэх буюу үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж буйг дуулгъя. Ингээд ажлаад эхэлсэн үед Монгол Улсынхээ хэрэгцээг бүрэн хангах чадалтай болно. Түүнчлэн одоогийн хүчин чадлаараа жилд 20000 тонн малын тэжээл гаргаж байгаа.

-Ерөнхий сайд танай үйлдвэртэй танилцсан гэж байна. Нууц биш бол Засгийн газрын зүгээс ч юм уу танай үйлдвэрийг цаашид хэрхэн, яаж дэмжинэ гэсэн бэ?

-Бид өөрсдийнхөө үйлдвэрийг бодох биш манайтай хамтран ажилладаг газар тариалан эрхлэгчид, бусад холбогдох үйлдвэрүүдийн үйл ажиллагааг төр засгаас бодлогын болон бусад төвшинд дэмжиж ажиллахыг салбарын яаманд хүртэл манай зүгээс тавьж байсан. Бид өөрийн хөрөнгөөр 2010 оноос Германаас мэргэжилтнүүд авч ирж шинжилгээ, судалгаа хийлгэсэн. Тус улсын өндөр сортын буюу Рапүүл габрид траппер үр нь манай улсад нэг га-аас 2.5 тонн ургац гаргах боломжтой гэж үзсэн юм. Харин Германд бол 4-5 тонн ургац авах боломжтой юм билээ. Нэг га-д ердөө дөрвөн килограмм үр ордог.

-Энэ өндөр сортын үрийн үнэ өртөг нь чухам хэд байдаг юм. Тариаланчиддаа танай компаниас хөнгөлөлттэй үнээр эсвэл зээлээр ч юм уу үр өгдөг үү?

-Нэг тонн нь 28 сая төгрөг байдаг. Харин хятад рапсын үр тонн нь хоёр сая байдаг. Бид тариаланчиддаа хаварт гэрээ хийгээд зээлээр өгчихнө. Намар нь ургацаа худалдаад авчихдаг юм. Өнгөрсөн хугацаанд 2013 онд найман мянган га-д тариалалт хийж таван мянган орчим тонн ургац авсан. Гэхдээ анхны жилдээ манай тариаланчдын ч гэсэн туршлага дутаж бага ургац авсан л даа. Бид ч гэсэн зөвлөгөөгөө сайн өгөөгүйтэй холбоотой. Харин 2014 онд 24 аж ахуй нэгж 12 мянган га-д үрийн захиалга авсан.

Манай монголчуудын бас нэг өөдгүй зан бий. Биднээс өндөр сортын үр авчихаад хятадуудад ургацаа зарсан тохиолдол гарлаа. Уг нь 12 мянган га-д тариалалт хийчихээд 24 мянган тонн ургац авах ёстой байсан хэрэг. Гэтэл энэ тоондоо огт хүрээгүй.

Хаварт тариаланчид гэрээ хийгээд үрээ өгөх үеэр Германаас мэргэжилтнүүд ирж манайханд зөвлөгөө өгдөг. Мөн зуны улиралд ургац хэрхэн, яаж ургаж байгаа явцыг үзээд тодорхой семинар зохион байгуулдаг байгаа. Намар ургац хураалтын үеэр ч сургалт зохион байгуулна.

Төр засгаас нэг хүсэх зүйл байна. Тариаланчдаа техник, тоног төхөөрөмжөөр хангахад туслаач ээ. Тэд аль бараг Цагаан хааны үеийн техниктэй. Ийм хоцрогдсон техникээр рапсаас арвин ургац авна гэвэл түүн шиг андуурал байхгүй. Тариаланчдад ядаж хөнгөлөлттэй хүүтэй зээл олгох ч юм уу, энэ байдлаар туслах хэрэгтэй байна.

            Тэрбээр ийн ярилаа. Рапс шар буудайнаас нарийн ширхэгтэй учраас орчин үеийн техникүүдээр хураалт хийдэг аж. Үнэндээ манай орос ах нарын комбайнаар рапс хураана гэвэл хамаг ургацаа газарт туух эрсдэлтэй гэнэ. Хаварт үр суулгахад хүртэл нарийн технологи ашигладаг. Тухайлбал, хөрсөнд гурван см-ийн гүнд суулгана гэвэл нэгэн жигд энэ хэмжээгээр суулгана. Манай төмс, хүнсний ногоо тариалдаг арга техниктэй харьцуулбал нэлээд ярвигтай ажил байдаг нь үйлдвэрлэгчийн ярианаас сонсдоно билээ.

“Рапсыг нэг газар нь жил бүр тариалж болохгүй”

    Рапс гэх энэ тослог ургамлын талаар монголчуудад тийм ч таатай мэдээлэл байдаггүй. Учир нь хөрсөнд нэлээд эрсдэлтэй, газрын хамаг ус юүлдэг гэх мэтээр хүмүүсийн амнаас тааруухан үг унах нь олонтаа. Гэхдээ “Майнд тэч”-ийнхний хэлснээр рапсыг зөв, сайн үрээр тариалж чадвал хөрсөнд эрсдэл учруулахгүй. Учир нь холбогдох хууль, журманд нь тогоож өгснөөр нийт талбайн 15 хувьд рапс тариалдаг байна. Ингэхдээ өмнөх жил тариалсан газраа дараа жил нь заавал амраах эсвэл өөр ургамал тариалах ёстой аж. Манайхны эл ургамлыг муу нэр зүүлгэсэн гол шалтгаан нь мөнгөндөө дулдуйдаж жил бүр нэг талбайдаа рапс тариалснаас болж хөрсийг үхжүүлэх зэрэг сөрөг нөлөөлөл гаргадаг аж.

Дээр дурьдснаар рапсын 35 хувиас нь ургамлын тос гаргаж авдаг бол 65 хувь нь малын тэжээл болгон бэлддэг. Эл тэжээл найман хувийн тослогтой, 35-40 хувийн уурагтай аж.

Малын тэжээлийн талаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын малчин Н.Ядмаа ийн ярьж байна.

-“Хүмүүс “Ямар тэжээл өгөөд танай мал тарга тэвээрээ алдахгүй байна аа” гэж асуудаг. Тэгэхээр нь би “Шоколадан тэжээл өгч байна” гэдэг юм. Ер нь 11 дүгээр сараас хойш ямаа, хонь болон бусад малд грамлаад хивэг, өвстэй хольж өгөхөд мал таргаа алдана гэж байхгүй шүү” хэмээж байв.

Малын сүүны гарцад хэрхэн нөлөөлдөг талаар Шувуун фабрикийн саалийн үнээний фермерийн малчин, саальчин С.Амартүвшин “Рапсын шахдас тэжээлтэй хольж өгч эхэлснээр хамгийн бага сүү гардаг үнээнээс гурван литрийг авдаг байсан бол тэжээл идснээсээ хойш 5.2 литр болж нэмэгдэж эхэлсэн” гэсэн юм.

Үйлдвэрийн зүгээс ямар насны малд хэдий хэмжээгээр өгөхийг малдчад тусгай зааварчилгаа бүхий хуудас өгдөг аж. Тухайлбал, хурганд 30-40 грамм, адуунд 100-150 грамм, нас гүйцсэн хонинд 50-70 грамм өгөх жишээтэй.

Рапсаас био дизель гарган авч байна

       Рапс хэмээх уг тослог ургамал олон төрлийн ач холбогдолтой, үр дүн өндөртэй аж. “Майнд тэч” компанийн хувьд “Оргих” хүнсний тос үйлдвэрлэж худалдаанд гаргаад нэлээд хугацааг үдсэн.

Нөгөөтэйгүүр рапсаас хүнсний тос цэвэршүүлж авахаас гадна байгаль экологид онцгой эерэг нөлөөтэй био дизель гарган авч байна. Үнэндээ дизель гэхээр өнөөх л үнэр танар нь сүртэй гэгчийн ханхалдаг байх хэмээн бодож байтал боорцог хайрсан тос мэт үнэртэж байх нь тэр. Улаанбаатар хотынхны шүдний өвчин болсон агаарын бохирдлыг бууруулахад бас нэгэн том хувь нэмэр оруулмаар энэ тосыг “төр засгийнхан мэддэг болов уу” хэмээх бодол төрж байлаа.

Ядаж нийслэлд зорчиж буй том оврын 800 автобус, мөн микронуудыг уг түлшний хэрэглээтэй болчихвол ёстой том буян болно доо. Үйлдвэр хариуцсан захирал Н.Цэвээнсүрэн энэ талаар “Бид Авто тээврийн газрын удирдлагуудтай уулзаж санал тавьж үзсэн. Бүтэхгүй юм билээ” гэж байв. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор хохирол багатай ядаж дотоодын үйлдвэрлэгч нь өөрсдийнхөө хөлс, хүчээр бэлэн бүтээгдэхүүн гаргачихсан байхад тэд юунд хойрголно вэ гэх эргэлзээ төрөх юм. Хөндлөнгийн хэн ч бодсон Авто тээврийн газрын дарга нарыг бас л гар хараад байна уу гэлтэй хардалт төрнө.

      Рапсаас гаргасан тосоо дахин боловсруулж дээрх био дизелийг шүүх явцад давхар гилцрин буюу өөрөөр хэлбэл гоо сайхны бүтээгдэхүүний хамгийн гол түүхий эд гардаг байна. Харамсалтай нь манай улсад гилцрин аваад эцсийн бүтээгдэхүүн болгох компани, аж ахуй нэгж тун ховор юм. Харин гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл өндөр хөгжсөн Өмнөд Солонгос мэтийн улсуудад экспортлох гэхээр одоохондоо олон мянган тонн гилцрин савлаагүй байгаа учраас гадагшаа нийлүүлэх боломжгүй юм байна. “Майнд тэч”-ийн агуулахад нэлээд олон тонн пошктой гилцрин савласан худалдан авах эзэнгүй харагдана билээ. Бүр гар нүүрийн саван ч үйлдвэрлэх боломжтой.

“100 тонн боов хийсэн хаягдал тосноос 100 тонн био дизель авна”

           Уг био дизелийн хувьд агаарт ялгаруулах хорт хий байхгүй гэдгийг үйлдвэрийн удирдлагууд онцоллоо. Үнэ ханшийн хувьд бусад дизель түлштэй ойролцоо. Түүнчлэн Талх чихэр, Атар өргөө үйлдвэрүүдийн боов хийсэн хаягдал тосыг авч био дизель гаргаж буй аж. Энэ тосноос гаргасан био дизелийн үнэ нь 1650 төгрөг. Гарцын хувьд 100 тонн хаягдал тосноос 100 тонн био дизель гарган авна. Нөгөөтэйгүүр малын сэмж өөхнөөс хүртэл энэхүү дизелийг гаргаж авч болох юм байна.

       Нефтийн инженерийн анги төгссөн залуус ирэх жилээс ажлын байртай болох нь. Тодруулбал, “Майнд тэч” компани био дизелийн үйлдвэрлэлд нэлээд анхаарна гэж байсан. Дараа жилээс үйлдвэрийн өргөтглөөс хамаарч мэргэжлийн боловсон хүчний шаардлага гарна гэдгийг Н.Цэвээнсүрэн захирал хэлж байв. Өдөрт 10-20 тонн түлш үйлдвэрлэх боломжтой болох юм.

 Рапсын нэг га талбайгаас хураан авах хэмжээ болон үнэ ханшийг улаан буудайтай харьцуулж тодруулъя.Нэг тонн улаанбуудайг 400 орчим мянган төгрөг, рапсыг 700-900 мянган төгрөгөөр худалддаг аж. Харин нэг га талбайгаас хураан авах хэмжээний хувьд рапс 6-8 центр, улаанбуудай 14 центр ажээ. Рапсын худалдах үнэ ханш буудайтай харьцуулахад өндөр ч нэг га талбайгаас хураан авах хэмжээ ийнхүү бага юм байна. 

“Алтан тос” савлах үйлдвэрийг хямралаас аварчээ

      “Майнд Тэч” компанийн буянд газар тариалангийн 24 компани, мөн “Алтан тос” савлах үйлдвэр гээд олон хувь хүн, аж ахуй нэгжийн амьдрал өөрчлөгдсөн. Үнэндээ тэд хямралыг дайрч буй ч төдийлөн ажрахгүй байгаа. Учир нь “Алтан тос” савлах үйлдвэрээр өөрсдийн боловсруулсан тосоо савлуулдаг аж. Энэ үйлдвэр тосоо гадаадаас оруулж ирж савладаг байсан аж. Гэвч дотоодын бусад үйлдвэрээ дэмжих зорилгоор “Алтан тос” үйлдвэртэй “Оргих” ургамлын тос савлах гэрээ хийж өөрсдөө сав, бөглөө, шошго, боодлоо нийлүүлэн савлуулсан байна. Ингэснээр эдийн засгийн хүндрэлээр хэцүүхэн байдалд ороод байсан уг үйлдвэр ажилд оруулж 700.000 ширхэг тос савлуулжээ.  

            Харамсалтай нь монголчуудын аливаад сэтгэлээсээ ханддаггүй байдал хамтрагчаа “гомдоож” буй бололтой. Учир нь “Алтан тос”-ныхны савалсан тосны сав нь хорчычихдог байна. Уг нь тухайн саванд азот хийх ёстой байдаг аж. Гэвч “Үнэ хөлсийг нь төлсөөр байхад бидний захиалгыг бүрэн гүйцэтгэж чадахгүй байгаа” гэж “Майнд Тэч” компанийнхан хэлж байлаа. Тиймээс “Ирэх жилээс өөрсдөө савлах үйлдвэртэй болно” хэмээсэн юм. Хэрэв өөрсдөө савлаад эхэлчихвэл “Оргих” ургамлын тосны үнэ 1000 гаруй төгрөгт буух юм.

Өрхийн тариаланч манайтай гэрээ хийх боломжгүй”

            Үндэсний хэмжээний энэ том үйлдвэртэй хамтран ажиллах хүсэлтэй олон тариаланч бий байх. Заавал газар тариалангийн том компани биш таван га газартай ч юм уу өрхийн тариаланч “Майнд Тэч”-тэй ургац нийлүүлэх болон бусад талаар хамтарч ажиллах боломжтой юу гэдгийг тодруулсан юм.

Н.Цэвээнсүрэн захирлын хэлснээр “Одоохондоо арай боломжгүй байгаа. Учир нь манай өндөр сортын үрийн нэг тонн нь гэхэд 28 сая төгрөгийн үнэтэй. Үүнээс гадна техникийн хувьд орчин үеийн маш сайн ёстой. Үнэндээ жижигхэн аж нэгж хүртэл үрийн үнийг дийлэхгүй. Харин манайтай хамтран ажилладаг компаниуд газраа барьцаалаад зээлээр үр авдаг. Манайхаас авч буй үрийг зөв технологиор тарьвал 10 нугалж ашиг олно. Тариаланчид маань хамгийн бага нь 100 га-д тариалж байна. Бид тухайн аж ахуй нэгжийн нэг га-аас хоёр тонн гэж тооцон, нэг тонныг нь 780.000 төгрөг /өнгөрсөн жилийн байдлаар/ тооцон авдаг. Яахав дээ тухайн талбайгаасаа бидний захиалснаас илүү гарсан ургацаа хаана борлуулах нь тэдний асуудал. Герман үрийг сонгодог гол шалтгаан нь хөрсөндөө ямар нэгэн хог үлдээхгүй, газартаа бордоо болж үлддэг ийм зүйлийг сонгодог”.

Засгийн газар, Хөдөө аж ахуйн яамны зүгээс тус үйлдвэрийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Тодруулбал, тухайн үйлдвэрт хэрэгтэй рапсыг нийлүүлсний дараа тариаланчид гадагшаа рапсаа экспортлох бодлогыг баримтлах юм байна. Өөрөөр хэлбэл, “Майнд Тэч”-ийн жилийн хэрэгцээ болох 30 мянган тонныг нийлүүлсний дараа үлдсэн рапсыг гадагшаа нийлүүлнэ гэсэн үг.  Дашрамд дурьдахад Монголд 60 гаруй мянган тонн рапс тариалдаг аж.

Сумын иргэдийг ажлын байраар хангажээ

     “Майнд Тэч” компанийн тослог ургамал боловсруулах энэ үйлдвэрт гадаадаас, өөр орон нутгаас олон хүн ажилладаггүй. Баруунхараагийн иргэдээр ажиллах хүчнээ бүрдүүлж, сурган ажиллуулж байна. Нөгөөтэйгүүр эдний бүтээгдэхүүний дээжийг Энэтхэг улсад төгссөн мэргэжлийн химийн инженер Ч.Алтанзул шинжилж буй. “Манайх ургамлын тосон дээр 12-13 төрлийн шинжилгээ хийдэг. Био дизельд найман төрлийн шинжилгээ хийнэ. Үндсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүний 20 гаруй шинжилгээг тогтмол хийж байна. Шинжилгээний дүн үнэ зөв, бодит гарахад мөн олон улсын стандартын шаардлагад нийцсэн Германы багаж, төхөөрөмжөөр шинжилдэг” хэмээлээ.

Н.Энхболд: Азаа үзэж тариалдаг хүмүүс технологио шинэчилмээр байна

Рапс тариалалтын “Номуун Хан” компанийн захирал Н.Энхболдоос рапс, тус үйлдвэртэй холбоотой асуудлаар мөн байр суурь авлаа.

-“Манайх сүүлийн гурван жилд “Майнд Тэч” ХХК-ийн оруулж ирдэг Германы Рапүүл сортын үрээр тариалж байгаа. Эднийхээс хаварт нь үрээ зээлээр аваад намар ургацаа гэрээний дагуу нийлүүлдэг. Монголчуудын дунд рапстай холбоотой янз бүрийн мэдээлэл байдаг. Ер нь энэ жил тариалсан талбайгаа дараа жил нь амраагаад өөр ургамал тариалах ёстой. Ингэж байж хөрс эрүүл байх юм. Өөрөөр хэлбэл, сэлгэн тариалалтыг сайн хийх хэрэгтэй. Рапүүл үрийн хувьд ургац сайн өгдөг. Гэхдээ энэ жилийн хувьд нэг их сайн ургац авч чадсангүй. Байгалийн нөхцөл байдлаас болж. Манай компанийн хувьд 2003 оноос рапс тариалсан. “Майнд Тэч” компанитай гэрээ хийсэн үнийн дүн бүхий рапсаа тэднийд нийлүүлж, үлдсэнээ экспортолдог. Гибрийд үрийн хувьд өндөр өртөгтэй, арчилгаа их шаарддаг учраас Оросын ч юм уу өөр үрийг судалж байна.

Энэ дашрамд нэг зүйл хэлэхэд төр засгаас рапс тарихыг дэмжих байдал их муу. Нийт талбайн 15 хувьд рапс тариалах ёстой гэсэн тогтоосон хэмжээ бий. Үүнийг л жаахан анхаарч нэмэх ч юм уу. Бодлогын түвшинд дэмжмээр санагддаг. Манай компанийн хувьд нийт дөрвөн төрлийн сэлгээний ургац тариалдаг юм. Нөгөөтэйгүүр рапсын нэр хүнд яагаад унаад байна вэ гэвэл энэ ургамал зүгээр л булаад ургачихдаг мэтээр ойлгодог. Зарим нэг нь азаа үзэх маягтай хүмүүсийн газар түрээсэлж тариалж байгаад тоног төхөөрөмж ч юм уу, өөрсдөөсөө болж ургацаа нэлээд хэмжээгээр алддаг. Энэ мэтээр сөрөг мэдээлэл бий болдог. Уг ургамлыг тариалдаг нөхдүүд маш их байна. Харамсалтай нь богино хугацаанд их ашиг олно гэж технологийн ч юм уу алдаа гаргаснаар мөн л ургацаа алддаг. “Майнд Тэч” компани энэ жил валютын ханшаас уялдуулж нэг тонн рапсыг 780 орчим мянган төгрөгөөр авахаар гэрээндээ тусгасан. Уг нь үйлдвэр нь сайн боловсруулаад, тариаланчид нь мэргэжлийн технологийн дагуу тариалалт хийдэг байвал зүгээр. Дотоодынхоо дээрх үйлдвэр маягийн төлбөр тооцоогоо хугацаанд нь хийдэг ийм худалдан авагчтай бол аль алиныгаа дэмжсэн зөв тогтолцоо гэж хэлмээр санагдана. Түүнээс гадна азаа үзэж байгаа хүмүүс хуучны технологио өөрчилж, шинэчил гэж хэлмээр байна.

Олон улсад бол рапс тариалалтын хувь хэмжээ дээд тал нь 20 хувь байдаг ч манай улсад нийт талбайн 15 хувь гэх хязгаар байна. Энэ жил нийт тариалалтын талбайн 30 мянга га-д рапс тариалах гэрээг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас аймгуудын удирдлагуудтай хийсэн ч одоо 65 мянган га талбайд тариалсан байгаа гэх мэдээ бий.

Тэрбээр ийн ярилаа. Дашрамд дурьдахад Сэлэнгэ аймагт гэхэд энэ жил нийт 154 мянган га талбайд үр тариа, тосны ургамал тариалахаас 126 мянган га талбайд улаан буудай, 27 орчим мянган га талбайд тосны ургамал тарьсан байна. Ингэснээр рапс тариалалт нийт талбайн 16-17 хувийг эзэлж байгаа юм.

Дорнод аймагт 18.2 мянган га талбайд рапс тарьсан байна. Үүнээс дан ганц “Алтай” групп  6000 га талбайд улаан буудай тариална гэж мэдэгдэж төлөвлөгөө өгөөд 4000-5000 га талбайг рапс руу шилжүүлж тарьсан талаар албаныхан хэлсэн.

Төв аймагт 70 мянган га-д үр тариа тариалахаас  9000 га талбайд рапс тариалжээ. Урьд нь Төв аймагт хоёр компани бүх талбайдаа рапс тарьсан тохиолдол ч  гарч байжээ.

          Баруунхараагийн дэнжид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээний тослог ургамлын боловсруулалт хийж буй “Майнд Тэч” компанийн энэхүү үйлдвэр дэлхийн талд хүрч Монголын эдийн засгийн бас том хөшүүрэг байхын ерөөл өргөж энэхүү сурвалжлагаа өндөрлье.

Эх сурвалж: “Миний хөдөгэ” хөдөө аж ахуй, орон нутгийн төрөлжсөн сэтгүүл /2016 оны 9-р сарын дугаар/

 

Сэтгэгдлүүд

  • mrs joel

    2017-10-09

    Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. doctorcollins3@gmail.com эсвэл whataspp түүнийг ашиглана_ +16106343682 Би Leey joel байна. Монголоос

  • zochin

    2017-09-13

    mundag. ene tos haaguur zaragdaj bga ve.

  • баянгол сумын иргэн

    2017-08-23

    Хэт туйлширч болохгүй шүү. Энэ үйлдвэр чинь балгас олсон гэхдээ туйлдаа хүртэл болоогүй байсан. Хэрвээ хэцүүхэн байсан болмөөр газар ашиглах нь яасын бөөн пр сум орон нутагта хэдэн ажиллулаад халаад цалинг нь өгдөггүй байж.

  • уншигч

    2017-08-22

    Сайн сурвалжлага бна. эдийн засаг чадамжтай болох нь үндэсний үйлдвэрлэгчдээс шууд хамааралтай. бид оймс үйлдвэрлээд бвал хол явахгүй. харин томхон даацтай зүйл үйлдвэрлэвэл дэлхийд гарч валют чирч ирнэ