богино мэдээ New

Гавьяатуудын багш

Г.Даваахүү гуай Улсын Багшийн Дээд Сургуулийн /УБДС/ биеийн тамирын факультетыг багш-дасгалжуулагч мэргэжлээр төгсчээ. “Онц” сурсан гавьяаны илэрхийлэл болсон улаан дипломыг нь барьж үзэх гэж ангийнх нь хүүхдүүд дараалал үүсгэж байсан удаатай гэдэг. .

Б. Уянга  

     Гурван жилийн өмнө Хэвлэлийн хүрээлэнгийн дээд курст сурч байхад мэргэжлийн багш нар маань бидэнд хөрөг нийтлэл бичих даалгавар өгөв. Хөргийг бичихэд баримтлах олон зарчим бий. Түүний нэг нь “Хөргийн эзэн нь олонд танигдсан хүн байна” гэх. Харин би энэ зарчмыг нь хүлээн зөвшөөрөөгүй. Үнэхээр баялаг түүхтэй, хийж бүтээсэн зүйлтэй агуу хүмүүсийг олонд сурталчлан таниулах нь сэтгүүлч хүний үүрэг гэж зөрлөө. Ингээд хүрээлэнгийн жижүүрээр ажиллаж байсан (одоо ч ажиллаж байгаа) хүнийг сонгосноор гурван оноо хасуулж “хөрөг нийтлэл” хичээл дээр 97 оноог авч байлаа. Ганцхан зарчмыг нь зөрчиж бичсэн энэхүү хөргийн үнэлгээнд хүрэх өөр нийтлэл тодроогүй. “Энэ бол жинхэнэ сэтгүүл зүйн бүтээл юм шүү” хэмээн зарим багш надад баяр хүргэж байсныг санахад таатай байна. Хөргийн эзэн анхнаасаа л миний анхаарлыг ихэд татдаг байсан учраас түүнийг сонгож бичсэндээ би туйлын баяртай байлаа. Амралтын өдрүүддээ уншигч та бүхэн энэхүү хөрөг нийтлэлийг уншиж сонирхоно уу. 
 

Бурхны “өлмий’’-д хүрсэн хүн

“Эрдэмтэй хүн даруу                           
Их мөрөн дөлгөөн”  (Монгол ардын зүйр үг)


Энэ хүнийг харахад сонирхол татна. Хэвлэлийн Хүрээлэнгийн ажилчид, оюутнуудын дунд тэрбээр их эрэлттэй хүн. Энэ байгууллагын жижүүрийн үүргийг гүйцэтгэдэг түүнд оюутнууд, ялангуяа СЗДК-ын оюутнууд хандах бүр ч дуртай байдаг. “Ах аа, энэ үгийг уйгаржин бичгээр яаж бичих вэ?”, ”Ах аа, өнөөдрийн сонинууд дээр  сонирхолтой үйл явдал нийтлэгдэж үү?”, “Өнөөдөр хаана ямар хэвлэлийн бага хурал болох гэж байна?” гэх мэт олон асуултад тэрбээр төвөгшөөлгүй хариулж сууна. Ярихдаа сэтгэл хөдлөл нь тэр бүр илрээд байхгүй намуухан дуутай хүн юм. Хариултуудаас нь сонсоход  юм юмны мэдлэгтэй нь ажиглагдана.  
”Амьдрал хэмээх жаргал зовлонгоор нэхсэн торон дотор” бусдын л адил амьдарч яваа  энэ хүнийг Даваахүү гэдэг. 60 орчим насны  нуруулаг, шар царайтай, хүүхдийн сэвлэг шиг зөөлөн буржгардуу үстэй, үг дуу цөөтэй, нүдэнд дулаахан энэ хүн 1947 онд  Говь-Алтай аймгийн Тонхил суманд Гэлэг хэмээх малчны хүү болон төржээ. Сутай хайрханы бэлд хүүхэд насаа өнгөрөөхдөө “хэзээ нэгэн цагт энэ уулын оргилд хүрнэ дээ!” гэж шүтсэн сэтгэлээ барьж ядан өөртөө тангараг тавьсан гэдэг. Энэ л нутаг, уул уснаасаа эрдэм өвөрлөн дээд боловсрол эзэмшихээр улсынхаа нийслэлийг зорьжээ.
 

Гавьяатуудын багш

“Даруухан байна гэдэг хэчнээн тансаг соёл вэ”
Коко Шанель


     1975 онд Г.Даваахүү гуай Улсын Багшийн Дээд Сургуулийн /УБДС/ биеийн тамирын факультетыг багш-дасгалжуулагч мэргэжлээр төгсчээ. “Онц” сурсан гавьяаны илэрхийлэл болсон улаан дипломыг нь барьж үзэх гэж ангийнх нь хүүхдүүд  дараалал үүсгэж байсан удаатай гэдэг. Төгсөөд эрдэмтэн багш нарынхаа үгийг даган УБДС-даа спортын физиологийн багшаар үлдэж амьдрал хэмээх уулын орой руу хүсэл мөрөөдлөөр дүүрэн мацаж эхлэв. “Тэр үед улсын хэмжээнд Э.Донгиндоо гэдэг эрдэмтэн л спортын физиологийн багшаар ажиллаж байлаа. Учир нь манай оронд тухайн үед спортын физиологи гэдэг нь өөрөө шинэ зүйл байв. Спортын физиологи судлал гэдгийг энгийн үгээр тайлбарлавал тамирчдын сэтгэл санаа, темперамент, булчин шөрмөсний үйл ажиллагаа, оюун ухааныг нь нарийн  ажигласны үндсэн дээр тухайн тамирчны бэлтгэл сургуулилтыг хэрхэн хийлгэх, амжилтад хүргэхийн тулд бие болон оюун санааг нь хэрхэн бэлдэх зэрэг асуудлыг судалдаг ухаан юм. Ийм нарийн шинжлэх ухаанд дөнгөж сургууль төгсөөд байсан намайг Э.Донгиндоо багш маань мэргэшүүлэн сургаж, өөртэйгөө хамт багшлуулж байсанд би их бахархаж явдаг юм. Энэ мэргэжлийг түүнээс өвлөн авсан хүн надаас өөр байхгүй” гэж сонирхууллаа. Монголдоо энэ чиглэлээр  урдаа барьдаг байсан эрдэмтний шавь болох Г.Даваахүү гуай 1981 он хүртэл тус сургуульдаа багшилжээ. 

“Тамирчдын булчингийн физиологийн сэргэлт” сэдвээр  зэрэг горилохоор эрдмийн ажилд шумбан урам хүслээр дүүрэн явсан залуугийн хувьд 1981 он бол мартагдашгүй  ул мөрөө үлдээсэн жил байлаа. Тэр жил багана мэт түшигтэй  багш нь хорвоогийн мөнх бусыг үзүүлснээр  Г.Даваахүү гуай эрдмийн зэрэг горилох хүсэл мөрөөдөлдөө  цэг тавихаас аргагүйд хүрчээ. “Би одоо ч багшийнхаа араас их харамсдаг юм. Үнэхээр агуу эрдэмтэн байсан даа” хэмээн харуусч сууна.
Нэг л өдөр сайхан ажил нь утгагүй санагдаж, мөрөөдлөө цаасан дээр тэмдэглэсэн чигт нь орхин залуу насныхаа аагаар тэр жилдээ намын илгээлтээр Ховдын Багшийн Дээд Сургуулийг зорьжээ. Тэндээ биеийн тамирын тэнхимийг анх байгуулж эрхлэгчээр нь  олон жил ажилласан байна. “Ховдод ажиллаж байсан тэр л жилүүд миний амьдралын алтан үе байсан” гэж санаашрангуй хэлсэн түүний үг сонирхол татав. Тодруулж асуухад энэ л асуултыг хүлээж байсан мэт нүүрэнд нь мишээл тодрон нүд нь сэргээд л ирэв.

“Тэр үед би залуу байж дээ. Шазруун ч байж. Дээр нь шинэ юмыг санаачлан хийх дуртай их хачин этгээд зантай хүн байгаа юм. Ховдод очсон даруйдаа сургуулийнхаа Физикийн тэнхимийн багш нартай хамтран биеийн тамирын тоног төхөөрөмжүүдийг өөрсдийн гараар бүтээж  орон нутагт битгий хэл, улсдаа хаана ч байхгүйгээр мэргэжлийн түвшинд заалаа тоноглож чадлаа. Гүйлтийнхэнд гэхэд л зориулалтын резинэн зам, уртын харайлтынханд элс гэх зэргээр бараг спортын бүхий л төрөлд зориулж тоноглосон. Сагсныханд бүр 12 шийд зоож өгсөн. Нэг бүлэгт дунджаар 12-15 хүнтэй тул бараг хүн бүрт нэг шийд ногддог байсан. Тиймээс хичээл  их үр дүнтэй өнгөрдөг, оюутнууд ч сэтгэл хангалуун байдаг байлаа” гэв. Г.Даваахүү гуай ийм их ажлын хажуугаар 1985-1987 онуудад хойд хөршид ГЦОЛИФК буюу Лениний одонт Биеийн Тамирын Улсын Дээд Сургуулийг төгсчээ. Тэндэхийн эрдэмтэн багш Малинин С.П түүнд маш их юм зааж сургасан ачтан гэнэ. “Би энэ багштайгаа одоо ч холбоотой байдаг. Саяхан тэр том эрдэмтнээс надад захидал ирсэн. “Даваахүү! Танайхан Олимпт өндөр амжилт үзүүлдэг нь чамтай салшгүй холбоотой гэж би үздэг. Энд ирээд эрдмийн ажлаа дуусгаад цолоо хамгаалахгүй юм уу” гэж бичсэн байсан. Захиаг уншаад сэтгэл маш их хөдөлсөн. Ихэнх олны танил гавьяатууд миний шавь нар байдаг. Тухайлбал, Чанрав, Ойдов, Батсүх, Пунцаг гээд л...бүр Баянмөнх аварга хүртэл миний шавь байсан юм шүү дээ! Сайхан санагдсан даа. Гэвч хэн хүний л адил санхүүгийн асуудал бэрхшээлтэй талын маань нэг. Цол хамгаалах ажилд ойролцоогоор арав гаруй сая төгрөг орох юм байна лээ” хэмээн  гуниглангуй ярихад нь харамсах сэтгэл төрж байлаа.
 

Уулчин-багш

“Өдгөө би түмэн оньсого, мянган сүлжээ
Үлэмж нь далайдаа живсэн мөсөн уул
Оюун сэтгэл, зүрхнийхээ гүнд далдмал
Онгод бадраах эх орныхоо сүлдэнд нуугдмал...”
Г.Мэнд-Ооёо“Нээхийн утган хэлхээ”


Г.Даваахүү гуай 1995 он хүртэл Ховдын Багшийн Дээд Сургуульд ажиллах хугацаандаа хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл, 2 сурах бичиг бичсэнээс гадна өөрийн сонирхдог спортын төрлүүдээ орхиогүй аж. Явган аяллын мастер, уулын спортын мастер гэх гуншинтай энэ багш маань Монгол улсынхаа томоохон ноён оргилуудад авирч амжжээ. Уулын спортын улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд алгасалгүй оролцож медальгүй хоцорсон удаа байдаггүй юм байна. Нийтдээ 18 удаа авиралт хийсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, 18 удаа бурханы “өлмий”-д хүрсэн гэсэн үг. Ингэхдээ олон улсын багт 5 удаа багтан ажиллажээ. Цамбагарав уул, Сутай хайрхан руу хийсэн авиралтууд нь түүний амьдралд мартагдашгүй дурсамжаа үлдээсэн аж. 

1983 онд хэсэг багш эрдэмтдийн хамтаар Цамбагарав уул руу авирч байтал тэнгэр муухайран, нар цанатсан цонхны цаанаас мэт манан дундаас дөнгөж л ёлтойж байж. Ийм бүүдгэр гэрэлд тэд зүг чигээ алдан төөрчээ. Энэ хайрхан нь өндөр, эгц хаднууд олонтой аж. Хичнээн яваад ч уулынхаа хаана нь явж байгаагаа тодорхойлохын аргагүй болж бүгд гацаанд оров. Ахлагчаар томилогдон явсан Г.Даваахүү гуай багаа үхэл амьдралын зааг дээр ирснийг ойлгожээ. Цаг алдалгүй шийдвэр гаргах хэрэгтэй байлаа. Харин гаргасан шийдвэрээ хамт олондоо танилцуулах бүр ч хэцүү байжээ. “Ууланд ганцхан л зарчим үйлчилдгийг та бүхэн мэдэж байгаа. Та бүхэн захирал байна уу, эрдэмтэн байна уу одоо энд хамаагүй. Ууланд ганцхан багийн ахлагчийн үг л үйлчилдэг. Тиймээс намайг сонс. Бидэнд 100 м олс, луужин хоёроос өөр юм алга. 

Энэ олсоор бие биеэ холбон уяж болгоомжтойхон ар араасаа цуварч явна шүү. Би хамгийн урд нь луужингаараа 11 хэмийг алдалгүй чиглүүлж явна. Хэрвээ хад асга руу унавал миний ард явж байгаа хүн олсоо бушуухан таслаарай. Намайг биш бусдыгаа аврахыг бодно шүү. Энэ бол тушаал!” гэжээ. Түүний үгийг багийнхан цочирдон хүлээн авсан ч ахлагчийнхаа тушаалыг үг дуугүй дагахаас аргагүй байлаа.
Г.Даваахүү гуайн багын найз З.Мянгандаш “Тэр үед хамт явсан хүмүүсээс нь найзынхаа тэр мөчид хэлсэн үгийнх нь тухай  сонсоод би ердөө ч гайхаагүй. Миний найз ийм л хатан зоригтой хүн гэдгийг би мэднэ” гэж бахархангуй ярьж сууна.
Хөтөлгөө морьд шиг цуварсан багийн гишүүд нэг хоног явсны эцэст  Цамбагарав хайрханы мөнх цасанд тулж ирээд бөөн баяр болцгоожээ. Зүг чиг олох баримжаатай боллоо гэж тэр. Баярласандаа бүгд нулимс дуслуулж зогссон гэдэг. Харин Даваахүү гуай үүргэвчээсээ цайны жижиг халуун сав гарган мөнх цаснаас нь чихээд байж. “Тэр үед манай эхнэр жирэмсэн өнөө маргаашгүй төрөх гэж байсан үе. Шинэ хүнээ төрөхөөр нь энэ мөнх цасаар угаая гэж бодсон юм. Удалгүй эхнэр маань охин төрүүлж бид түүндээ Цасчимэг гэдэг нэр хайрлан Цамбагарав уулын мөнх цасаар угааж билээ” гэж ярихад түүнийг залуудаа ямар романтик хүн байсныг илтгэх шиг...

Харин 1990 онд багадаа өргөсөн тангаргаа биелүүлж манай орны хамгийн хүйтэн оргил болох Сутай хайрхан руу авирчээ. Зохих зөвшөөрлүүдийг нь нэлээд хөөцөлдсөний эцэст бүтээв. Ингээд нэгдүгээр сарын 13-ны өдөр авирхаар тогтов. Энэ нь ч учиртай байж. “Дэлхийн аль ч улсын уулчид өвөл ер нь авирч байсан түүх байхгүй. Энэ үед ууланд авирах нь амиа хорлож байгаатай л адил. Түүнээс гадна угаас боломжгүй зүйл. Би гэж дандаа боломжгүй юмыг болгох гэж зөрүүдлэн залуу насныхаа дэврүүн зандаа хөтлөгдөн Сутай руу өвөл авирсан юм. Манай орны хүйтний туйл өдрүүд нь нэгдүгээр сарын 10-15-ны өдрүүд гэж тооцогддог. Тэгж л нэгдүгээр сарын 13-ныг сонгосон юм” гэж тайлбарлалаа.
Товлосон өдрөө хайрхан уул руу авирчээ. Сутайн оройд гарахад хэмжигч багаж нь 41 хэмийн хүйтнийг заана. Хүйтэн ширүүн салхитай байсан учраас 30 минут зогсоход л чих дүлийрч, хэнгэрэг нь хөлдсөн мэт сэтгэгдэл төрдөг гэнэ. Ямар ч байсан нэлээд ноцолдсоны эцэст тугаа мандуулаад өргөсөн тангаргаа биелүүлсэндээ сэтгэл нь хангалуун буусан аж.
Он жил хөврөн өнгөрөх боловч Цамбагарав ууланд болсон явдал ер мартагдахгүй байсан учраас Г.Даваахүү гуай өдөр шөнөгүй бодсоор эл уулын  өндөрлөгт “Уулчдын урц” хэмээх хотхоныг байгуулжээ. Найман хүн 2 хоногийн турш 4019 метрийн өндөр рүү банзыг нь зөөж босгосон энэхүү хотхонд уулчдад хэрэгцээтэй гэх бүхий л зүйлсийг үлдээжээ. Идэх хүнсээс /ууланд хүйтэн болохоор лаазалсан бүтээгдэхүүнүүд удаан хугацаагаар муудалгүй хадгалагддаг гэж тэрбээр тодорхойлов/ нь авахуулаад унтах ор, хөнжил, луужин, гар чийдэн, газрын зураг гээд бүгд л бий гэнэ. Хэдэн жилийн дараа  хотхоноо эргэхэд тэр өндөрлөгт хүрсэн уулчид  зөндөө зүйлээр нэмж баяжуулсан байжээ. Мөн санал сэтгэгдлийн дэвтэр нь Г.Даваахүү гуайд зориулсан дуу, шүлэг, талархалын үгсээр дүүрэн байсан гэнэ.
 

Гай дагуулсан шагнал

“ Биеийн бөхөөр ганцыг ялна
Сэтгэлийн бөхөөр олныг ялна ”
Монгол ардын зүйр үг


Нэг мэдэх нь ээ, Г.Даваахүй гуай Ховдын Багшийн Дээд Сургуульд нийтдээ 20 жил ажиллачихсан байв. Тэгтэл сургуулийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооноос энэ ойг нь нэгэн сонин шагналаар мялаах нь тэр. “Тус сургуульд 20 жил ажиллах хугацаандаа нэг ч өдөр ажил тасалж, өвдөж байгаагүйн учир баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнасугай!” гэсэн үгстэй баярын бичиг, дугтуйтай мөнгөн шагнал гардуулж өгч гэнэ. 

Тэр үедээ содон шагнал санагдаж инээдээ барьж ядан алгаа тосоод л авч. “Би хэзээ ч ийм шагнал байдгийг мэдээ ч үгүй, сонсож байгаа ч үгүй болохоор инээд хүрээд байсан. Инээсэн чигтээ шагналаа гардаж авч билээ. Гэвч шагнуулснаас хойш 2 хоногийн дараа нэг л өдөр миний амьдрал орвонгоороо эргэсэн юм даа... Яагаад ч юм бэ, энэ шагнал миний гэр бүлд өвчин дуудсан  юм шиг санагдаад байдаг юм... Хүн амьдралдаа туг ч барьдаг, тугал ч хариулдаг гэдэг. Миний амьдралд хүнд бэрх үе зөндөө тохиолдож байсан. Харин би тохиолдсон бэрхшээл бүрийг өвдөг сөхрөлгүй давж гарсан юм шүү” гэхэд Г.Даваахүү гуайн аливаад бууж өгөх дургүй зан нь хүчтэй мэдрэгдлээ.    
Г.Даваахүү гуай Боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамирын тэргүүний ажилтан, ойн хүндэт медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Атарчдын алдар” медаль, “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” тэмдэг гээд тухайн үед хүртэж байсан төр засгийн шагналуудаа, өндөр цалингаа, алдар нэрээ том хүүгийнхээ төлөө өнгөрсөнд үлдээж уулын бус амьдралын бэрхшээлийг туулах урт аянд гарсан гэдэг.

1995 онд 10 дугаар ангид сурч байсан том хүү нь өндрөөс унаж үхэл амьдралын зааг дээр ирэхэд Даваахүүгийнх  гэдэг айл хүнээ аврахын тулд Ховдоос нийслэл рүү яаран нүүж иржээ. Азаар амьд үлдсэн хүүгээ дараа нь хөл дээр нь босгох гэж 20 жилийн турш хураасан хөрөнгөө хоёрхон жилд л барчихаж. Хүүгийн эмчилгээг үргэлжлүүлэх, гэр бүлээ тэжээхийн тулд гэрийн эзэн микроавтобусны жолоочоор ажиллахаар шийджээ. Энэ цагаас хойш хийж үзээгүй ажил гэж түүнд байсангүй. Тэр хэрээр шинэ мэргэжлүүдийг эзэмшиж байв. Эцсийн дүндээ автын механикч, гагнуурчин, слесарь, мужаан, дархан, цахилгаанчин, засалчин, өрлөгчин гээд олон ажил хийж чаддаг болов. Тэр үеэс хойш 16 жил өнгөрчээ. Одоо хүү нь том залуу болж гэр бүл зохион улмаар улсдаа хөдөлмөрлөж яваад Г.Даваахүү гуай чин сэтгэлээсээ хангалуун явдаг.
Гурван хүүхдийг нь төрүүлж өгсөн ачтаныг Ш.Өлзийжаргал гэдэг. Дунд охин Цасчимэг нь МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгсөөд одоо АНУ-д сурч байгаа аж. Энэ бүсгүй цагтаа Улаанбаатарын гоо охин, фотомиссээр шалгарч байсан төдийгүй түүний тухай “Мөнх цасаар угаагдсан бүсгүй” нэртэй нийтлэл гарч байжээ. Харин бага хүү нь МУИС-ийн хуулийн ангийг төгсчээ.  

Хэвлэлийн Хүрээлэнгийн  “мэргэжлийн цуглуулга”болсон хүн
 
“Үлэмж дээдэс эрдмээ хэдий нуувч    
Үргэлжид олон бүгдээр түүний сайныг мэдьюү  
Өнгө сайт задийн цэцгийг сайтар бүрхэвч
Үнэр нь ойр орчин бүхэнд анхилах мэт”

“Эрдэнийн сан Субашид”-аас

   Өнөөдөр Г.Даваахүү гуай Монголын Хэвлэлийн Хүрээлэнд жижүүр хийдэг ч нидэр дээрээ өөр олон ажил давхар гүйцэтгэдэг. Тус байгууллагын Сургалтын албаны дарга Ч.Байгалмаа “Даваа ах  манайд  зөвхөн жижүүр гэлтгүй цахилгаанчин, слесарь гээд олон ажлыг давхар хийдэг. Аливаа ажлыг нягт нямбай, чин сэтгэлээсээ, маш чанартай   гүйцэтгэдэг. Даалгасан ажлыг дандаа цаг хугацаанд нь хийдэг учраас нэг ч удаа ажил “нурааж” байгаагүй. Бас тал талын авьяастай хүн дээ” гэж бахархан ярьж байна. Харин Менежментийн албаны дарга Ц.Чимиддондог ярихдаа “Манай Даваа ах нэг маш сайхан чанартай. Тэр нь захирах, захирагдах ёсыг маш сайн мэддэг. Жишээлбэл, бид даргыгаа тэр эгч ээ, тэр ах аа гэж нэрээр нь дууддаг бол Даваа ах заавал “дарга аа” гэж маш хүндэлж харьцдаг. Энэ бол том соёл юм” гэлээ.  
Г.Даваахүү гуай энэ ажилдаа их дуртай. Маш сайхан хамт олон гэж боддог. Давхар олон ажил хийдэг болохоор “багш нараас дутахгүй авчихна шүү” гэж онгирно.
Өнөөгийн залуучуудын талаар ямар бодолтой явдгийг нь сонирхвол “Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрдөг. Энэ залуу насаа ашиглаад юм сайн сурч, ном их унших хэрэгтэй. Би одоо 60 гарч явна. Гэхдээ амьдралдаа олж авсан миний бүх  мэдлэг өчүүхэн байна гэж би өөрийгөө голдог. Тийм ч учраас өдөртөө ажлынхаа хажуугаар англи хэл бие даан сурч байна /инээв/. Залуучууд биеэ дайчилж сурах хэрэгтэй” гэсэн үнэтэй зөвлөгөөг өгсөн юм.

Г.Даваахүү гуайн олон авьяасных нь нэг нь шүлэг, хөрөг бичих. Бичсэн бүтээлүүдээ  хавтсанд нандигнан хадгалдаг юм билээ. Мөн Мартын 8-ны баярыг тохиолдуулан  бичсэн “Мартын 8-ны хүүхнүүд” хэмээх бяцхан найраглал нь хамт ажилладаг эмэгтэйчүүдэд тун таалагдсан гэнэ лээ.
“Ган төмөр мод мэт хувхайравч янзтай
Хавтай явсан хүн өтлөвч хүндтэй” гэсэн үнэн үг байдаг. Он жилүүдийн нугачаанд өөрийгөө гээгээгүй, бэрхшээл бүрийн өмнө өвдөг сөгдөлгүй даван туулж ирсэн Г.Даваахүү гуайн намтар түүх ийм буюу. Хийж бүтээсэн үйлстэй, дуудуулж дуурсагдах гавьяатай энэ хүний нэр он цагийн аясаар бүдгэрч мартагдах ёсгүй билээ. 

P.S: Г.Даваахүү гуайн зургийг хавсаргаж чадаагүйд гүнээ хүлцэл өчье.

2011.02.19