богино мэдээ New

Тогтвортой аялал жуулчлалыг чухалчилна

Дэлхий дээрх 10 хүн тутмын нэг нь таван жилийн дараа аялал жуулчлалын салбарт ажлын байртай болох нь. Харин манай бүс нутгийг зорин ирэх жуулчдын урсгал ойрын хугацаанд хамгийн багадаа 23 хувиар өсөх гэнэ. Энэ онд л гэхэд Ази, Номхон далайн бүсийг онцлох жуулчдын тоо 4-5 хувиар өсөж, бүс нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээр байна..

Аялал жуулчлалыг “Утаагүй үйлдвэрлэл” хэмээн тодотгодог. Манай улсын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ түвшинд гаргах талаар сүүлийн үед нэлээд анхаарах болсон. Энэ хүрээнд олон улсын томоохон үзэсгэлэн, яармагт тогтмол оролцож эхэлсэн. Дотоодын аялал жуулчлалын салбарынхан жилд дунджаар 400 орчим мянган гадаадын жуулчин хүлээн авдаг гэх судалгаа бий.

Аялал жуулчлал нийт 50 гаруй мянган ажлын байр бий болгож байгаа юм. Эдгээр мэдээллийг “Тогтвортой аялал жуулчлал ба олон үндэстний хоолны өдөрлөг”-т оролцсон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад онцоллоо.

“Монгол Улсын аялал жуулчлалын салбарт төрөөс баримталж буй бодлого”-ын талаар Б.Маргад өдөрлөгт оролцогчдод тоймлон танилцуулсан юм. Засгийн газраас “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийг өнгөрсөн оны зургадугаар сард баталсан. Аялал жуулчлалын салбарт богино болон дунд хугацаанд баримтлах хөгжлийн чигээ тодорхойлсон юм.

Монгол Улсад тогтвортой аялал жуулчлал болон зочлохуйн үйлчилгээг хөгжүүлэх асуудлыг “Тогтвортой аялал жуулчлал ба олон үндэстний хоолны өдөрлөг”-ийн үеэр хэлэлцсэн. Мөн олон талын оролцоот Тогтвортой аялал жуулчлалын нийгэмлэг байгуулах талаар түлхүү хөндөж ярилцлаа. Үүнээс гадна Кипр, Япон, БНХАУ, Монгол тогооч нарын бэлтгэсэн олон үндэстний идээ шүүс, зоогийн соёлыг ирсэн зочдод танилцуулан, амтлуулж, туршлага солилцлоо.

Судалгааны дүнгээс үзэхэд, манай улсыг зорин ирж буй жуулчдын 38 хувь нь байгалийн сайхныг үзэх зорилготой байдаг бол 26 хувь нь нүүдэлчин амьдралтай танилцах гэж ирдэг байна. Аялал жуулчлалын салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувийг бүрдүүлж байгаа аж.

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс 140 орноос 99 дүгээрт жагссан. Харин ирэх 2017 он гэхэд 90, 2020 он гэхэд 80 дугаар байрт шилжих боломжтой гэж салбарынхан үзэж байна.

“Тогтвортой аялал жуулчлал ба олон үндэстний хоолны өдөрлөг”-т аялал жуулчлал, зочлохуйн үйлчилгээний салбарын 150 гаруй төлөөлөгч оролцсон юм. СЭЗДС-ийн захирал Д.Батжаргал “Тогтвортой аялал жуулчлалын шинэ үзэл баримтлал ба аялал жуулчлалын шинэ төрлийг бий болгох асуудал” илтгэлийг хэлэлцүүллээ.

Дэлхий дээрх 10 хүн тутмын нэг нь таван жилийн дараа аялал жуулчлалын салбарт ажлын байртай болох нь. Харин манай бүс нутгийг зорин ирэх жуулчдын урсгал ойрын хугацаанд хамгийн багадаа 23 хувиар өсөх гэнэ. Энэ онд л гэхэд Ази, Номхон далайн бүсийг онцлох жуулчдын тоо 4-5 хувиар өсөж, бүс нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээр байна.

“Утаагүй үйлдвэрлэл”-д гарах дээрх өөрчлөлтүүд нь манай улсын аялал жуулчлалын салбарт шинэ итгэл төрүүлж эхэллээ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас мэдээлж байгаагаар салбарын жилийн орлого 263 сая ам.доллараас хэтрэхгүй байна.

Тэрчлэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллага ирээдүйн зорилгодоо тогтвортой хөгжлийг онцолж байгаа юм.

Б.Баяртогтох 

www.news.gogo.mn