богино мэдээ New

Б.Энхболд: Нийслэлийн эрх зүйн байдлыг дээшлүүлсэн хууль болсон

Аймгийн, дүүргийн Засаг даргад ямар эрх үлдэж байгаа юм бэ? Орон нутгийн Засаг даргад томилох эрх мэдлийг нь хэвээр хадгалах гэдэгтэй би санал нэг байдаг. .

  УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны нэгдүгээр сарын 1 нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан тус хуульд ямар голлох өөрчлөлт, зохицуулалтууд орсон талаар Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболдтой ярилцлаа. 

Танд удахгүй болох Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ойн мэндийг хүргэе.

-Баярлалаа. 

Ирэх оноос хэрэгжих Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд ямар голлох өөрчлөлтүүд ороод байна вэ? 

-Улаанбаатар хот маань Үндсэн хуулиар заагдсан ганцхан хот шүү дээ. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хаврын чуулганаар батлагдсан. Энэ хуульд хэд хэдэн дэвшилттэй өөрчлөлтүүдийг оруулсан. Тухайлбал, нягтаршил ихтэй газар, сургууль, цэцэрлэг эмнэлэг, шугам сүлжээ, инженерийн байгууламжийн ажил хийхээс бусад зориулалтаар шинээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй, шинээр барилга барих зөвшөөрөл олгохгүй гэх мэт .Өнөөдөр Улаанбаатар хотын байдлаас дүгнэхэд энэ бол үнэхээр дэвшилттэй заалт болсон. 

Түүнчлэн Нийслэл концесс гаргана гэж хуульд тусгаснаас гадна үнэт цаас гаргаж болно гэж заасан. Концесс, үнэт цаас нь улсын төсөвт суугаад явах юм. Түүнчлэн дагуул хот байгуулна, Эдийн засгийн тусгай бүс байгуулж болно гэсэн заалт бий. Дагуул хот,  эдийн засгийн тусгай бүсийг шинэ нисэх буудал, Хөшигтийн хөндийг түшиглэж бий болгох нь гэж ойлгож байгаа.

Эдийн засгийн тусгай бүст үйл ажиллагаа явуулах байгууллагуудыг газрын төлбөр, хотын албан татвар гээд тодорхой нэр төрлийн татвараас чөлөөлөхөөр зохицуулсан нь тун зөв. Ингэхээр тэнд үйл ажиллагаа явуулах компаниудын сонирхол төрнө шүү дээ. Жишээлбэл, Солонгосын Инчеон олон улсын нисэх буудал дээр эдийн засгийн тусгай бүс гэж байдаг.

Тэр зарчмын дагуу хийх гэж байгаа юм билээ. Гэхдээ банк санхүүгийн байгууллагуудын асуудлыг оруулаагүй орхигдуулсан байсан, цаашид  энэ асуудлыг хэлэлцэж оруулах болов уу. Казино байгуулах эсэх тухай яриа ч үүссэн. Монгол Улсын иргэн ордоггүй казинотой байх боломжтой шүү дээ. Улсын эдийн засгийг аль болох тэлдэг байх зарчмаа баримтлах ёстой гэж бодож байна. Зочид буудлуудтай, банк санхүүгийн байгууллагуудтай татвараас чөлөөлөгдчихсөн эдийн засгийн тусгай бүс манайд "амилах" бүрэн боломжтой.

Б.Энхболд

Энэ дэд бүтцийг нь улс, орон нутгийн төсвөөс хийнэ гэдгийг Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд оруулж чадсанаараа дэвшилтэт алхам болсон. Хот дүрэмтэй байна, дүрмийг нь НИТХ батална. Бусад хуулиар зохицуулаагүй харилцааг дүрмээрээ зохицуулж болно гэж оруулсан. Гэхдээ тэр дүрмээ мөн л Захиргааны ерөнхий хуулийн дагуу яамруу явуулж зөвшөөрөл авна гэдэг нь эргээд яамны нэг газрын дарга зөвшөөрөөгүй тохиолдолд нийслэлийн 45 төлөөлөгчийн хуралдаж шийдсэн шийдвэр үр дүнгүй болох магадлалтай харагдаж байгаа юм.

Нийслэлийг хөгжүүлэх сангийн талаар хуульд тусгасан. Энэ талаар?

-Нийслэлийг хөгжүүлэх сантай байна, өр, авлага үүсгэхгүй, нийслэлийн төсвийн нэг хэсэг байна гэсэн заалт бий. Энэ санг их зөв хөгжүүлж, засаглалын хувьд эрүүл байлгаж чадвал гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах бүрэн боломжтой. Нийслэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулна гээд тодорхой заачихсан байгаа. Жишээлбэл, хотын стандарт соёлыг хөгжүүлэх чиглэлээр, Ухаалаг цахим хот, үйлдвэрлэл инноваци, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хөрөнгөө зарцуулна. Төр хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр, хот байгуулалт дэд бүтцийг хөгжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд сангийн хөрөнгийг зарцуулна гэхчилэн нэр бүрчлэн  тодорхой заасан.

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга

Сангийн хөрөнгө нь Нийслэлийн төсвийн бүрдэл хэсэг байна гэдэг нь нийслэлийн төсөвт мөнгө нь сууж явна гэсэн үг шүү дээ. Нийслэл бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиараа нийслэлийн төсвийн нэг хэсэг байна гэдгээ мөн заасан. Дүүрэг бол хөгжүүлэх сантай байж болно. Гэхдээ төсвийн бус, дүүргийн төсөвт тавихгүй гэж байгаа. Өөр бусад эх үүсвэрээр тэр санд хөрөнгө оруулалт татаж болно. Хөрөнгө оруулалт хийх чиглэлээр, журам болон бүх зүйлийг дүүргийн ИТХ батална гэсэн заалт мөн багтсан.

Хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг нийслэлд татах талаар ямар зохицуулалт хуульд туссан бэ?

-Нийслэлийн харьяаны болон оролцоот 30 гаруй аж ахуйн тооцоот газар бий. Өөрөө өөрийгөө санхүүжүүлнэ гэж байгаа ч 70, 80 хувь нь алдагдалтай ажилладаг. Эдгээрт хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг татах, эргээд хувийн хэвшлийнхнийхээ эрх ашгийг хангахад анхаарах нь чухал. Жишээ нь, газар эзэмших шийдвэр гаргалаа гэхэд түүнийгээ өөрчлөхгүй байх, олгосон тусгай зөвшөөрлөө цуцлахгүй байх, тусгай зөвшөөрлийг хялбаршуулсан журмаар олгох, тухайн байгууллагын ажиллах цагийн хуваарийг уян хатан шийдвэрлэх гэдэг ч юм уу, хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллээр заавал хангах гээд аль болох хөрөнгө оруулалтыг татах заалтууд орж байгааг онцломоор байна. 

Хувийн хэвшлийн  компаниуд Улаанбаатар хотын аль нэг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар ч гэдэг юмуу аль нэг салбарт хөрөнгө оруулж хамтарсан компани болоод явах боломжийг бий болгож өгсөн. Хувийн хэвшлийн оролцоотой болоход менежментийн засаглалын хувьд зөв компани болоод гараад ирдэг. Хэдэн төлөөлөгчдийн, эсвэл дарга нарын тавьсан ажилтан тэнд дарга болоод сууж байдаг төрийн байгууллагын байдаг л нэг загварыг эвдэх хэрэгтэй. Харин хувийн хэвшил ороод 10, 20 хувийг нь эзэмшээд явбал өөрсдийн менежментээ оруулж эхэлнэ. Ингэж байж л зөв менежменттэй болно. Тиймээс энэ их зөв, дэвшилттэй болсон гэж дүгнэж байгаа.

Хуулиар Нийслэлийн Засаг даргын эрх мэдлийг нилээн өндөр болгосон. Энэ талаар та бодол?

-Нийслэлийн Засаг дарга хуулийн төсөл санаачлахаас бусад асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулж, хэлэлцүүлж болно гэсэн заалт орсон. Энэ бол том эрх л дээ. Хуулийн төслийг санаачилдаг Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар гэсэн гуравхан субъект бий. Бусад асуудлаарЗасгийн газрын тогтоол, шийдвэрийн төслийг Нийслэлийн Засаг дарга санаачлах эрхтэй болж байгаа юм. Засгийн газрын хуралдаанд өөрөө оролцоно. Өөрөө хуралдаанд тухайн асуудлыг танилцуулна, хэлэлцүүлнэ.

Одоо бол Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга агентлагийн дарга нарын хамт асуултад хариулаад сууж байдаг. Нийслэл Улаанбаатар хоттой холбоотой асуудалд аль нэг сайд өмнөөс нь  танилцуулдаг. 

Одоогийн хуулиар Засгийн газрын тогтоолын шийдвэрүүдийн төслийг өөрөө бэлдэж, өөрөө танилцуулж хэлэлцүүлдэг болж байгаа нь Засгийн газрын гишүүнтэй ижил хэмжээний статусыг эзэлж байна шүү дээ. Энэ бол өөрийн асуудлаа Засгийн газрын хуралдаанд оруулж шийдүүлэх маш том боломж гэсэн үг. Хуучин хуулиудад Нийслэлийн Засаг даргын эрхийг голдуу сайдын хэмжээнд тавьдаг байсан. Харин Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар энэ удаа нэлээн тодорхой болгож өгснөөрөө онцлог.

Хуулийн 22.1.4-т Засгийн газарт санал тавина. Засгийн газрын хуралдаанд оролцоно. 22.1.6-т Нийслэл хотыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг санаачилна. Санал дүгнэлт өгнө. Хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг хүснэ. Ерөнхий сайдтай шууд харилцана” гэх мэтээр оруулж Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээг өндөр болгож өгсөн. Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30.3-т Нийслэл нь чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах өмчийг хуульд заасны дагуу дүүрэгт шилжүүлж болно, эсвэл дүүргээс шилжүүлэн авч болно гэж бий. 

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын ажил үүргийг хуулиар тодорхой болгож өгч чадсан уу?

-Нэрний хувьд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гээд хоёр албан тушаалын нэршилтэйгээр явж байгаа. Тэгэхээр Нийслэлийн захирагчийнхаа хувьд доороо ажлын албатай. Ажлын албаны дарга нь Ерөнхий менежер гэдэг бүтэцтэй байдгийг  нийслэлд хэвээр нь хадгалсан. Харин хотын Ерөнхий менежерийн эрхийг тодорхой болгож өгсөн. Ерөнхий менежерт шилжүүлж болох эрхүүдийг нь тодорхой зааж өгсөн. Үүгээрээ хуулийн бичилтийн технологийн хувьд тодорхой бичилт болж чаджээ гэдэг нь харагдаж байгаа юм. Бусад улсуудын хувьд Нийслэлийн Засаг дарга гэдэг нь тусдаа байдаг. Засаг дарга нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Ерөнхий сайд нь томилдог. Нөгөөх нь МЭР буюу иргэдээсээ сонгогддог хувилбар байдаг. Тэр нь хотын Ерөнхий менежерийн хийж байгаа ажлыг хийдэг.

Уг нь Үндсэн хуульд оруулсан концепц нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гээд энэ нийлүүлчихсэн болохоос биш хоёр тусдаа  байх ёстой гэдгийг анх бодож хийсэн байдаг. Гэтэл манайх төрийн байгууллагын хувьд нэгдмэл, Ерөнхий сайд гэж бий. Мөн Нийслэлийн ИТХ гэж тусдаа байдаг. Тэгэхээр дахиад нэг Мэрийг иргэдээс сонгох юм уу? Иргэдээс сонгогдсон Хотын дарга нь Нийслэлийн Засаг даргатайгаа хэр ойлголцох вэ? НИТХ, Ерөнхий сайдтай хэр ойлголцох вэ? “Би 1.5 сая хүнээс сонгогдсон” гэхчилэн асуудал үүсвэл яах вэ гэсэр хэвээр нь үлдээчихсэн.

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд орсон нэг том заалт нь Нэгжийн хуулийн 24.1.14-т болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд заагдсан Эрчим хүчний яамны мэдэлд байгаа газуудыг ашиглах, хянах эрх мэдэл Нийслэлийн Засаг даргын эрх мэдэлд шилжиж байгаа?

-Улаанбаатар дулаан, Улаанбаатар цахилгаан болон Хот суурины усан хангамж, ариутгах татуургын үйлчилгээг зохицуулах зөвлөл гэх мэт газрууд Нийслэлийн Засаг даргын мэдэлд ирэхээр харагдаж байна. Нийслэлийн засаг дарга энэ байгууллагуудын барилга байгууламжийг төлөвлөх, ашиглах, хяналт тавина гэж хуульд орсон. Тэгэхээр Улаанбаатар хотын бүх барилга байгууламж орно.

ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЯАМНЫ ХАРЬЯАНД БАЙСАН ЭРХ МЭДЛИЙГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА РУУ ӨГЧ БАЙГАА, ХЭРВЭЭ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН МЭДЭЛД ЭНЭ БҮГДИЙГ БҮРЭН ӨГЧ ЧАДВАЛ САЙН ҮР ДҮН ГАРАХ НЬ ГАРЦААГҮЙ.

Өөр нэг зүйл нь Улаанбаатар хотын хилийн цэс бүсчлэлийг Засгийн газар НИТХ тогтооно гэсэн. Энэ үгний цаана БОАЖЯ-наас давхардуулж өгдөг хэдэн амнуудыг хот өөрийн мэдэлдээ бүрэн авах боломж нээгдэж байгаа юм.

Хот тосгоны эрх зүйг байдлын тухай хуулийн төсөл УИХ аар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа уг хуулиар ямар харилцааг зохицуулж байгаа вэ?

-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөс харахад Улаанбаатар хотоос бусад хот тосгоныг зохицуулна. Улаанбаатар хотыг тусад нь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар улсын зэрэглэлтэй, орон нутгийн зэрэглэлтэй хот гээд 2 ойлголт байгаа.

Улсын зэрэглэлтэй хот гэхээр Дархан, Эрдэнэт гэх мэт аймгаасаа эрх шилжүүлэн авч хэрэгжүүлэх хотуудаа ойлгож болно. Орон нутгийн зэрэглэлтэй хот гэдгийг нь  сумын засаг даргаасаа эрх шилжүүлэн авч хэрэгжүүлэх захирагчтай хотыг ойлгож болохоор байна. Дархан-Уул аймгаар жишээ авахад аймгийн Засаг дарга, ИТХ-тай. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдахаар Дархан хотын захирагч гэж бий болно. Хотын захирагч нь Дархан хотын иргэдээс сонгогдоно.

Нэмээд Дархан хотын иргэдээс сонгогдсон зөвлөл байна. Тэгэхээр Засаг дарга, ИТХ дээр нэмээд Дархан хотын иргэдээс захирагч гэж хүн сонгогдоно, зөвлөлийн гишүүд сонгогдоно. Зөвлөл нь дотросоо зөвлөлийн даргаа сонгоно. Зөвлөлийн гишүүнд улс төрийн намаас нэр дэвшигч дэвшүүлэхгүй гэх мэт сонирхолтой заалтууд их бий.  Засаг дарга нь хотын Захирагчдаа тодорхой эрхийг шилжүүлж болно. Өөрөөр хэлбэл, голдуу аж ахуйн эрхүүдээ шилжүүлэх юм. Дархан хотын цэвэрлэгээ, зам засвар арчлалт, цэцэрлэгт хүрээлэн, хог хаягдал зэргийг төсөвтэй нь хамт захирагч руу өгч болно. Хэрвээ ойлголцоод явбал хэрэгтэй ч үл ойлголцолоос үүдэлтэй ихээхэн маргаан гарах магадлалтай. 

Энэ хуулийн төсөлд захирагчаа иргэд өөрсдөө сонгох талаар заалт байгаа. Энэ талаар?

-Энэ хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэхээр хэрхэхийг тодорхой хэлж мэдэхгүй юм. Бусад улс оронд манай ИТХ  нь Зөвлөл байдаг. Иргэдээс сонгогдож байгаа захирагч Засаг дарга нь ч, захирагч нь ч энэ зөвлөлийнхөө дарга нь байдаг. Жишээлбэл, та иргэдээс сонгогдож,. Зөвлөлийн гишүүдтэйгээ хамт дэвшинэ. Иргэд таныг сонговол Засаг дарга, захирагч, зөвлөлийн даргын албыг хамтад нь хашна. Тусдаа ИТХ, Засаг дарга гэсэн бүтэц байдаггүй. Манайд иргэдийн хурал, Засаг дарга байна гэсэн атлаа нөгөө талд нь аж ахуйн ажил хийж байдаг хүн хэрэгтэй байгаа. Аж ахуйн ажил хийж байдаг хүн нь манайхаар бол Ерөнхий менежер. Дархан-Уул аймагт болохоор Дархан уул аймгийн Ерөнхий менежер иргэдээс сонгогдож байгаа захирагч. Гэхдээ энэ хүн иргэдээс сонгогдох нь байна. Сонирхолтой бүтэц гарахаар байгаа биз.

Хуулийг нарийн үзвэл  иргэдээсээ сонгогдсон захирагчийгаа огцруулах, хариуцлага тооцох эрхийг Засаг даргадаа өгсөн байна. Ерөнхийдөө хамгийн том "хүн" нь тухайн аймгийн Засаг дарга маягтайгаар хийсэн. Тэгэхээр захирагч нь 100 хувь "томрох" боломж багатай. Хэрвээ яг энэ зарчмаараа явж чадвал дэвшилттэй. Иргэдийнхээ дунд нэр хүндтэй иргэдээсээ сонгогдсон захирагч нь иргэнтэйгээ илүү ойр чих зөөлөн байх талтай гэхчилэн авууштай зүйл, заалт олон бий. 

Сургууль цэцэрлэгийн эрхлэгчдийг орон нутгийн Засаг дарга томилж байгаа учраас улстөржөөд байна гэсэн шүүмжлэл байдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Би үүнтэй санал нийлдэггүй. Учир нь нэгжийн хуулийн гол зарчим нь төсөв мөнгө бүх зүйлийг нь байж болох доод нэгжид субсидар зарчмын дагуу өгч байна шүү дээ. Энгийнээр яривал, Сүхбаатар дүүрэгт төрийн 35 цэцэрлэг, 24 сургууль байдаг. Энэ бүх цэцэрлэг, сургуулиудын ашиглалтын зардлыг бүгдийг нь дүүрэг хариуцдаг. Хоёрдугаарт, дүүргийн Засаг дарга гэдэг тухайн дүүрэгтээ төрийг төлөөлж байгаа засаг төрийн төлөөлөгч. Үүнээс гадна субсидар зарчмаар байж болох хамгийн ойр нэгжид эрх мэдлийг хуваарилах зарчмаар шат шатны засаг дарга нар нь сургууль цэцэрлэгийн эрхлэгч захирлуудаа томилоод явдаг хувилбар нь зөв.

Иргэдэд хамгийн ойр байх төрийн үйлчилгээ бол эмнэлэг, сургууль, цэцэрлэг. Гэтэл эдгээр байгууллагын даргыг нь Засаг дарга нь мэдэхгүй байж болохгүй. Хуучин Засаг даргаас өөр хүн томилдог байсан. Гэхдээ тэр нь хөрсөн дээрээ олигтой буудаггүй юм. Засаг дарга сургуулийн захирлыг сонгохдоо мэргэжлийн байгууллагын сонгон шалгаруулалтад орсон хүнийг томилдог хууль журамтай шүү дээ.

Одоо байгаа хуулиар нийслэлийн боловсролын газар сонгон шалгаруулалт явуулж, санал болгосон хүнийг нь дүүргийн Засаг дарга томилдог. Орон нутаг маш олон байгууллагатай. Татвар, Мэргэжлийн хяналт ,Бүртгэл  гэх мэт. Дээрээс нь боловсрол нь "босоо" байх юм гэнэ. Аймгийн, дүүргийн Засаг даргад ямар эрх үлдэж байгаа юм бэ? Орон нутгийн Засаг даргад томилох эрх мэдлийг нь хэвээр хадгалах гэдэгтэй би санал нэг байдаг. 

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 3