богино мэдээ New

"Өлгий нутгийн хөгжлийн төлөө зөвлөл"-өөс түрүүлсэн харваачийг хоёр өрөө байраар шагнана

Монгол Улсын хэмжээнд хамгийн олон харваачидтай хэмээгддэг тус аймгаас урьд өмнө нь энэ хэмжээний дэмжлэг үзүүлдэггүй байв..

Сэтгүүлч Л.Баатархүү

  Тун удахгүй болох Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмын сурын харваанд Баян-Өлгий аймгийн харваач түрүүлсэн тохиолдолд хоёр өрөө байраар шагнахаар болжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн ястан угсаатны өв соёл, уламжлал гээд олон талт үйл ажиллагааг явуулдаг “Өлгий нутгийн хөгжлийн зөвлөл”-өөс “Өлгийн мэргэчүүд” ТББ-тай хамтран энэхүү шийдвэрийг гаргасан байна. Мөн тус аймгийн харваачдыг нэгдсэн бэлтгэлд гарах боломжоор хангасан аж. Харваачид удахгүй бэлтгэлд гарах талаар удирдах зөвлөлийн гишүүн, “Өвөг урианхай сур”-ын холбооны тэргүүн Х.Болдбаатар онцоллоо.

Дашрамд дурьдахад Баян-Өлгий аймгийн харваачид жил бүр Урианхай, Буриад сурын харваанд түрүү, Үндэсний сурын харваанд зургаан жил дараалан дэд, эхний таван байрт шалгарч аймаг, орон нутгийнхаа нэрийг гаргасаар иржээ.

Монгол Улсын хэмжээнд хамгийн олон харваачидтай хэмээгддэг тус аймгаас урьд өмнө нь энэ хэмжээний дэмжлэг үзүүлдэггүй байв. Бөхийн барилдаанд улсын начин цол хүртсэн бөхчүүдэд л тодорхой дэмжлэг үзүүлж байснаас төрийн наадамд олноороо жил дараалан ийм өндөр амжилт гаргаж буй харваачиддаа аймгийн удирдлагаас “Ганц баярын бичиг” ч өгдөггүй талаар нутгийн иргэд шүүмжилсээр ирсэн.

Дээрх томоохон ажлуудыг санаачлан харваачдаа онцгой дэмжиж буй “Өлгий нутгийн хөгжлийн зөвлөл”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Нурбект талархаж буйгаа харваачид илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 4