богино мэдээ New

Б.Энхболд: "Бүх зүйлийг улсын хөрөнгөөр хийнэ" гэж улайрдгаас болж л манай улс хөгжихгүй байгаа юм

Төлөөлөгчийн үүргээ биелүүлэхгүй байгаа бол тухайн тойргийн сонгогчдын олонхийн саналаар төлөөлөгчдийг эгүүлэн татна гэсэн байгаа..

  -Энэ хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хороо өөрийн төсөвтэй болно-

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэл ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл энэхүү хуулийн шинэчлэлийн асуудлаар Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболдтой ярилцлаа.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг анхан шат руу чиг үүргийг шилжүүлчихсэн сайн хууль боллоо гэж дүгнээд байгаа. Энэ хуулийн шинэчлэлд гар бие оролцоод явж байсан хүний хувьд ерөнхийд нь дүгнээд хэлбэл хэр сайн хууль болсон гэж харж байгаа вэ?

-2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр УИХ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Концепцийн хувьд Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэг дээр байгаа нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна гэдэг зарчмыг барихыг хичээсэн байна. Гэхдээ асуудалтай зүйлүүд байгаа.

Сайн болсон гэх заалтуудаас нь дурдвал хороодын асуудал байна. Өнөөдөр Улаанбаатар хот, нэмэгдсээр байгаад 172 хороотой боллоо. Цаашдаа ч хороодыг нэмж байгуулах шаардлага бий. Учир нь зарим хороодын оршин суугчдын тоо ихсээд ирэхээр иргэд төрийн үйлчилгээ авахаас эхлүүлээд асуудал үүсдэг.

Энэ хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хороо өөрийн төсөвтэй болно.

Өөрөөр хэлбэл, дүүрэг тухайн жилийнхээ төсвийг батлахдаа хорооны төсөв гэж тусад нь баталж өгөх заалт орж ирсэн нь маш зөв шийдэл гэж харж байгаа. Одоо бол дүүргүүд хорооны төсөв гэж тусад нь баталдаггүй. ЗДТГ талдаа төсөв батлаад, тухай бүрд нь хороодоо санхүүжүүлээд явдаг.

Тэгэхээр төрийн үйл ажиллагааг анхан шатанд нь буюу иргэдэд нь хүргэх нэгжид тодорхой хэмжээний эрх мэдэл очиж байна гэсэн үг.

Ер нь төрийн анхан шатны буюу хамгийн бага нэгжид нь тодорхой эрх мэдлүүдийг хуваарилах замаар иргэдэд төрийн үйлчилгээг чанартай хүргэх чиглэлээр олон ажил хийгдсээр ирсэн.

Тухайлбал, хорооноос авдаг төрийн үйлчилгээг нэмэгдүүлэх талаар олон жил ярьж байна. Тиймээс энэ үүднээсээ бол хороодыг төсөвтэй болгох заалт их чухал заалт болсон. Мөн хороон дотор хэсгийн зохион байгуулалттай байна гэж заасан байсан. Хэсгийн хуваарийг хүн амын суурьшил, өрхийн тоог харгалзаад дүүргийн ИТХ тогтооно гэсэн байгаа. Тухайлбал, манай Сүхбаатар дүүргийн ИТХ энэ хууль хэрэгжээд эхлэхтэй зэрэгцээд 20 хороон дотроо хэсгийн хуваарь гаргаж батлах нь. Энэ нь төрийн үйлчилгээг иргэдэд ойрхон хүргэх гэсэн л хэлбэр гэж харж байна.

-Иргэд төлөөллөөрөө буюу төлөөлөгчөөрөө дамжуулахгүй өөрсдөө шууд ИТХ-аар хэлэлцэх асуудлын дараалалд чухал гэсэн асуудлаа оруулж ирж хэлэлцүүлэх боломж нээгдэж байгаа нь маш дэвшилттэй зүйл юм болов уу гэж харсан?

-Тэгэлгүй яахав. ИТХ гэдэг байгууллага чинь иргэдийн төлөөлөл. Монгол Улсын хэмжээнд 8169 төлөөлөгч байгаа. Төлөөлөгчид иргэдээсээ авсан эрх буюу мандатаараа иргэдээ төлөөлж буй төлөөллийн ардчиллын хэлбэр хоёрын хосолсон зарчим юм. Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах гэдэг үүднээсээ аль болох иргэд рүү эрхийг нь ойртуулах нь зөв.

Өнгөрсөн хугацаанд нэлээд шүүмжлэл дагуулсан зүйл нь иргэд төлөөллөө сонгочихдог, төлөөлөгчид нь эргээд иргэдтэйгээ харьцдаггүй гэх асуудал их яригддаг байлаа. Тиймээс иргэд төлөөлөгчөөрөө дамжуулахгүй өөрсдөө хэлэлцэх асуудал оруулж ирэх зэрэг заалтууд орж ирсэн нь зөв.

Үүнээс гадна иргэд тухайн тойргийнхоо сонгогчдын 50-аас дээш хувийн сонгогчдын гарын үсэг цуглуулаад, сонгосон төлөөлөгчөө эгүүлэн татдаг процесс ч орж ирж байгаа.

-УИХ-ын гишүүнийг бодвол төлөөлөгчийн тойрог жижиг. Тэгэхээр төлөөлөгчийг эгүүлэн татах асуудал маш хялбар болчихсон бололтой. Төрийн тогтворгүй байдал гэдэг чинь жинхэнэ үүсэх магадлалтай юм биш үү?

-Практик дээр яаж хэрэгжихийг нь харах хэрэгтэй. Миний хувьд хариуцлага гэдэг зүйл байх ёстой. Энэ ч үүднээс төлөөлөгчийг эргүүлэн татах асуудлыг эерэг талаас нь харж байгаа.

Тухайн төлөөлөгч “Би хариуцлагатай ажиллахгүй бол иргэд маань гарын үсэг цуглуулаад эгүүлэн татаж болох юм байна шүү” гэдгийг иргэдийн шат шатны төлөөлөгчид ойлгож л байх ёстой.

Сөрөг тал нь юу юм гэхээр улс төрийн аль нэг хүчин тухайн төлөөлөгчид дургүй байдлаасаа болоод иргэдэд буруу мэдээлэл өгөх замаар гарын үсгийг нь цуглуулаад, эгүүлэн татах процесс явахыг үгүйсгэхгүй. Гэхдээ 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжээд эхлэхээрээ төлөөлөгчдийг илүү хариуцлагатай болгох байх гэж эерэг талаас нь харж байгаа. Хэт улс төр ороод ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн байна гэдгийг олонх болсон нам нь буруу тайлбарлаад, иргэдээс авсан төлөөлөгчийн мандатад нь халдахгүй байна гэх баталгаа бас байхгүй. Буруугаар ашиглаад эхэлбэл энэ заалт эцэс төгсгөлгүй маргаан дагуулна.

-Төлөөлөгчийг тойргийн сонгогчдын олонхийн саналаар эгүүлэн татна гэхээр ойролцоогоор хэчнээн хүний саналаар эгүүлэн татаж болно гэсэн үг үү?

-Төлөөлөгчийн үүргээ биелүүлэхгүй байгаа бол тухайн тойргийн сонгогчдын олонхийн саналаар төлөөлөгчдийг эгүүлэн татна гэсэн байгаа.

НИТХ-ын нэг төлөөлөгч 10 мянган сонгогчдоос сонгогдсон гэж бодохоор 5000 мянган хүнээр гарын үсэг зуруулах нь байна. Сүүлийн үед хэн нэгний нэр хүндийг унагадаг муухай тактик дэлгэрсэн байна.

Тэр зарчмаар хэн нэгэн төлөөлөгчийг эргүүлэн татахын тулд үнэн, худал нь хамаагүй сөрөг мэдээлэл цацаж, сонгогчдынх нь тархинд муу хүн гэдэг мэдээлэл суулгачхаж байна. Сонгогчид тэр мэдээлэл яг үнэн үү, шүүхээр түүнийг гэм буруутайг тогтоосон эсэхийг тэр бүр нягтлаад байдаггүй. Тиймээс санаатай цацсан худал мэдээлэлдээ тулгуурлаад төлөөлөгчийг эргүүлэн татах саналд гарын үсэг зурчихсан хойноо “Өө манай төлөөлөгч сайн ажиллаж байсан байна шүү дээ” гээд хэлээд зогсож байхыг үгүйсгэх газаргүй.

Дүүргийн төлөөлөгч бол бүр цөөхөн сонгогчийн гарын үсгээр эргүүлэн татах нөхцөл байдал үүснэ. Зарим төлөөлөгч 2500-3000 мянган сонгогчтой тойргоос сонгогдож байгаа төлөөлөгчид олон байдаг. Тэгвэл тухайн төлөөлөгчийг 1500 хүний гарын үсгээр л эгүүлэн татах боломж бүрдэхээр байгаа юм. Энэ асуудал УИХ дээр ч яригддаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ч орсон.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна хариуцлагатай болгох гэж байгаа гэхээр сонсоход их гоё. Гэтэл Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал гэдэг чинь 76 гишүүн сайн, муу байхаас үл хамаараад парламент оршин тогтнож байх ёстой.

Бүрэн эрхийн хугацаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд өөрчлөгдөж болно. Хууль зөрчөөд байгаа хүмүүсийг хамгаалж буй хэрэг биш. Буруу хүмүүсийг хаацайлаад байгаа ч хэрэг биш. Тэгэж байж улс чинь тусгаар тогтнол гэдэг зүйлээ хадгалдаг. Тэгэхгүй бол хэн дуртай нь иргэдээр гарын үсэг зуруулаад л парламентын гишүүдийг сугалаад байх юм бол асуудал үүсэх болно. Тэгвэл төлөөлөгчийг эгүүлэн татах асуудал ч ялгаагүй. Энэхүү хуульд энэ мэтээр хэт улстөржөөд, буруугаар ашиглах юм бол маш хортой байхаар олон заалт орсон байна.

БҮХ ЗҮЙЛИЙГ УЛСЫН ХӨРӨНГӨӨР ХИЙХ ГЭЭД БАЙДАГ БОЛОХООР Л

МАНАЙ УЛС ХӨГЖИХГҮЙ БАЙНА

-Хуулийн шинэчлэлийг батлах үеэр орон нутагт эдийн засгийн хэт том эрх мэдэл өгөх гээд байна гэх шүүмжлэл их байсан. Үнэт цаас гарах, концессын гэрээ хийх зэрэг эрх мэдэл очсоноор орон нутагт хөгжил авчрах том түлхэц болж чадах болов уу?

-Үнэт цаас гарах, концессын гэрээ хийх зэрэг асуудал нь аймаг, нийслэлтэй хамааралтай асуудал. Гэхдээ энэ заалт цоо шинэ зүйл биш. Үнэт цаас гаргах, концессын зүйлийн жагсаалт батлах тухай зэрэг эрх өмнө нь нийслэлд байсан. Харин Үнэт цаасны хуулиас нэг хасагдаад, нэг нэмэгдээд л яваад байсан зүйл.

Түүнээс хэн нэгэн цоо шинээр гаргаад ирсэн гэвэл өрөөсгөл ойлголт. Харин сая Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15.1.6 дугаар заалтад хуульд заасан үндэслэл журмын дагуу концесс болон үнэт цаас гаргах асуудлыг аймаг, нийслэлийн ИТХ дэмжсэнээр Засгийн газар шийдвэрлэнэ гэж оруулсан. Одоо үүний дагуу Үнэт цаасны тухай хуульд, Өрийн удирдлагын тухай хууль зэрэг холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт хэрхэн орсноос энэхүү заалт хэр хэрэгжих нь тодорхой болно. Энэ бол маш зөв заалт. Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын тал нь амьдарч байна.

Тэгээд ч хот өөрөө эдийн засгийн хувьд чадавхтай байх хэрээр иргэдийн өдөр тутамд тулгараад буй олон асуудлыг шийдвэрлэж чадна.

Улаанбаатар хотод төвлөрдөг орлогоос ихээхэн хэмжээний орлогыг нь улс дээш нь татаад авчихдаг. Гэтэл Улаанбаатар хот өөрөө тулгамдаад байгаа асуудлуудаа шийдэх гэхээр төсөв мөнгө нь хүрэлцдэггүй асуудал байнга тулгардаг.

Тухайлбал, явган хүний зам талбай, цэцэрлэгт хүрээлэнг хангалттай бий болгох, хог хаягдал, зам болон гүүрэн гарц гээд байнга тулгамдаад байгаа асуудлуудаа шийдэх гэхээр төсөв нь хүрдэггүй. Өмнө нь “Гудамж төсөл” –ийн хүрээнд нийслэлд олон сайхан бүтээн байгуулалт хийгдсэн.

Б.Энхболд

Гэтэл тэр төсөл бондын хөрөнгөөр улсаас оролцож буюу улс, хот хоёр ойлголцож явж байсан ажил. Тэгэхээр өмнө нь байсан энэхүү заалтыг сэргээсэн нь зайлшгүй чухал асуудлын нэг байсан. Уг нь концесс гэдэг чинь тийм муу муухай зүйл биш шүү дээ. Засгийн газар ч концесс гаргахаар цаана нь хэн нэгэнд давуу эрх олгож, зарим албан тушаалтан авилга авсан зэрэг асуудал яригдсаар манай улсад л их муу нэртэй болчихсон.

Гэтэл концесс гэдэг чинь дэлхий нийтэд байдаг маш зөв жишиг. Концесс гэдэг үгийн цаана олон жил ярьж байгаа төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хөгжих асуудал юм.

Дэлхийн бусад хотууд яаж хөгжсөн юм бэ гэхээр хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллаж чадсанд л учир нь байгаа. Хувийн хэвшлээрээ замаа тавиулаад, замыг нь тухайн барьсан компани нь замын хураамж авах замаар өөрийн гаргасан зардлаа нөхөөд, эргээд замаа хотдоо хүлээлгэж өгөх зэргээр хөгжиж байна. Гэтэл манай улс бүх зүйлийг улсын хөрөнгөөр хийх гээд байгаад л хамаг учир байна.

-Орон нутагт өмчийн эрхийг өгч, эдийн засгийн хувьд иргэдийн өдөр тутамын амьдралд тулгамдаад байгаа асуудлуудаа шийдвэрлэж чадахуйц боломжийг олгосон гээд байгаа. Анхан шатанд санхүүгийн ямар эх үүсвэрүүд гарч ирэхээр байгаа вэ?

-Хуулийн төслийн санаачлан батлуулсан гишүүдийн ярьж байгаагаар орон нутагт аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг өгнө гэсэн байсан. Энэ бол чухал шийдвэр. Түүнчлэн газрын төлбөрийн тухайд одоо 40 хувь нь дүүрэгт үлдээд, 60 хувь нь нийслэл рүү явж байгаа.

Тэгвэл хууль санаачлагчдын хэлж байгаагаар 100 хувь дүүрэгтээ үлдэхээр заасан байсан. Мөн анхан шатандаа хувь хүний орлогын албан татвар, үл хөдлөхийн албан татварууд 100 хувь үлдэнэ гэсэн. Нийслэлд хэд үлдэх, дүүрэгт хэд үлдэх юм. Дагалдан гарах хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа яг энэ хэвээр нь үлдээх хэрэгтэй. Аль болох орон нутагтаа, дүүрэгтээ эрх өгсөн заалтуудыг оруулаасай гэж бодож байна.

Нэгэнт л анхан шатанд эрх мэдэл өгөх гэж байгаа бол эдийн засгийн хувьд ч хөгжих боломжийг ч мөн өгөх л хэрэгтэй.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын сайн тал нь энэ мэт дурдах зүйлүүд байгаа ч нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчимтай харшилж мэдэхээр заалтууд байх шиг байна. Ялангуяа Засаг даргын томилгооны болон огцруулах асуудал нэлээн яригдаад өнгөрсөн. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд учир дутагдалтай ямар зүйл заалтууд байна гэж харж байгаа вэ?

-ИТХ-ын төлөөлөгчдийг хариуцлагатай болгох гээд л оролдоод байгаа хэлбэр л дээ. Батлагдсан хуулийн 43 дугаар зүйл дээр ИТХ-ын төлөөлөгчид хүлээлгэх хариуцлага гээд хурлын төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, хурлын дэгийг зөрчсөн, эсвэл үйл ажиллагаагаа хуульд заасны дагуу тайлагнаагүй бол хурлаас хариуцлага хүлээлгэхээр байгаа.

Тухайлбал, эхлээд сануулах, хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асуух, үг хэлэх эрх, асуудал оруулах эрхийг тухайн хуралдааны хугацаанд хасна. Санал хураалтаас бусад үйл ажиллагаанд оролцох эрхийг тухайн хуралдааны хугацаанд хасах буюу санал хураалтад оролцож болох ч үг хэлэх, санал хэлэх эрхгүй болно гэсэн заалт оруулсан. Тухайн төлөөлөгч хариуцлагатай байгаад, олонхоороо баталсан хуралдааны дэгээ баримтлаад, хурлын дарга ч гэсэн аль нэг төлөөлөгчийнхөө эрхийг хааж, боохгүй хамтын ойлголцлын зарчимтай байх юм бол энэ заалтууд асуудал тарихгүй.

Харин ямар үед эдгээр заалтууд асуудал тарих вэ гэхээр хэт улстөржсөн хурлын даргатай болох, цөөнхийн зүгээс тухайн хуралдааныг улс төржүүлэх гэж оролдох, ямар ч үнээр хамаагүй хэлэлцэж байгаа асуудлыг дэг зөрчиж эсэргүүцэх, хуралдаанд саад болох, олонхийн зүгээс цөөнхийн үгийг сонсохгүй хүч түрэн асуудлыг шийдэх зэрэг асуудал гарсан тохиолдолд асуудал тарих л заалтууд.

Гол нь нэг төлөөлөгчийн асуудал биш. Тухайн төлөөлөгчийг сонгосон олон мянган сонгогчдын эрхийг шууд хааж байгаа л нэг хэлбэр.

Миний хувьд хурлын дарга гэдэг хуралдааны дэг сахиулах үүрэгтэй. Нийт төлөөлөгчдийн дарга нь гэхээсээ илүү нийт төлөөлөгчдийн зохицуулагч нь л гэж хардаг. Түүнээс би эд нарын дарга учир босс гэдэг талаас нь харвал шинэчлэгдсэн хууль буруу хэрэгжинэ. Харин хурлын дарга өөрийгөө зохицуулагч гэж хараад төлөөлөгчидтэйгөө хандах юм бол энэ заалтууд тийм асуудал үүсгэх заалт биш. Тэгэхээр хурал удирдаж байгаа хүний ур чадвараас их зүйл шалтгаалах болно.

-Хэт улс төржилт гэснээс улс төржилтийг багасгах үүднээс төлөөлөгчид улс төрийн байр суурь илэрхийлэхгүй байх, бүлэг байгуулахгүй байх зэрэг асуудал орж ирсэн гэсэн. Төлөөлөгчид тэртээ тэргүй улс төрийн намаас нэр дэвшиж, төлөөлөгч болдог байтал энэ мэт зохицуулалт хийгээд улс төржилт багасчихна гэж байх уу?

-Энэ заалт нь зөвхөн сумын төвшинд байгаа. Уг нь анх ажлын хэсгийн төвшинд нийслэл, аймаг, дүүрэг, сум гээд бүх төвшинд намын бүлэг байхгүй байхаар ярьж байсан. Гэхдээ одоохондоо амьдрал дээр хэрэгжих боломж бага байна гээд сумын төвшинд болгосон. Уг концепц нь бол зөв. Өөрөөр хэлбэл, анхан шатанд буюу сумынхан хоёр намд хуваагдчихсан. Эхнэр, нөхөр хоёр хүртэл хоёр өөр нам болоод хуваагдчихсан байдаг.

Сумын ИТХ нь дандаа ах, дүү, хамаатан садан, нэг ангийнхан болчхоод байна гэх шүүмжлэлийг маш их сонсож байгаа. Сүүлийн арван жил энэ асуудал байнга хөндөгдөж байгаа учир амьдрал дээр яаж хэрэгжихийг харах л хэрэгтэй. Миний хувьд “бодит байдал нь ийм байна. Энэ хууль хэрэгжихгүй” гэж хэлэхээсээ илүү “ийм байх ёстой” гэж байж тухайн асуудал нэг алхам ахих ёстой гэж хардаг. Тэгэхгүй бол яг байгаа байдлаараа “ийм л байдаг” гээд тэр байдалдаа дасаад, хүлээн зөвшөөрөөд байж болохгүй. Тиймээс энэ заалт ямар ч байсан сумын төвшинд улс төржилтийг багасгах үүднээс л оруулсан заалт. Мэдээж наанаа намын бүлэг гэж байхгүй ч цаана нь нам оролцоотой явах нь ойлгомжтой.

-ИТХ-ын төлөөлөгчид зөвхөн нэг шатандаа төлөөлөгч байхаар буюу “давхар дээл”-гүй болж байгаа гэсэн үү?

-Одоо бол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нь НИТХ-ын төлөөлөгч, Сумын төлөөлөгч нь аймгийн төлөөлөгч байж болохоор байгаа. Тэгвэл 2022 оноос өөр шатны ИТХ-ын төлөөлөгч байхыг хориглосон. Тиймээс тухайн төлөөлөгч зөвхөн нэг шатандаа л нэр дэвшихээр болж байгаа юм. Энэ зөв зүйл. Тухайн төлөөлөгч сонгогдсон шатныхаа л ажлыг хийнэ гэсэн үг. Гэхдээ энэ цоо шинээр оруулаад ирсэн зүйл бас биш. Өмнө нь байсныг хэсэг хугацаанд байхгүй болгоод, одоо буцаагаад зөвхөн нэг шатандаа төлөөлөгч байхаар оруулж ирж л байгаа зүйл.

ИТХ-ыг тараах оруулсан заалт нь Үндсэн хууль зөрччихсөн

-ИТХ-ыг татан буулгадаг болж байгаа юм уу. Хэн ИТХ-ыг тараах эрхтэй болж байгаа юм бол?

-Одоо бол ИТХ-ын төлөөлөгчдийн олохи нь тарах шийдвэр гаргавал тарна гэдэг зохицуулалттай байгаа. Тэгвэл шинэчлэгдсэн хуулиар өөр хэн нэгэн субъект ИТХ-ыг тараадаг болж байгаа юм билээ. Тус хуулийн 36 дугаар зүйл дээр ИТХ-ын бүрэн эрхийн хугацаа дараах тохиолдолд хугацаанаасаа өмнө дуусгавар болж болно.

Үүнд ИТХ-ын нийт төлөөлөгчдийн олонх нь хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж санал оруулаад, нийт төлөөлөгчдийн 3.2-оос доошгүй хувь нь дэмжсэн тохиолдолд тарах заалт нь хэвээрээ. Үүн дээр нэмээд анхдугаар хуралдааныг товлон зарласнаас хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдааныг хуралдуулж, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлаа шийдвэрлэж чадаагүй бол, хуульд заасан хугацаанд төсвөө батлаагүй түүнчлэн хуралдаан зарлаж, товлосон хугацаанаас хойш хуралдахгүй 60-аас дээш хоног өнгөрсөн бол тухайн хурлыг аймаг нийслэлийн Засаг даргын санал оруулснаар, Засгийн газар тараах шийдвэр гаргахаар байна.

Би энэ заалтад жаахан шүүмжлэлтэй хандаж байгаа. Учир нь хурлыг тарааж болно гэж оруулж ирсэн субъектууд нь өөрөө буруу байгаа юм. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн ИТХ-ыг тарах шийдвэрийг нийслэлийн Засаг дарга санал оруулаад, Засгийн газар шийдвэрлээд тараах нь байна.

Энэ бол нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэнд шууд халдаж байгаа заалт. Үндсэн хуулийн цэцэд нэг хуульч гомдол гаргахад л энэ заалт Үндсэн хууль зөрчсөн заалт болно. Мэдээж анхдугаар хуралдаанаа хуралдуулж чадахгүй хугацаа алдаж, хариуцлагагүй байгааг зөвтгөж буй хэрэг биш. Төрийн ажил гацаж байгаа нь буруу юу гэвэл буруу. Тиймээс энэ асуудлыг өөр аргаар шийдэж болохоор байхад иргэдээс сонгогдчихсон ИТХ-ыг хэдхэн шалтгаан дурдаад л тарааж болно гэж байж болохгүй зүйл.

Тараах санал оруулах эрх бүхий нийслэлийн Засаг дарга гэдэг чинь нийслэлийн ИТХ-аас сонгогдсон субъект хэрнээ яагаад иргэдээс сонгогдсон хурлын байгууллагыг тараах санал оруулж ирдэг юм бэ.

Яагаад болохгүй талаар бүр тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр байгаа. НИТХ-аас дүүргийн ИТХ-ын гаргасан гаргасан шийдвэрт хориг тавьдаг заалт байсныг Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзээд хүлээгээд авчихсан. Тиймээс дээд шатны ИТХ-аас дүүргийн ИТХ-ын шийдвэрт хориг тавих эрх байхгүй. Энэ чинь тусгай эрх эдлэх гээд байгаадаа биш.

Цаанаа нутгийн өөрөө удирдах байгууллага буюу газар нутаг, нутаг дэвсгэр гэдэг ойлголт яваад байгаа юм. Сүхбаатар дүүргийн өөрийнх нь иргэд өөрсдийнхөө эрхийг эдлээд 35 хүнд төлөөлөх эрх өгчихсөн. Тиймээс энэ 35 хүний эрхийг сонгосон иргэдээс нь өөр хэн нэгэн шийдэж болохгүй гэдэг нутгийн өөрөө удирдах байгууллагын концепц явж байгаа. Үндсэн хуулийн цэц ч тэгэж үзсэн учир НИТХ-аас дүүргийн ИТХ-ын шийдвэрийг хүчингүй болгож болохгүй. Товчхондоо дүүргийн ИТХ-ын босс нь иргэд болохоос биш НИТХ биш л гэсэн үг. Хууль хэрэгжээд эхлэхээр нэлээн маргаан тарих заалт болно энэ заалт.

-ИТХ-ын Тэргүүлэгчид гэдэг албан тушаал бараг хийх ажилгүй хүмүүс байдаг хэрэг үү. Яагаад шинэчлэгдсэн хуулиар Тэргүүлэгчид гэдгийг байхгүй болгож байгаа юм бол. Өөр огт байхгүй болж байгаа ямар албан тушаал байна вэ?

-ИТХ-ын чөлөөт цагт Тэргүүлэгчид тодорхой шийдвэрүүд гаргадаг. Гэтэл Тэргүүлэгчдийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр аваад хаячихсан. Улмаар нэгжийн тухай хууль дээрээ Тэргүүлэгч гэж байхгүй болгоод, 5-7 хүний бүрэлдэхүүнтэй ИТХ-ын зөвлөл байгуулахаар байгаа. Тухайн зөвлөл нь ИТХ-ын бүрэн эрхэнд хамаарах асуудлаар бие даан шийдвэр гаргахгүй юм билээ.

Миний бодлоор Тэргүүлэгчид гэж байхгүй бие даан шийдвэр гаргах чадамжгүй зөвлөл гэж байхаар нэг мөсөн аваад хаячихсан бол гэж хараад байгаа. Бодит амьдрал дээр нэгдсэн хуралдааны чөлөөт цагт Тэргүүлэгчид хуралдаад тодорхой асуудлууд шийдэх шаардлага байдаг. Тухайлбал, шагналд тодорхой иргэдийг уламжлах, төрийн дээд холбогдох байгууллагаас ирсэн шийдвэрүүдийг ёсчилж гаргах, зарим нэг өмч хөрөнгийг балансаас баланс руу шилжүүлэх, бүртгэж авах гэх мэт деталь олон шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй байдаг.

Гэтэл шинэ хуулиар тэр болгоныг нэгдсэн хуралдаанаар орох хэрэгтэй болж байна. Нэг талаасаа НИТХ-д сонгогдсон 45 төлөөлөгчийн эрхийг 11 Тэргүүлэгч гэх хүн булаагаад байна гэдэг үүднээсээ ийм зохицуулалт хийсэн байж болох. Нөгөө талаасаа улстөржилт улам л ихсэх болно. ИТХ-ын Төлөөлөгчид хурал хийх бүрд тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой болон холбоогүй улс төржиж тухайн хурал гацах, асуудлаа шийдэж чадахгүй сунжрах тохиолдол их гардаг. Тэгвэл энэ хэрээр төрийн ажил гацна л гэсэн үг.

Үндсэндээ ИТХ-ын зөвлөл гэдэг нь ямар ч шийдвэр гарахгүй зүйгээр л ажлыг хэсэг шиг зүйл болоод хувирчихсан байгаа юм. Энэ зөвлөлийн ажиллах журмыг УИХ батлах юм билээ. Тиймээс журмыг батлахдаа энэ асуудлыг тооцож үзээд зөвлөлийг тодорхой хэмжээний шийдвэр гаргах чадамжтай болгох нь зөв. Тэргүүлэгчидийг зөвлөл гэсэнтэй адил Иргэдийн нийтийн даргыг хуралдаан даргалагч гэж сольсон байсан.

Хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга нар шинэчилсэн хуулиар байхгүй болоод, хуралдаан даргалагч гэсэн үг орж ирсэн байсан. Гэтэл хороо болгонд Иргэдийн нийтийн хурлын дарга гэдэг хүн байгаа. Засаг даргын цалингийн тодорхой хувиар урамшуулал аваад явдаг. Үндсэн хуулийн концепц нь Иргэдийн нийтийн хурал гэдэг бол иргэд тухайн үедээ хуралдаад л асуудлаа шийдээд тардаг юм.

Гэтэл Иргэдийн нийтийн хурлын дарга гэдэг хүн байнга цалин аваад яваад байдаг тогтолцоог байхгүй болгох гэж оролдсон юм шиг байна. Уг нь Иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулахад Иргэдийн нийтийн хурлыг дарга нар тодорхой хувь нэмэр оруулдаг. Тиймээс энэ мэт заалтууд хэр оновчтой болсон нь хэрэгжээд эхлэхээр л мэдэгдэх байх даа.

-Ярилцсанд баярлалаа. Тун удахгүй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд эхлэх гэж байна. Дараагийн удаа таниас тус хуультай холбоотой ярилцлага авч болно биз дээ?

-Тэгэлгүй яахав. Баярлалаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 2