богино мэдээ New

"ТЕНДЕР ХАМАГЧ" гэх “шошготой” Б.Батцэцэг сайдын суудалд ЗАЛРАВ

гурван компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт гурван тэрбум, 259 сая төгрөг авсан баримт нь 2020 оны сонгуулийн өмнө олон нийтэд дэлгэгдсэн. Уг тендерүүдийн 90 орчим хувийг Дэд сайдын албан тушаал хашиж байхдаа авсан байдаг аж..

 Сэтгүүлч С.Зулцэцэг

  Өчигдөр /2020.01.29/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний танхимд ажиллах сайд нар томилогдож, батламжаа гардаж авцгаасан. Шинэ сайд нарын хэн нь хэн бэ гэдэг прогноз сошиал медиад хүчтэй өрнөж буй. Энэ удаад бид Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн талаарх мэдээллийг хүргэж байна.

-ДЭД САЙДЫН СУУДАЛД ЗАЛАРЧ, УЛС ТӨРД ГЭНЭТ ОРЖ ИРСЭН ЭМЭГТЭЙ-

  “Мөнхийн Үсэг”-ийн Б.Батцэцэг гэх тодотголтой эмэгтэй 2016 онд Гадаад харилцааны яамны Дэд сайдын суудалд заларснаар улс төрд гэнэт орж ирсэн. Хөшигний ард улс төрийн хүрээнийхэн түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн гэдэг. 

Тэрбээр “Мөнхийн үсэг”, “Аз хур” зэрэг хувийн компаниудаа толгойлж байгаад 2010 онд МАХН-ын ажлын албанд зөвлөхөөр орж улстөрд орох нүхээ малтсан гэж хэлэхэд буруудахгүй. Өнгөрсөн 2011 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан намтартай.

Харин 2020 оны УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн асан М.Билэгтийг "жийж" Баянхонгор аймагт нэр дэвшсэн ч өвдөг шороодсноор Дэд сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байдаг. Ийнхүү хагас жилийн дараа шат ахин сайдын суудалд дахин эргэн ирж байна.

Гадаад харилцааны сайд Батцэцэг

-ДЭД САЙДЫН СУУДАЛД СУУСНААР ОРЛОГОО ЗУРГАА ДАХИН ӨСГӨЖ ЧАДАВ-

   Б.Батцэцэг гэх энэ эмэгтэй 2015 онд жилийн 18 сая төгрөгийн орлого олдог тухайгаа мэдүүлсэн байна. Харин үүнээс хойш буюу 2016 онд жилийн 91 сая төгрөг, 2017 онд жилийн 92 сая төгрөг, 2018 онд жилийн 111 сая төгрөгийн орлого олсон тухайгаа мэдүүлжээ. Нэг үгээр хэлбэл, дэд сайдын албанд томилогдсноос хойших хугацаанд түүний жилийн орлого зургаа дахин нэмэгдсэн гэсэн үг. Түүнчлэн гэр бүлийн гишүүдийнх нь орлого ч өссөн гэж байгаа. Тодруулбал, түүний гэр бүлийн гишүүд 2016 онд жилийн 14 сая  төгрөг, 2017 онд 62 сая төгрөг, 2018 онд 71 сая төгрөгийн орлого олжээ.

-ДЭД САЙД БАЙХДАА 41 ТЕНДЕРТ ЯЛЖ, ГУРВАН КОМПАНИАРАА ДАМЖУУЛАН ТӨРӨӨС 3.2 ТЭРБУМ ТӨГРӨГ АВЧЭЭ-

   Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Мөнхийн үсэг”, “Монголын үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх гурван компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт гурван тэрбум, 259 сая төгрөг авсан баримт нь 2020 оны сонгуулийн өмнө олон нийтэд дэлгэгдсэн. Уг тендерүүдийн 90 орчим хувийг Дэд сайдын албан тушаал хашиж байхдаа авсан байдаг аж. Улмаар тэрбээр төрөөс төрсөн тендерчин, концессчид, мөнгө хүүлэгчдийн нэг гэж цоллуулахдаа хүрч “Тендер хамагч” гэх “шошго” зүүсэн юм.

Эцэст нь “Ард түмний үнэлгээг авч УИХ-д сонгогдож чадаагүй хүн улс төрийн томоохон албан тушаалд орж ирдэг шударга бус тогтолцооны дагуу орж ирж байгаа нь харамсалтай байна” хэмээн олон нийт дурамжхан байна.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 9