богино мэдээ New

Зээл+Зээл+бас дахин зээл 233 сая ам.доллар

Товчхондоо уг орж ирэх мөнгөний гол зарцуулалт нь нийгмийн хамгааллын чиглэлээр төсвийн зардлыг санхүүжүүлэх гэнэ..

-Халамжид зарцуулна-

Тоймч Л.Баатархүү

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр бас нэгэн зээлийн эх үүсвэр, хэлэлцээрийг баталлаа. Тодруулбал, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллагаас /ЯОУХАБ/ 25 тэрбумын иень буюу 233 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээтэй 15 жилийн эргэн төлөлтийн хугацаатай зээл.

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”гэдэг нэртэй уг төслийн хүрээнд орж ирэх зээл нь Монгол төгрөгөөр өнөөдрийн ханшаар тооцвол 670 тэрбум орчим болно.

Товчхондоо уг орж ирэх мөнгөний гол зарцуулалт нь нийгмийн хамгааллын чиглэлээр төсвийн зардлыг санхүүжүүлэх гэнэ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд авч хэрэгжүүлсэн аж ахуй нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгжийг орлогын албан татвараас чөлөөлөх, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдээс хувь хүний орлогын албан татварыг авахгүй чөлөөлөх, хүүхдийн мөнгө олгох зэрэгтэй холбоотой арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах аж. Зээлийн хүү нь жилийн 0.01 хувь, эргэн төлөлтийн эхний дөрвөн жилд үндсэн зээлийг төлөхгүй.  

Зарим гишүүд “Энэ мөнгийг Олон Улсын Валютын Сан”-тай /ОУВС/ хэрэгжүүлэх хөтөлбөрийн үргэлжлэл мөн эсэхийг лавлаж байлаа.

Хариуд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ мөнгө зөвхөн ковид-19 цар тахлын асуудалд л зарцуулна. ОУВС-ийн хөтөлбөртэй холбоогүй” гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Доржханд “Иймэрхүү урт хугацаатай бага хүүтэй зээлийг эрэлхийлж төсвийн зарлагаа нөхөх байдлаар ажиллах нь оновчтой. Ирэх оны төсвийн халамж руу чиглэсэн бодлого 90 хувьтай байгаа шүү дээ. Ажлын байр хадгалах, бий болгох тал руу бид илүү анхаарах шаардлагатай” хэмээв.

Манай улс өнгөрсөн хугацаанд маш олон төрлийн зээлийн эх үүсвэрээр төсвийн орлогоо нөхөх, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж барих зэрэгт зарцуулж буй.

Хамгийн гол нь гаднаас авч байгаа зээлүүдийг буцаад өсөж орж ирэх биш барилга барих, нийгмийн халамжийн чиглэлээр гол төлөв ашиглаж буй нь эрдсэлтэй байна. Өчнөөн тэрбумаар тоологдох хөнгөлөлттэй зээл авлаа л гэдэг яг хаашаа, яаж, юун зарцуулагдаад, ямар үр дүн гарч буй үр дүн тун хомс, уусаад алга болох мэт үйл явц болдог нь нууц биш. Түүнээс бус зээлийг ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэл барих, өргөжүүлэхэд зарцуулах нь хамгийн оновчтой үйлдэл болох нь мэдээж.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0