богино мэдээ New

"ЦОРЖ" лам бусдыг залилдаг болоо юу?

Хамаг амьтны тусын тулд үйл хэрэг бүтээгч лам нар 17.000 төгрөгийн үнэ бүхий сургааль номлолынхоо үнийг хөөрөгдүүлж, хэдэн арав дахин нэмж худалдаж бизнес хийж байгаа нь лам хүний ёс суртахуунд үл нийцэх юм..

Лам мөнгө угаадаг болоо юу?

  Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

  Арван цагаан буяныг дэлгэрүүлж, арван хар нүгэлийг тэвчиж хамаг амьтны тусын тулд хэмээн сахил санваар хүртэж лам болсон хэнийг ч болов олон түмэн дээдлэн хүндэтгэж, сүсэглэж ирсэн.

Гэвч сүүлийн үед арван цагаан буяныг дэлгэрүүлэгч бус арван хар нүгэлдээ автан шунаж, сүсэгтэн олныхоо итгэлийг хөсөрдүүлж, эд мөнгө, бэл бэнчин харж ном хуран, хөрөнгөжин суух лам нар олширч байгаа нь харамсалтай.

Тэр ч бүү хэл бусдын зовлон дээр дөрөөлж, сүсэгтэн олны сэтгэлээрээ өгч байгаа "зүйл" хэмээн халхавчилж, эд хөрөнгө завших асуудал газар авсаар байна.

Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд хүссэн болгон нь лам болж болохоор зохицуулагдсан байдаг. Аливаа иргэд аймаг, нийслэлийн ИТХ-даа хүсэлт гаргаад  сүм хийд байгуулах боломжийг хүртэнэ.

Энэ асуудалд шашны төв байгууллагийн зүгээс хяналт тавих механизм байхгүй учраас лам дээл өмссөн эрдэм номгүй, ёс суртахуун, хүнлэг, энэрэнгүй чанараа уландаа гишгэн, эд мөнгөнд шунасан лам нар ихээхэн бий болж нийгэмд ёс суртахууныг түгээн дэлгэрүүлэх бус сүсэг биширлийн зан үйлээр нь мунхруулан доройтуулах болов. Тиймээс уг асуудалд авах арга хэмжээ, хариуцлагыг бий болгох нэн шаардлагатай байна. Үүнийг яагаад хууль эрх зүйгээр зохицуулж болохгүй гэж. Хууль санаачлагч, хууль тогтоогч нар анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ.  

Лам нар залилагч болжээ

  Монгол улсын хувьд төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх зарчимд үндэслэн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

Лам гэх нэрийн дор бусдыг хууран мэхлэх, сүсэг бишрэл дээр нь дөрөөлж хөрөнгө мөнгө завших, зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй байх, шашин номын үйлээрээ түрий барьж ёс суртахуунгуй үйлдлүүд гарган сүсэгтэн олон иргэнийг хохироосоор байна.

Хэдий лам хүн байсан ч бусдын л адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг, тэр ч байтугай олон түмний итгэлийг хүлээж, буян үйлийг дэлгэрүүлж илүү хариуцлагатай, илүү ёс суртахуунтай байх учиртай. Гэвч бурханлаг үйл хэрэг ярьж цээжээ дэлдэн, иргэний үүргээ ухамсарлахгүй аливаа төрийн байгууллагын үйл ажиллагаанаас зугатан дайжиж, хариуцлагаа ухамсарлахгүй байгаа нь харамсалтай.

Тухайлбал, “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн тэргүүн, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Цорж лам Г.Буяндэлгэр бусдаас зээлсэн мөнгөө өгөхгүй, удаа дараа худал хэлэх, хуурч мэхлэх амлалт өгч шүүхийн дуудсан цагт очихгүй зэрэг ёс зүйгүй авирлаж зугтсаар өнөөдрийг хүрсэн талаар бидэнд эх сурвалж мэдээллээ.

Тиймээс санаатай зугатаж байгаа тул эрэн сурвалжлахаас өөр аргагүйд хүрч байгааг дээрхи хохирсон иргэн хэлж байв.

Мөн сүүлийн үед лам нар өөрсдийн нэр хүндээ өсгөж, бизнесээ өргөжүүлэхийн тулд улс төрийн хүчнийхэнтэй холбоо сүлбээ тогтоож, улс төржин ард түмэнд шахалт үзүүлж, элдэв тахилга хийх, ном хурах, хандив цуглуулах гэх мэтээр ард түмний тархийг угаах байдал газар авлаа. Нөгөөтэйгүүр шашны ёс жаягыг улс төрийн эрээ цээргүй эрх ашигт хутгалдуулж, төрийн сайдыг огцруулах хүртэл ном уншиж байгаа нь сүсэгтэн олныг доромжилж, шашны нэр хүндийг унагасаар байгаа нь даан ч харамсалтай.

Ганжуур судрыг 17.000 төгрөгөөр үйлдвэрлээд  87.000 төгрөгөөр

зарж мөнгө угааж, хувийн бизнесдээ ашигласаар байх уу?

  "Ганжуур" буюу "Зарлигийн орчуулга" нь 1161 зохиолыг багтаасан 108 боть бөгөөд хүн төрөлхтөн, юмс үзэгдлийн холбоо хамаарал хийгээд сансар ертөнцийн зүй тогтлыг хэрхэн танин мэдэж, зөв замаар замнан оюуны хөгжлийн дээд түвшинд хүрч болдог тухай номлосон Бурхан багшийн хамаг сургаалын чуулган юмсанж.

Эрт үеэсээ сүслэн дээдэлж ирсэн уг номлолыг эмхэтгэн, орчуулж олон түмэндээ хүргэж байна гэх нэрийн дор тоотой хэдэн лам нарын хэтэвчийг түнтийлгэж, цэвэр аргаар мөнгө угаах бас нэгэн бизнесийн цэцэглэж буй арга байна.

Уг асуудал нь мөн л олон түмний сүсэг бишрэлийг далимдуулан мөнгө угааж буй хэлбэр юм.

Хамаг амьтны тусын тулд үйл хэрэг бүтээгч лам нар 17.000 төгрөгийн үнэ бүхий сургааль номлолынхоо үнийг хөөрөгдүүлж /87.000 төгрөгөөр худалдаалдаг/ хэдэн арав дахин нугалсан ашиг хийж байгаа нь лам хүний ёс суртахуунд үл нийцэх юм.

Лам нар шашны байгууллагуудад "шахааны бизнес" хийж байна

 Шарын шашины урсгал өргөжин тэлж, жил бүр шинээр бүртгүүлэх шашины байгууллага нэмэгдсээр байна. Гэвч цөөн тооны эрх мэдэлтэй лам хуврагууд шашны сургуулийн эрх мэдлийг гартаа авч дээл хувцас, ном сурах бичиг гэх мэт хэрэгцээт зүйлээр нь хангах нэрийдлээр шахааны бизнес явуулсаар  байна.

Бурханы хэдэн сургааль, номлолыг түүвэрлэн сийрүүлж хэвлэн гаргаад, өөрсдийн нэрийг цохож, ном туурвисан гэж ярьж явдаг нь энүүхэнд. Гэвч тэрхүү өөрсдийн гаргасан номоо өөр бусад шашны байгууллага, сурагчиддаа шахан борлуулж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хөрөнгөжиж буй лам нар цөөнгүй байна.

Лам нарын ёс зүй болон хариуцлагын асуудлыг хөндөж анхааралдаа авч зохицуулалт хийхгүй л бол энэ мэтчилэн цөөн тооны лам нарын хувийн бизнесийг өргөжүүлж, сүсэгтэн олон хохироож шашны нэр хүндийг унагасаар байх нь ээ.