богино мэдээ New

Урианхай сурын УАШТ маргааш эхэлнэ

"Өвөг сур" гэгддэг Урианхай сурын Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ маргааш Улаанбаатар хотноо эхэлнэ. Тус харваанд оролцохоор Монгол Улсын өнцөг булан бүрээс одоогийн байдлаар 300 орчим харваач хүрэлцэн иржээ..

Сэтгүүлч Л.Баатархүү

   "Өвөг сур" гэгддэг Урианхай сурын Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ маргааш Улаанбаатар хотноо эхэлнэ. Тус харваанд оролцохоор Монгол Улсын өнцөг булан бүрээс одоогийн байдлаар 300 орчим харваач хүрэлцэн иржээ. Энэ жилийн УАШТ "Өмнөх жилүүдээс өргөн цар хүрээтэй болно" гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. Мөн өнөөдөр 16:00 цагаас техникийн зөвлөгөөн болж, маргааш баг харваагаар эхлэх юм байна. 

   Нэг баг дасгалжуулагчтайгаа нийт 12 хүнтэй оролцох аж. Зарим аймаг, клубууд 2-3 багтай оролцож буй юм. Харин цуваа харваа буюу ганцаарчилсан үзүүлэлт гаргах харваа ирэх ням гаригт болно. Уг төрөлд 30 сум харваж, 22, 23 оносон харваачид спортын дэд мастер,  24-өөс дээш оносон харваач спортын мастер цол, түрүүлсэн нь Улсын аварга харваач болох дүрэмтэй. 

     Дашрамд дурьдахад урианхай сурыг "Зөвхөн эрчүүд харавдаг, дайн байлдааны төрлөөс хамгийн анх тоглоом наадмын төрөл болон үүссэн өвөг сур" хэмээн судлаачид бүтээлдээ дурьджээ. Харвах зайн хувьд 40 метрт хоёр өтвөгний дундах 350 грамм цул суран байг онож арын өтвөгийг давуулснаар оноонд тооцно. Онох бай нь хүнд учраас нь нумны хувьд хатуу тэр хэрээр харваачын эрхийний цэц, идийг шаардсан байдаг аж. Нөгөөтэйгүүр урианхай сурыг нумт зэвсгийн анхны төрөл болох хавчаахай нум мөн эвэр нумаар харавдаг онцлогтой. 

Харвааны удирдамжтай энэхүү холбоосоор танилцана уу. 

Уншигч та бүхэнд Монгол сурын сүлд дуу Хамаг Монголын харваа уран бүтээлийг хүргэж байна.