богино мэдээ New

Хятад улс агаарын тээврээр Америкийг гүйцнэ

Хятадын засгийн газар 2020 он дуустал 74 онгоцны буудлыг шинээр барих эсвэл сэргээн засварлаж, жилд 720 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөөд буй. .

Бэлтгэсэн Б.Золзаяа

  Хятад улс ирэх 2022 онд агаарын тээврээр Америкийг гүйцэх зорилт тавиад байна. Үүнтэй холбоотойгоор тус улс нисэх онгоцны буудлууддаа онцгой анхаарал хандуулж эхэлжээ.

Хятадын засгийн газар 2020 он дуустал 74 онгоцны буудлыг шинээр барих эсвэл сэргээн засварлаж, жилд 720 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөөд буй. Үүнээс энэ онд ашиглалтад орох Бээжин хотын “Дашин” олон улсын нисэх онгоцны буудал онцгой анхаарал татаж байгаа юм. Одоо байгаа Бээжин хотын нисэх онгоцны буудал бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа хэдий ч онцгой нөхцөлд нислэг нэмэх боломжгүй болжээ. Өнгөрсөн онд тус онгоцны буудлын гурван терминалаар 95 сая хүн зорчсон нь дэлхийн хэмжээнд хамгийн олон хүн зорчсон онгоцны буудлуудаас хоёрдугаар байр эзэлсэн юм. 

“Дашин” онгоцны буудлын загварыг нэрт Заха Хадид гаргаж байгаа бөгөөд 97 хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй юм байна. Онгоцны буудал 2025 он гэхэд хамгийн багадаа 72 сая зорчигч, хоёр сая тонн ачаа, 100 сая зорчигч, дөрвөн сая тонн ачааг жил бүр тээвэрлэх зорилт тавьжээ. Онгоцны буудлыг 11.5 тэрбум ам.долларын өртөгтэйгээр 2014 оноос эхлэн барьж буй бөгөөд одоо 40 мянган хүн ажиллаж байгаа юм. “Таван хошуу” хэмээн нэрлэгдээд буй энэхүү онгоцны буудал зорчигчдыг нааш цааш явах явдлыг багасгах зорилт тавьсан аж. Тиймдээ ч хаалга, шалган нэвтрүүлэх хоорондын зай 600 метрээс илүүгүй байх юм байна. Түүнчлэн Тянь Ань Мэний талбайгаас 50 км зайтайн дээр хотын түгжрэл ихтэй хэсгээс хол байрлахаар төлөвлөжээ.