Малын тоо өссөн ч махны экспорт буурчээ


2015-01-13 10:24:42 0

Малын халдварт болон онц аюултай өвчнүүдийн гаралт ч буурахгүй байна.  

Онцгой байдлын ерөнхий газраас хамгийн сүүлд мэдээлснээр Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Булган аймгийн Рашаант, Увс аймгийн Улаангом суманд мал, амьтны галзуу өвчин энэ сарын 7-нд бүртгэгджээ.

 

Малын гоц болон халдварт өвчнөөр мал нь өвдсөн сум, баг, өрхөд ноос, нолуурын урамшуулал олгохгүй байх, хүүхдийг нь их сургуулийн төлбөрийн хөнгөлөлтөд хамруулахгүй олгохгүй байх зэрэг хариу арга хэмжээ авах шаардлагатай байна.

Нөгөөтэйгүүр бид ОХУ-ын Уралаас урагших бүс нутгаас өөр улсад үхрийн мах экспортлоогүй байна. Энэ нь мах экспортлох орнуудынхаа тоог нэмэх буюу гадагшаа гарах гарцаа олшруулах шаардлагатайг харууллаа.

Өнгөрсөн намар БНХАУ-ын дарга манай улсад айлчлах үеэр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Хятадад татваргүй, хэмжээ харгалзахгүй экспортлохоор тохиролцсон. Гэвч одоог хүртэл энэ яриа ажил хэрэг болоогүй.

Бээжин хотод болсон хоёр орны Хөдөө аж ахуйн яам хоорондын ажлын хэсгийн зургадугаар хурал, хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын Дэд сайдын түвшний ажил хэргийн уулзалтаар зүүн аймгуудад шүлхий, малын гоц халдварт өвчингүй тайван бүс бий болгож, мах экспортлох боломжийг бүрдүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хил дамнасан малын халдварт өвчинтэй тэмцэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцож, хурлын протокол байгуулсан байдалтай л сууна.